Ч.ҮЛ-ОЛДОХ
Дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт “Лондон-2012” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж монголчуудаа баярлуулаад байна. Бид түүний гэрийнхэн рүү утас цохиж баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Н.Төгсцогтын нагац ах Р.Баттулгатай утсаар холбогдож, цөөн асуултад хариу авлаа.
-Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Н.Төгсцогт маань олимпийн мөнгөн медалийг дэлхийн аваргын мөнгөн медальтай хослуулсан анхны монгол боксчин боллоо. Энэ баярт мөчид манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу?
-Дүүгийн минь амжилтыг хуваалцаж байгаа монголын ард түмэндээ бас бидэнтэй хамгийн түрүүнд утсаар холбогдож, баярын сэтгэгдлийг маань Монголын ард түмэнд хүргэж байгаа танай сонины хамт олонд баярлалаа. Төгсцогтыгоо олимпийн дэвжээнээс мөнгөн медаль хүртсэнд маш их баяртай байна. Шийдвэрлэх мөчийн тулааныг телевизийн шууд нэвтрүүлгээр үзсэн. Мөнгөн медаль хүртсэнд нь бид их баяртай байна.
-Тоглолтын дараа та бүхэн утсаар холбогдсон уу. Тэр үед Н.Төгсцогт маань та бүхэнд юу хэлсэн бэ?
-Яг тэр тулааны дараа бид утсаар холбогдоогүй. Яагаад гэвэл, дүү минь жаахан сэтгэл дундуур байсан. Алтан медаль авч, аварга болж чадаагүйдээ тэгсэн байх.
-Тэгээд хэзээ холбогдсон бэ?
-Бид өчигдөр интернэтэд орж мессенжэрээр холбогдсон. Тэгээд “Алтын үнэтэй мөнгөн медаль авчирлаа” гэж хэлээд дүүгээ тайвшруулсан. Өөрөө үнэхээр сэтгэл дундуур байна лээ.
-Хэзээ ирэхийг нь асуусан уу?
-Уг нь өнөөдөр ирнэ гэж байсан юм. Гэтэл олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Уугантай утсаар холбогдоход маргааш буюу наймдугаар сарын 15-ны өглөө 5.30 цагт ирэхээр боллоо гэсэн.