М.ТИЛЕК

Ирэх тавдугаар сарын 29-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал болно. Уг хурлаар 2020 оны олимпод чөлөөт, сонгомол бөхийн төрлийг оруулах гэдэг асуудлыг хэлэлцэх аж. Олимпийн хөтөлбөрөөс бөхийн спор­тыг хасах тухай ОУОХ-ын шийдвэрийг дэлхий даяараа эсэргүүцэж, янз бүрийн арга хэмжээ зохиогоод байгаа. Бөхийн спортыг дэмжих дээрх арга хэмжээний хүрээнд ганц хөлтэй мөртлөө хүн ямар их тэвчээр, хатуу­жилтай болохыг нотолж чадсан АНУ-ын бөх Энтони Роблсийн спор­тын замнал хувь заяаны талаар өгүүлж байна. 

Энтони Роблс эхээс төрөхдөө ганц хөлтэй байжээ. Гурван настайдаа протез хөл хийлгэжээ. Наймдугаар ангиасаа эхэлж бөхийн спортоор хичээллэж эхэлжээ. Ари­зона муж улсын Мезын дунд сургуульд сурч байхдаа мужийннхаа сурагчдын аварга шалга­руулах тэмцээнд 46 удаа ялалт байгуулж, нэг ч хожигдолгүйгээр хоёр удаа түрүүлсэн байна. Дунд сургуулийн сурагч­дын дэвжээнд зодоглох­доо 129 ялалт авч, ердөө 15 удаа ялагдал хүлээжээ. 2008 оны наймдугаар сард Роблс Аризоны их сур­гуульд элсэн орж, оюутны бөхийн замналаа эхэлжээ. Тэрээр Номхон Далайн бүс нутгийн аварга шал­га­руулах тэмцээнд гурван удаа түрүүлж, 2011 онд 55 кг-ын жинд АНУ-ын оюут­ны аварга болсон аж. Оюутны бөхийн зам­налаа 122 ялалт, 23 ялаг­далтай дуусгасан Роблс ялал­тын­хаа тоогоор Ари­зона муж улсын түү­хэнд найм­дугаар байрт ордог юм бай­на. Их сур­гуулиа тө­гсөөд Энтони олон ний­тэд биеийн тамир, спор­тын та­лаар лекц уншдаг болжээ.