М.ТИЛЕГЕН

Өнгөрсөн сард Гүржийн нийслэл Тбилиси хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн 67 кг-ын жинд Украины Алина Стадник түрүүлсэн аж. Түүний ярилцлагыг хүргэж байна.

-Алина, сүүлийн жи­лүү­дэд Украины эмэгтэй баг Европын аваргааас хамгийн багадаа гурван алтан медаль авч байсан. Харин энэ удаа зөвхөн чи л аваргаллаа?

-Би энэ удаагийн тивийн аваргад түрүүлнэ гэдгээ мэдэрч байсан. 2011 онд Европын аварга шалгаруулах тэмцээний финалд гарсан. Харам­сал­тай нь гэмтлийн ул­маас шийдвэрлэх барил­даанд ялагдсан. Тэгэхэд би Европт түрүүлж болно гэдгийг мэдсэн. Харин энэ удаа хоёр дахь мөнгөн медаль надад хэрэггүй байсан. Одоо миний гол зорилго бол дэлхий, олимпийн наадамд түрүүлэх.

-Хэрэв 2020 оны олимпоос бөхийг хасчих­вал зорилгодоо хүрэхийн тулд чамд яаравчлах хэрэгтэй байна даа?

-Би тэр ярианд итгэх­гүй байна. Бөхийн спорт­гүйгээр олимпийн хөдөл­гөөн үүсэхгүй байсан. Бө­хийн спорт бол хам­гийн эртний олимпийн наад­мын хөтөлбөрөөс эхэлж багтаж ирсэн шүү дээ.

-Тбилист Украины баг цамцандаа “Бөхийн спор­тыг олимпод хадгалж үлдэе” гэсэн уриа бичсэн байсан. Тэр хэний санаа байсан вэ?

-Манай холбооны удирдлага болон дасгал­жуулагчдын санаа байлаа. Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан бүг­дээрээ тийм цамц өмссөн. Бидний тэр санааг бусад орны баг, тамирчид дэм­жиж байсан нь сайхан санагдсан.

-Нөхөрт гарсныхаа дараа хоёр овогтой эмэгтэй тамирчид маш цөөн байдаг. Тэдний нэгт чи багтаж байна?

-Хоёр овогтой дуудах нь буруу. Европын аварга шалгаруулах тэмцээний турш миний овгийг Махиня-Стадник гэж буруу дуудлаа. Би гэрлэс­ний дараа нөхрийнхөө овгийг авч, намайг Алина Стадник гэж дууддаг болсон. Ойрын хугацаанд би Олон улсын бөхийн холбоонд хандаж миний овгийг засахыг хүснэ.

-Стадник гэсэн нэр Украины бөхийн ертөнцөд танигдсан. Гэвч бүгдээрээ тэрхүү нэрийг андуураад байх юм. 2008 оны олим­пийн мөнгөн медальт Андрей Стадник олимпийн хошой медальт Мария Стадниктэй гэрлэсэн. Харин чиний нөхөр хэн юм бэ?

-Миний нөхөр Андрейн төрсөн дүү Роман. Одоохондоо тэрээр төрсөн ах шигээ нэрд гараагүй. Гэсэн ч миний Европын аваргаас хүрт­сэн алтан медалийн тал нь Романтай холбоотой. Тэр намайг үргэлж дэм­жиж, сүүлийн хоёр жил намайг тэмцээнд бэлдэж, дасгалжуулж байна. На­дад янз бүрийн мэх, бө­хийн техникийг сургадаг.

-Мария Стадник Азер­байжан, харин Андрейн эгч Яна Стадник Их Британийн нэрийн өмнөөс зодоглодог. Алина Стадник иргэншлээ солих бодолгүй байгаа юм уу?

-Үгүй. Би эх оронч, зөвхөн Украины нэрийн өмнөөс барилдана. Харин охидыг шүүмжлээд хэрэг­гүй. Иргэншлээ солих шийдвэр гаргахад тэдэнд ямар нэгэн шалтгаан байсан байх.

-Украины чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийг дэлхийн хамгийн хүчтэй төдийгүй хамгийн царайлаг гэж үздэг. Чи үүнийг мэдэх үү?

-Тийм ээ. Тэрхүү яриатай би 100 хувь санал нийлнэ. Бид их царайлаг үндэстэн. Тиймээс чи бөхийн спортыг сонгох уу, гимнастик руу явах уу гэдгээс шалтгаалахгүй.

-Яагаад бөхийн спортыг сонгох болов?

-Тохиолдлоор бөх болсон. Би багаасаа бүжгээр хичээллэдэг байлаа. Гуравдугаар ангид сурч байхдаа манайх хотын өөр дүүрэг рүү нүүх болж намайг дугуйлан руу хүргэж өгөх хүн байхгүйгээс би бүжгээ больсон. Тавдугаар ангид байхдаа манай сургуульд бөхийн дасгалжуулагч ирж секц хичээллүүлж эхлэхэд миний найз намайг тийшээ орохыг ятгасан. Тэгээд л бөхөөр хичээллэж эхэлсэн.

-Танай жинд дэлхийд хамгийн хүчтэй өрсөлдөгчид хэн вэ?

-Дэлхийд хамгийн хүчирхэг нь Азийнхан. Тэгээд Америк, Канадын тамирчид сайн. Дэлхийн аваргын тэмцээнд тэднийг ялахыг хичээнэ.