Н.МӨНХСАРУУЛ

Сэлэнгэ аймгийн Ман­дал сумын харьяат хэмээн дуудуулан барил­дах их л хүүхдэрхүү ааш­тай элдэв зангүй сайхан залуу начныг би барил­дахаас гадна сагсны лигт тогловол гэсэн бодол төр­дөг юм. Тэр хэдийгээр Сэлэнгийн харьяат гэж явдаг ч эцэг эхийнх нь унасан газар угаасан ус аргагүй усны тунгалаг уулсын сүрлэг Увс айм­гийн Хяргас сум. Тэгэхээр Увсын Хяргас сум дархан аварга Х.Баянмөнх, 1995 оны начин Ц.Баянмөнх, 2010 оны начин Ч.Баян­мөнх гэсэн гурван Баян­мөнхөөр монгол бөхийн түүхийг баяжуулах аж. Чотонгийн Баянмөнх на­чин багаасаа л Түнхэл тосгонд үеийнхээ хөв­гүүд­тэй барилдаж өссөн бөгөөд бөхийн анхны багш нь аймгийн начин аав нь юм. Тэдний эцэг эхийнх нь дээд тал арван баядын наадамд ааглаж явсан бух ноололдооны нэрт бөхчүүд байж. Төрөлхийн өсгөлүүн өндөр хүү бөхөд хорхойто­хоос гадна аав ээж, уул усаа шүтэж сайхан морь, хурдан морь сонирхож өсч. Засмал дэлтэй зормол зан­дан шиг морь унаад сэнгэнэтэл исгэрч явахад бүх биеийн алжаал арилж, бөх хүний хийморь сэр­гээд ирдэг гэж одоо ч тэр ярина. Түүний аав нь айм­гийн начин цолтойгоос гадна харснаа агнадаг харавснаа онодог улсын тэргүүний анчин. Нэрт орчуулагч Готовын Аким гуай аавынх нь тухай “Тэн­гэрийн нохой” хэмээх номдоо бүхэл бүлэг оруул­сан байдаг юм. Анч аавын хүү Баянмөнх начин ч бас үүрээр босож үргээлэг хийж анд хорхойссон ч аандаа бөхөө хөөгөөд ан­гаа орхиж. Баянмөнх на­чин анх Сэлэнгэд айм­гийн аваргын тойргийн барилдаанд 23 давж айм­гийн начин гэдэг аавын­хаа цолыг хүртэн тэр үеэ­сээ үндэсний бөхийн ха­туу дэнжид үнэн хүч үзэ­хээр сэтгэл шуударч. Нэ­лээн буурь сууж ухаан мэх задарсан 2005 онд Дархан-Уул аймагт түрүүлж арс­лан цол хүртэн улсын том­чуултай уралцаж эхэлж. Нэг л болохгүй юм гэдэг шиг үзсээр л байж. Бөхийн хорхойтнууд чацархаж ба­рилддаг идэр арсланг нач­ны тааварт жил жил оруул­саар байв. 2010 он түүний од нь гийсэн жил боллоо.

Тэрээр начин цолны даваанд үзүүлсэн амжилтаараа харцага цолтнуудаа магнайлж яваа Дундговийн Л.Пүрэвжаваар тав давж тэр жилийн шилдэг чанартай буюу найраагүй начнаар тодорсон доо. Одтойхон барилдаж одоо ид бяр сууж хий арилж барилдаан бүрээсээ сургамж туршлага хоёр хуримтлуулж яваа начин шуудагдаж шахаж татах барьцнаас гол мэхээ хийж буй харагддаг.  Халах, суйлах хамах, харцагадаж шахах гээд урт чацтай хүний унагах мэх олон доо. Баянмөнх начны жин одоо 126 кг, өндөр 196 см. Хишигдорж заанаас гурван см өндөр гэсэн үг. Хүү төрвөл бөх болгоно гэсэн бодол бөх бүрт байдаг байх. Баянмөнх начин ганц бондгор охинтой гэнэ лээ.

Алдарт бөхчүүдийн анхны гараа “Алдар” нийгэмлэгээс эхтэй. Начин одоо энэ нийгэмлэгт харьяалагдаж нэгэн цагийн хотын комендент буюу хүндэт харуулын тусгай рот 032 дугаар ангид алба хаадаг. Түүнээс би одоогийн монгол бөхийн жудаг ёсны тухай асуухад “Миний бодлоор бөхийн жудаг муухан санагддаг. Зарим бөхчүүд, унаснаа хүлээдэггүй. Улайм цайм зүтгэх, зэрэгцэж дэвэх гээд зүй зохисгүй авир гаргадаг. Энийгээ болимоор. Ахмад цолтноо хүндэлж, ахмад үеэсээ сурцгаая. 1940 оны улсын наадамд Ховдын Ш.Ванчинхүү Дорнодын гулзгай У.Дамчаа арслан нар бяцхан будилахад (үзүүр түрүүнд) Ванчинхүү нь “Чи давсан” гэхэд Дамчаа нь “Үгүй яалаа гэж та давсан. Түрүүлээд тугаа тойр” гэж байсан ийм сайхан жудагтай жишээ байна. Яльгүй юманд маргах мэтгэх хэрэггүй. Монгол бөхийн хийморьлог дэвжээнд бид олон таарна шүү дээ гэсэн үгийг хэлмээр байна гээд инээмсэглэсэн юм.