Цаасан урлал Монголын брэнд

 

Ч.ГАНТУЛГА

“Урлан” булангийнхаа зочноор уран хайчилбарч Торгууд Мэркэд Батжавын Төмөрхуягийг урилаа. Түүнтэй уран хайчилбарын үүсэл хөгжил, онцлогийн тухай сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе.

-Та хэдийнээс уран хайчилбар хийх болсон юм бэ?

-Би геологич мэргэ­жилтэй. Амьдралын шаардлагаар энэ урлаг руу орсон гэж хэлж болно. Намайг мэргэжлээрээ хэд­хэн жил ажиллаж бай­хад нийгмийн шил­жилтийн үе эхэлсэн. Мэр­гэжлээрээ ажиллах бо­ломжгүй болсон. Хүмүүс ганзагын наймаанд явж эхэлсэн надад наймаа хийх авьяас байгаагүй. Тэгээд ч дамын наймаа гэдэг хүн чанаргүй хүний ажил юм шиг санагдсан. Жаахан гарын дүйтэй болохоор тэр чадвартаа найдахаас өөр арга үл­дээгүй. Нэг хэсэг мужаан хийж, лангуун дээр тавьж борлуулж үзсэн. Эхэндээ хүмүүс сонир­хоод авдаг байсан ч сүүлдээ орлого маань буурч эхэлсэн. Хөдөөний залуус ажилгүй бол архи л ууна шүү дээ. Би ажил олж хийхийн тулд хот руу ирсэн юм. Хотод Н.Баатарцогт гэж мундаг хайчилбар хийдэг хүн бий гэж сонсож байсан. Тэр хүнийг олж уулзсан. Энэ үеэс л уран хайчилбарын урлагтай амьдралаа хол­бож явна. Анх багштайгаа уулзахад намайг монгол зураг зур гэсэн даалгавар өгсөн. Гэхдээ удаан зу­раагүй. Ур чадвар хүрээгүй юм. Нэг өдөр багш минь хайч, цаас хоёр өгсөн. Тэр үеэс хойш хоёр жил гаран жижигхэн амьтны дүрс хайчилж, овоо сурсан.

-Анх ямар хайчилбар хийсэн бэ?

-Жижигхэн хайчил­барууд хийдэг байсан. Янз бүрийн амьтны дүрс, цэцэг гээд л. Багшийнхаа хайчилбар хийсэн цаасны үлдэгдэл, өөдсөөр л хайчилдаг байсан. Тэгээд 100 гаруй хайчилбар хий­гээд “Хонгор зул” сонинд зарж эхэлсэн. Нэгийг нь 150 төгрөгөөр өгдөг байлаа. Шүлэгний толгой дээр ч юм уу, өгүүллэгийн дээр харагддаг байсан. Үүний дараагаас хүний хөрөг хайчилж эхэлсэн. Тэрэлж рүү явж жуулчдын хөргийг гурван доллараар хай­чилж эхэлсэн.

Гаднаа хөөрхөн хоёр туслахтай. Тэр үед гадаадын жуулчид гэрийн гадаа дугаарлаад зогсдог байсан.

-Ер нь уран хайчил­барын урлагийг хүмүүс хэр их сонирхдог вэ?

-Нэг хэсэг хэцүү бай­сан. Хүмүүс ойлгодоггүй, үнэлж чаддаггүй байсан шүү. Харин одооноос арай гайгүй болж эхэлж байна.

-Аль улсаас гаралтай урлаг вэ?

-Францаас гаралтай гэж ярьдаг. Хар цагаан дүрсээр хүний хөрөг хайчилдаг байсан юм билээ. Маш хямдхан үнээр гудамжинд суугаад хүний хөрөг хайчилж, амьдралаа залгуулдаг хүмүүс олон  байсан гэдэг.

-Уран хайчилбар манайд хэдий үеэс дэл­гэрсэн бэ?

-Анх 1960-аад оны үед Сандагдарж гуай уран хайчилбарыг оруулж ирсэн гэж үздэг. Тэр үеийн мундаг уран бүтээлч хүн байсан. Хуучны зарим номны хавтсан дээр уран сайхны зөвлөл Сандаг­дорж гээд нэр нь байгаа харагддаг даа. Одоо манай алдартай уран хайчилбарч С.Төрбурам багшийн маань аав байгаа юм. 1960-аад оноос хойш чимээгүй хөгжсөөр өнөөг хүрлээ.

-Уран бүтээлч бүхэн өөр өөрийн арга барилтай байдаг. Та ямар төрлөөр хайчилж байна?

-Би уран хайчилбарын “А” үсгийг Н.Баатарцог багшаараа заалгасан болохоор хайчилбарууд маань багшийнхтай төстэй болчих гээд байдаг тал бий. Тиймээс арай өөр, өөрийн арга барилтай болох гэж хөдөлмөрлөсөн. Одоо цоолборын аргаар  хайчилдаг.

-Цоолбордож хайчилна гэхээр сонин сонсогдож байна шүү?

-Цоолбор гэхээр маш нарийн ажиллагаа, удаан хугацааны хөдөлмөр шаард­даг. Нэг сантиметр ч зөрүүлэхгүйгээр цоол­бор­дож хайчлах хэрэгтэй гэ­сэн үг. Ер нь хай­чилбарын урлаг эрсдэлтэй шүү. Зураач хүний хөрөг буруу зурвал баллуурдаад засчихаж болно. Харин хайчилбарч хүн нэг л буруу хайчилсан бол түүнийг буцаагаад наах боломж байхгүй.

-Тэгвэл мэдрэмж их шаарддаг юм байна?

-Тэгэлгүй яахав. Мэдрэмжтэй, мэдлэгтэй байх нь хамгийн чухал. Хүний нүүрний онцлог, бүтцийг мэдэхгүй бол хөрөг хайчилна гэхэд хэцүү.

-Уран хайчилбарыг хараад байхад монгол ахуй, эмэгтэй хүний төрх давамгайлсан байдаг. Харин таны хувьд дагнадаг төрөл байгаа юу?

-Уран бүтээлч бүхэн өөрийн өнгө аяс, хэв маягтай байдаг. Жишээлбэл Н.Баатарцог багшийн бүтээлийг хара­хад тэр чигээрээ монгол ахуй үнэртдэг. Харин С.Төрбурам багшийн бүтээлүүд монгол хүнийх гэж хэлэхэд хэцүү, маш өвөрмөц, сонин сэтгэлгээ харагддаг. Миний хувьд ан амьтан, байгалийн дүрс хайчилдаг. Багаасаа аргал янгирыг бараг хажуунаас нь харж өссөн болохоор энэ сэдэв амьдралд арай ойрхон санагддаг.

-Хамгийн их цаг ху­гацаа, ур ухаан шаардсан бүтээл чинь юу вэ?

-Бүтээл бүхэн минь цаг хугацааны хувьд сэтгэл дотор минь хэдэн жилийн өмнө бүтчихсэн байдаг. Хорвоогоор дүүрэн хэний ч гар хүрээгүй сэдэв, санаа байна. Надад ч гэсэн бодож санасан зүйл олон байгаа. Өчнөөн жилийн өмнө сэтгэлдээ хайчилчихаад бүтээл болгож амжаагүй яваа санаанууд ч нэлээд бий. Ингээд бодохоор өнөөдөр бодоод маргааш нь хайчилчихдаг урлаг биш шүү.”Сарны сонат” бү­тээлээ хамгийн их бодож, ур ухаанаа шингээж бүтээсэн. “Ням гариг” гэдэг сонин дээр “Сарны сонат” гээд чононы тухай өгүүлэл гарсан байсан. Тэр үеэс л хайчилбар хийх санаа төрсөн. Эхний хайчилбар маань  санаанд хүрсэн бү­тээл болж чадаагүй. Тий­мээс сайн бодож, судалж байгаад жилийн дараа дахиад хайчилсан.

-Та Дархан хотод ажиллаж, амьдардаг гэсэн. Дарханы хүүхдүүд уран хайчилбар сонирхож байна уу. Залгамж халаагаа хэр бэлдэж байна?

-Дарханы уран бүтээлчдийн нэгдсэн “Тэнгэр өөд” гэж холбоо бий. Холбооныхоо нэг өрөөнд уран хайчилбарын дугуйлан хичээллүүлж байгаа. Хүүхдүүдийн хичээл давхцаад нэг л сайн болж өгөхгүй байна. Хүүхдүүд ирдэг юм. Гэхдээ эхэлж сонирхож байгаад шантраад яваад өгдөг. Аргагүй л дээ ажиллагаа маш их, тэвчээр шаарддаг урлаг. Багшаа гар өвдөөд, ядраад байна гээд л. Би хэлдэг юм “Та нар энэ бүхнийг л давчих юм бол мундаг хайчилдаг болно шүү дээ гэж”. Гэхдээ энэ урлагт хайртай, мундаг хай­чилдаг хүүхдүүд нэлээд бий шүү. Соёлын өвийн газраас намайг дуудсан. Монгол хайчилбарыг дэлхийн өвд бүртгүүлмээр байна. Чи ойрын гурван жилд шавь нартай бол гэж үүрэг өгсөн.

-Хайчилбарыг өөр ямар нэгэн улс нэр дээрээ бүртгүүлээгүй байдаг юм уу? 

-Ямар ч улс бүрт­гүүлээгүй байдаг юм билээ. Энэ урлагаа Монголынхоо нэр дээр бүртгүүлчихвэл сайхан л байна. Бас л том бахархал шүү дээ. Надад гадаадын хайчилбарчдын бүтээл сэтгэлд нэг л хүрдэггүй юм. Ур чадварын хувьд дутуу санагддаг. Өөр орны хүмүүс манай хайчил­баруудыг харахаар уулга алддаг шүү дээ.

-Ялгаа нь юу байна?

-Гадаадын хүмүүс тэтгэвэрт гараад, завтай болохоороо уран хайчилбар хийдэг. Хийж байгаа бүтээлүүд нь байшин барилга, унадаг дугуйтай хүн гэх хүрээнд л сэтгэдэг. Харин манай Монголчуудын сэтгэлгээ өвөрмөц шүү дээ.