Д.НАДМИД
Монголын Бодибилдинг, фитнесийн холбооноос зохион байгуулсан холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. Уг тэмцээнд хот, хөдөөгийн 11 клубээс шалгарсан 30 гаруй тамирчин 65, -75, +75 кг болон мастер, модель, фитнесс гэсэн зургаан ангилалд өрсөлдөв. Бодибилдинг фитнессийн тамирчид бие бялдар, гоо сайхны ялгарлаараа өрсөлддөг нь спортын бусад төрлөөс ялгагддаг юм. Эрэгтэйчүүдийг долоон ангиллаар шалгаруулахад 65 кг-ын жинд “Чийрэг Монгол” клубын тамирчин Л.Саруулбат түрүүлж алтан медалийн эзэн болов. Тэгвэл -75 кг-д “MGL Power” клубын тамирчин Г.Дорж булчингийн ялгарлаар бусдаас илт илүүрхэж түрүүллээ. Тэмцээний сонирхолтой жин +75 кг-д “Чийрэг Монгол” клубын тамирчин Д.Бат-Эрдэнэ түрүүлж, “Тайхар” клубын З.Мөнхбаатар мөн “Чийрэг Монгол”-ын Н.Сумъяа нар удаалав.
Эмэгтэйчүүдийн модел фитнесс ангиллыг хоёр раундаар шүүж дүгнэхэд “California” клубын тамирчин Ц.Халиун, Б.Оюунгэрэл нар алтан медаль, цомын эзэн болов.
-Энэ жилийн тэмцээнд оролцож байгаа тамирчдын тоо төдийлэн өсөөгүй ч ур чадвар, биеийн хөгжилд ахиц гарч байгаа нь харагдлаа гэж мэргэжлийн хүмүүс нь үнэлж байлаа.