/1908-1984/

Н.БАТМӨНХ

Сэцэн хан аймгийн Зүүн хязгаарын зах, Тог­тохтөр вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Халхгол сумын нутагт арс­лан Хасын гэрт 1908 оны шороон бичин жил мэндэлжээ. Түүний удам өвөг эцэг Саманд 1850 оны даншгийн заан, Са­мандын хүү Дашдоной 1881 оны даншгийн, аав Хас нь 1903 оны тусгай даншиг наадмын арслан цолтонгууд байлаа. Ийн­хүү эцгийн талаас бөхийн удам Өлзийсайханд дам­жин хүү Эрдэнэ-Очир нь бас улсын арслан цолтой бөх болсон билээ.

Х.Өлзийсайхан арван­долоон настайгаасаа эх­лэн бөхийн хүрээнд багт­сан бөгөөд 22 настайдаа цэрэгт татагдан очиж Там­сагбулагийн цэргийн наад­мын түрүүг анх авс­наас гадна 1932 онд Дорнод аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол авчээ. Тэрээр Халхголын цэр­гийн тавдугаар дивизийн гэсэн нэрээр барилдсаар дараа нь Төв аймагт шил­жин амьдарч байжээ. Х.Өлзийсайхан 1934 оны улсын баяр наадамд анх удаагаа барилдаж 1024 бөхөөс “Боохой” Данзан арслангаар долоо давж 26 насандаа Монгол Улсын заан цол авчээ.

1936 онд 1024 бөхөөс тав давжээ.

1937 онд 896 бөхөөс зургаа давжээ.

1938 онд 1024 бөхөөс тав давжээ.

1940 онд 512 бөхөөс зургаа давж “Харилтгүй зоригт” чимэг.

1941 онд 512 бөхөөс найм давж үзүүрлэж Мон­гол Улсын арслан цолыг 33 насандаа хүртжээ.

1943 онд 512 бөхөөс зургаа адвжээ.

Мөн 1942, 1947, 1951 онд дөрөв, 1948, 1949, 1950, 1955, 1956 онд гурав давжээ. Хамгийн сүүлд 1953 онд хоёр давж бай­жээ. Бас үүнээс гадна бүрэн бус мэдээгээр Төв аймгийн баяр наадамд 1951, 1952 онуудад тү­рүүлж, 1944, 1950, 1957 онуудад үзүүрлэж байсан байна.

Олон үеийн арслан, заан цолтны удам Х.Өл­зий­сайхан арслан нуруу­гаар өндөр биш боловч биеийн харьцаа тэгш, зузаан гуятай, хүч бяр ихтэй, хурдан шаламгай жигд сайхан барилдаан­тай, хүчтэй хонгодож дайр­даг, тэр хүчиндээ хийсэн мэхийг нь хариулахад бэрх өөрийг нь дайрсан, гүйсэн бөхийг дагуулж гуядах, цохих, хав дөрвөл­жин барьцнаас солгой тон­горох, эс бол далав­чилж эргүүлдэг мэхтэй байжээ. Арслан 1956 оноос хойш улсын баяр наадамд зодоглоогүй ч гэсэн өө­рийн хүү Эрдэнэ-Очирыг бөх болгож үе залгамж­луулах гэж ихээхэн чар­майлт гарган наадамд да­гуулж очдог, барилдуул­даг, байнга зааж сургадаг байсаар бөхийн өлзийтэй замын гараанд хүргэсэн юм билээ.