Ч.ГАНТУЛГА

Монголын хип хопын ууган хамтлагийн нэг “Дижитал”-ын Г.Эрдэнэбилэгтэй улиран одсон он жилүүд, уран бүтээл, гэгээхэн дурсамжийнх нь тухай ярилцлаа.

-Удаан хүсэн хүлээл­гэсэн “Зүрх рүү” тоглолт үзэгч­дийг нэлээд огшоох шиг боллоо?

-Манай хамтлаг хоёр­ду­гаар сарын 14-нд тог­лосон. Харин энэ тоглол­тоо үзэгчдийнхээ хүсэл­тээр дахин тоглолоо. Үнэ­хээр сэтгэл хангалуун байна. Манай дуунуудыг сонсч өссөн үе үеийн сон­согчид ирсэн. Биднийг хамтлагаа байгуулж, ур­лагийн ертөнцөд хөл тавьж байхад биднийг сонсч, дагаж дуулдаг байсан жаа­­хан хүүхдүүд одоо аав, ээж болчихсон тэдний хүүх­­дүүд бидний дууг сон­соод гүйж байх юм. Цаг хуга­цаа их хурдан юмаа. Нэг л мэдэхэд 14 жил өн­гөр­чихсөн байна шүү.

-Цаг хугацааг 14 жи­лээр ухраавал?

-14 жилийн өмнө би­дэнд хүсэл мөрөөдлөөс өөр юу ч байгаагүй. Анх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн, дуулж бүжиглэх дуртай  хэдэн хүүхэд нийлж бай­лаа. Хаашаа явж, эцэст нь ямар цэгт очихоо ч мэдээ­гүй. Харин үзэгчдийн ха­луун алга ташилт, ах эгч нарын урмын үг бидэнд урагшаа тэмүүлэх хүсэл сэтгэлийг төрүүлсэн. Хүн бүхний итгэлийг даах асар том хариуцлага ирсэн. Олны танил болсон хүмүүс бусдыг манлайлж явах ёстой гэж би боддог. Энэ хариуцлагаа ухамсарлаж, ирээдүйн залуустаа зөв үлгэр жишээ үзүүлэх юм­сан гэж хичээж явна.

-Анх тайзан дээр га­рах­даа юу мэдэрч байв?

-Манай хамтлагийн нэрийг зарлах бүрт сан­дар­даг. Би одоо ч тайзан дээр гарахдаа сандраад бай­даг юм. Тайзны ард үсэрч биеэ халаана. Анх тайзан дээр дуулж байхдаа үгээр хэлэ­хийн аргагүй аз жаргалыг мэдэрч байлаа. Гэхдээ асар том хариуц­лага ирж байгааг мэдэр­сэн. Энэ урлагаас холдох эрхгүй гэдгээ ухаарсан.

-Ганцаараа дуу­лахад ямар байсан бэ. Сандарсан уу?

-Хамтлагаараа дуулах, ганцаараа дуулахад асар том ялгаа байдаг гэдгийг тэр үед л мэдэрсэн. Бид тайзан дээр үргэлж хамт­даа гарч, бие биедээ дэм болж явсан бол яг тайзан дээр ганцаараа дуулах тэр мөчид үнэхээр ганцаард­даг юм билээ. Үзэгчдийн төв цэг болоод, тэднийг зөв зална гэдэг уран бү­тээл­чээс хариуцлага шаард­­­даг. Анх тайзан дээр гарахдаа үнэхээр их сан­дарч байснаа тодхон сана­даг юм. Гэхдээ үзэгчид, хамтлагийн найзууд маань намайг халуун дулаанаар хү­лээж авсан. Чин сэтгэ­лээсээ баяр хүргэсэн. Цааш­­даа ихийг хийх урам өгсөн. Би өөрийгөө тэр хүмүүсийн хүчинд өдий зэ­рэгтэй яваа гэж таларх­даг шүү.

-Хамтлагаараа байхын хамгийн сайхан нь юу вэ?

-Хамтлагаараа бол бүх асуудлаа зөвлөдөг. Олон хүний бодол нийлж, оновч­­той нэг шийдвэрт хүрдэг. Зовбол хамтдаа ша­налж, инээвэл хамтдаа баярладаг тэр л хамгийн сайхан мөч байдаг. Тэн­дээс л хамтлаг байхын мөн чанарыг олж хардаг юм шиг. Ганцаараа бол өөрийн бодол өөртөө зөв гэсэн зарчмыг баримтал­даг. Сонсогчид тэндээс “Дижитал” хамтлагийг биш, зөвхөн хувь уран бүтээлч Эрка г олж хардаг шүү дээ.

-Олон жилийн үерхэл үнэтэй биз?

-Би нөхөрлөлийг цаг хугацаатай холбож ойлго­дог­гүй. Хэдэн жил най­залж байгаа нь сонин биш, хэр чанартай найзалсан нь чухал. Амьдралд олон найз байдаг шүү дээ. Өнөөдөр баярын ширээний ард л тааралдаж, хуурамч нөхөр­лөл ярьсан нөхдүүдийг би найзаа гэж бодохгүй. Амьд­­ралын жаргал зов­лонд хамтдаа байж, унах цагт түшиж, гундуухан явахад сэтгэл сэргээх ур­мын үг хайрлаж, зөв зам руу хөтөлсөн тэр л хүмүүс найз гэж хэлүүлэх үнэ цэнэтэй улс. Манай хамт­лагийг нөхөрлөл хурцал­сан гэж боддог. Бид хамт­даа дутуугаа гүйцээж, дун­­дуураа нөхөж ирсэн. Хэн хэнээрээ дутаж, нэг нэгнээ үгүйлж, амьдра­лын ямар ч үед хамт­ла­гаасаа, нөхөрлөлөөсөө ур­важ яваагүй.

-Хамтлагийнхаа ги­шүү­­дийн зан чанарыг то­дорхойлооч?

-Манай Батука их зөө­лөн хүн, харин Баавар маань хурц, чанга талдаа, Хакугийн хувьд дөлгөөхөн зантай.

-Харин та?

-Миний зан чанарыг хамтлагийн найзууд, ойр дотныхон маань тодор­хойлох байх.

-Олон хамтлаг гарч ирээд л алга болчих юм. Юунаас болдог юм бол?

-Зарим хамтлаг, дуу­чид эдийн засгаас болж уран бүтээлээ орхилоо гэдэг. Гэхдээ мөнгөний төлөө уран бүтээл хий­дэг­гүй юм. Уран бүтээл хүний зүрхэнд байдаг шүү дээ. Өнөөдөр мөнгөгүй ч гэсэн сэтгэл зүрхнээсээ дуулаад явж байгаа бол заавал амжилтад хүрнэ. Манай залуус хамтлаг байгуу­лахыг амархан гэж боддог юм шиг. Тэгвэл тийм амар­­хан биш шүү гэж хэл­мээр байна. Асар их хө­дөлмөр, хүсэл мөрөөдөл, эв нэгдэл хэрэгтэй. Бид хүмүүст танигдахын төлөө ч юм уу, мөнгө олохын тө­лөө “Дижитал”-ыг бай­гуу­лаагүй. Хүсэл мө­рөө­дөлдөө хүрэхийн төлөө, урлагаас сэтгэлийн таа­шаал, аз жаргалыг мэдрэ­хийн төлөө энэ хамтлагийг өөрсдийн хөдөлмөрөөр  цогц­­лоосон юм. Магадгүй мөнгө олж, их зан гаргаж явсан бол манай хамтлаг аль эрт байхгүй болчих байсан биз.

-“Дижитал”-ын “Чамдаа” дуу тухайн үедээ залуусыг байлдан дагуулж байсан шүү. Тийм ээ?

-Би сүнстэй дуу гэж ярих дуртай. Хэлбэр хэм­жээ хөг аялгуунаас гадна сүнстэй болгохын тулд сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй байдаг. Чин сэт­гэлээсээ бүтээсэн уран бүтээл хүний чихэнд биш зүрхэнд хүрэх юм даа.

-Тэгвэл танай хамт­лагийн бүх дуу сүнстэй байх нь ээ?

-Тэгж бодож байгаа бол баяртай байна. Бид үүний төлөө л олон жил хөдөлмөрлөж байна.

-Хип хопын үнэ цэнийг цөөн үгээр тодорхойлооч?

-Хамгийн цөөн үгээр хэлэхэд үнэний урлаг л юм даа. Магадгүй зарим хү­мүүс үг хэл нь ойлгогд­доггүй, хараал хэлсэн хаа­шаа янзын юм бэ гэж бод­дог байх. Гэхдээ хип хоп үргэлж үнэнийг  өгүүлдэг. Нийгмийн дуу хоолой бол­дог. Болж бүтэхгүй байгаа зүй­лийг нийгэмд са­нуулдаг.

-Хип хоп танд юу сурга­сан бэ?

-Маш олон зүйлийг сургасан. Хүн байхын утга учрыг, хариуцлагыг заа­сан. Хип хоп надад баг зүүхгүй амьдрах ухааныг сургасан. Хүн хүнээ хайр­лах, зөвхөн үнэнийг хэлэх зоригийг өгсөн. Миний амьдралд хүсэл мөрөөдлөө биелүү­лэх асар том болом­жийг олгосон.

-Хип хоп шүүмжлэл дагуулдаг. Тэр шүүмж­лэ­лийг яаж хүлээж авдаг вэ?

-Мэдлэггүй шүүмж­лэлийг хэзээ ч хүлээж авдаггүй. Мэдлэгтэй байж, хүнийг шүүмжлэх хэрэгтэй шүү дээ. Бид нэг уран бүтээл хийхийн тулд судалгаа хийдэг. Бодож боловсруулдаг, хүч хөдөл­мө­рөө шингээдэг. Гэтэл хөгж­мийн анхны ойлголт байх­гүй хэн нэгэн юу ч мэ­дэхгүй байж на­майг шүүмж­­лэх гээд до­ромж­лоод эхэлвэл утгагүй шүү дээ.