Монголын спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Биеийн тамирын дээд сургуульд эхэллээ. Энэ тэмцээний талаар Монголын хүүхэд, залуучуудын спорт авиралтын холбооны тэргүүн олон улсын хэмжээний мастер Д.Батжаргалтай ярилцлаа.
-Энэ жилийн улсын аваргад хэдэн байгууллагын тамирчин оролцох вэ?
-Энэ удаагийн улсын аваргын тэмцээнийг уулын спортын ууган мастеруудын нэг Я.Жанцангийн нэрэмжит болгон зохиож байгууллаа. Тэмцээнд 16 байгууллагын 130 гаруй тамирчин оролцож байна. Энэ жилээс хөдөө орон нутгийн тамирчид түлхүү орж байна. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд хурд, техникийн төрлөөр өрсөлдөнө. Насны ангиллаас хамаарч хугацаа болон гадас хоорондын зай өөр байдаг.
-Манай тамирчдын авирдаг хиймэл хад нь стандартад нийцдэг үү?
-Олон улсын спорт авиралтын ханан хадны гадасны зай, өндрийн хэмжээ жил ирэх тусам өөрчлөгддөг. Гэтэл бид 20 шахам жил ашигласан ханан хадандаа бэлтгэлээ хийсээр л байна. Хуучирч актлагдах болсон ханан хаданд энэ жилийн улсын аваргыг зохиож байна. Манай спорт авиралтын шигшээгийн тамирчид гол бэлтгэлээ энэ хананд хийдэг. Гэтэл манай ханан хадны өндрийн хэмжээ стандарт хэмжээнээс хоёр дахин бага байна. Ийм хананд бэлтгэл хийсэн уулчдын ачаалал авах, сэтгэлзүйн даван туулах чадвар муу бэлтгэгддэг. Энэ спорт 2020 оны олимпийн хөтөлбөрт орох магадлалтай төрлийн нэг болоод байна. 2020 оны олимпийн хөтөлбөрт өрсөлдөж буй долоон спортоос одоогийн байдлаар спорт авиралт эхний гуравт орсон байна лээ. Энэ спортыг хөгжүүлэхэд төр, засгийн дэмжлэг их чухал. Хэрэв төрөөс анхаарч хэрэглэл материал авах талд дэмжвэл манай тамирчид тивийн тэмцээнд төвөггүй түрүүлнэ. Цаашлаад дэлхийн аваргаас медаль авах боломжтой. Спорт авиралтаас салбарласан уулын авиралтын дөрвөн төрөл байдаг юм. Үүний нэг нь мөсөн авиралт. Энэ спорт ирэх жил ОХУ-ын Сочид болох өвлийн олимпийн хөтөлбөрт орчихлоо. Харин бид хэрэглэл материалтайгаа зууралдсан хэвээр байна.
-Спорт авиралт манай оронд хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?
-Спорт авиралт манай оронд 1971 оноос эхлэн хөгжсөн. Тэр үед хотын аварга шалгаруулах нэрээр анх үүссэн гэдэг. Тодорхой шалтгааны улмаас хэдэн жил завсарласан юм билээ. Харин энэ спортод элэгтэй хэсэг хүмүүсийн буянаар 1990 онд дахин сэргэж анхдугаар улсын аваргаа тухайн онд зохиосон юм.
-Дасгалжуулагч, шүүгч нарыг сургах нь чухал байх?
-Манай холбоо дэлхийн спорт авиралтын холбоотой хамтран олон улсын зэрэглэлтэй хоёр шүүгчийг уриад байна. Тэд өнгөрсөн сард манай оронд ирэх байсан юм. Тэдний зардлыг манай тал шийдээгүйн улмаас түр хугацаагаар хойшилсон. Шүүгч бэлтгэх сургалтад хөдөө орон нутгийн 20 гаруй шүүгчийг оруулах бодолтой байна. Ингэснээр спорт авиралт хөдөө орон нутагт жигд хөгжих боломжтой. Тэд мэргэжлийн дасгалжуулагчийн сургалтад мөн хамрагдах юм.
-Өнгөрсөн онд танай тамирчид ямар амжилт гаргав?
-Урд хөршид зохиогдсон Азийн цомын тэмцээнд 34 орон оролцсон. Тэднээс манай баг 26 дугаар байр эзэлсэн юм. Хоёр тамирчин шигшээ наймд үлдэж чадсан. Манай тамирчид 8.5 метрийн хананд бэлтгэл хийдэг. Олон улсын стандарт хана нь 18-20 метр байдаг. Энэ мэт зөрүү манай тамирчдын амжилтад нөлөөлдөг.
-Энэ удаагийн улсын аваргад түрүүлсэн тамирчдыг ямар тэмцээн хүлээж байгаа вэ?
-Улсын аваргад түрүүлсэн тамирчид олон улсын таван цуврал тэмцээнд оролцох эрхтэй болно. Цуврал тэмцээнүүдэд залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд хурд, техникийн төрөлд өрсөлдөх юм.
-Тавдугаар сарын эхээр зохиогдох спорт авиралтын дэлхийн аваргад манай тамирчид орох уу?
-Спорт авиралтын дэлхийн аваргын ангилал тус бүрт төлөөллөө оруулахыг хүсч байна. Энэ тэмцээний дараа спорт авиралтын олон улсын шүүгчийн семинар болно. Түүнд спортын мастер Д.Анхболд, залуу тамирчин Б.Ариунболд, Г.Ганзориг С.Түвшинтөр, А.Жангар нар явна.
-Спорт авиралтыг хөгжүүлэхийн тулд хэрэглэл материалыг сайжруулах хэрэгтэй байх?
-Манай холбооны хамгийн чухал асуудлын нэг энэ болоод байна. Бид хананы стандарт хадтай болох талаар Дэлхийн спорт авиралтын холбоонд хүсэлт гаргасан. Тэд үйлдвэрийн үнээс хямд үнийг санал болгосон. Харин үлдэгдэл хөрөнгийг хаанаас шийдэхийг мэдэхгүй байна. ОУХМ Я.Жанцангийн дэмжлэгтэйгээр энэ спорт өдий зэрэгтэй явна.