Б.СОЛОНГО
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Та бидний хэлж заншсанаар инээдмийн баярын өдөр. Монголын хошин урлагийг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяагүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүнийг тэмдэглэлт өдрийн зочноор урьсан юм.
-Юуны түрүүнд танд баярын өдрийн мэндийг хүргэе?
-Баярлалаа. Дөрөвдүгээр сарын 1 бол инээдмийн баярын өдөр. Нөгөө талаараа бидний ажлын тайлангийн баяр гэж нэрлээд сурчихаж дээ.
-Та өнөөдөр 40 жилийн уран бүтээлийн тайлангаа үзэгчиддээ тавина гэсэн. Ер нь өнгөрсөн цаг хугацааг дүгнээд товчхон хэлвэл ямар вэ?
-Ямар боловч орчин үеийн хошин урлагийг өнөр өтгөн айл болтол нь хөгжүүлэх үйлсэд гар бие оролцсон байна. Маш олон залуус энэ урлагт шимтэж байгаад баяртай байна. Зарим нь намайг хошин урлаг хэмээх их айлын ээж нь гэдэг. Эргээд бодоход сайхан л байна. Хийсэн ажил минь үр дүнтэй харагдаж байна. Дүү нар минь сайхан уран бүтээл хийж байна. Олон хамтлаг шинээр гарч ирсэн байна. Энэ бол бидний ажлын үр дүн. Өнөөдөр энэ бүх ажлаа тайлагнаж, бие даасан уран бүтээлүүдээ үзэгчиддээ хүргэх гэж байна.
-Урлагт хөл тавьсан үеэ эргээд нэг дурсаач?
-Би анхны кинондоо 1974 онд тоглож байлаа. “Нэг ангийн хоёр” гээд. Түүнээс хойш их олон кинонд дуу оруулж, тоглосон. Дараа нь Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр орлоо. Түүнээс хойш инээдмийн үзүүлбэрт тоглож эхэллээ. Би уг нь өөрийгөө инээдмийн жүжигчин гэж боддоггүй явсан мөртлөө насаараа л инээдэмд тоглочихсон байна шүү дээ.
-Яагаад өөрийгөө инээдмийн жүжигчин гэж боддоггүй гэж?
-Уг нь драмын жүжигчин эсвэл хүүхдийн жүжигчин гэж боддог байсан юм. Инээдмийнх болчихно гэж төсөөлж байсангүй. Нэг мэдсэн инээдмийнх болчихсон доо.
-Хүүхэд гэхээр яах аргагүй улаан алчууртай Туяа эгч санаанд ордог?
-Би ч гэсэн өөрийгөө хүүхдийн жүжигчин л гэж боддог байлаа. Хүүхдийн театрын жүжигчин болно гэж мөрөөдөж байсан. Мөрөөдлөө ч биелүүлсэн. Одоо хүртэл хүүхдэд тоглосон хэвээрээ л байна. Хүүхдийн дүр надаас тийм амар салахгүй юм шиг.
-Жүжигчин болох нь таны бүр багын зорилго байв уу?
-Яахав, ерөнхийдөө л дуулдаг, бүжиглэдэг авьяастай хүүхэд байсан юм. Гэхдээ ээж минь намайг эмч болгоно гээд. Би ч тэгж боддог байлаа. Гэхдээ хүнийг дуртай зүйл нь татаад явчихдаг юм билээ. Яагаад ч юм “Нэг ангийн хоёр”-т тоглосноос хойш шууд зүтгэсэн дээ.
-Хүүхдийн театрт орсноос эхлээд мөрөөдлөө биелүүлчихэж. Одоо тэгвэл юу мөрөөдөж байна?
-Жүжигчин байх сайхан байлаа. Одоо харин багш болмоор байна. Сайн багш болмоор байна. Гэхдээ жүжигчин төрүүлэх багш биш шүү. Хүн төрүүлэх багш болмоор байна. Би харилцааны гоо зүйн хичээл зааж байгаа. Харилцаа гэдэг их чухал юм. Ялангуяа залуу хүүхдүүдэд харилцааны соёлын талаар ярьж өгөх хэрэгтэй байна. Энэ мэргэжил надад гайхамшигтай гоё санагдсан. Магистр хамгаалаад багшлах эрхээ авчихсан. Одоо хаана хичээл заахаа шийдчихвэл хүслээ биелүүллээ /инээв/.
-Хошин урлаг гэдэг тухайн үеийн нийгэм, хүмүүсийн зан харилцааг хамгийн тодоор үзүүлдэг. Мэдээж багш болох хүсэл тань үүнтэй холбоотой байх. Их ч зүйлийг олж мэдэж, суралцсан байх?
-Тэгэлгүй яахав. Хошин урлаг шүүмжлэлт урлаг. Миний өөрийн араншинд зохицдог юм шиг санагддаг. Би өөрөө тийм шүүмжлэлт хүн л дээ. Буруу зөрүүтэй санаа нийлдэггүй, шулуундуухан ааштай. Хошин урлаг тэр талаараа надад нөлөөлсөн байх.
-Таныг сайхан зантай, нийтэч гэж хүмүүс ярьдаг юм билээ. Гэр бүлийнхэндээ уурлах, ширүүлхэх үе гардаг уу. Хэр сайн гэрийн эзэгтэй вэ?
-Би өөрийгөө сайн эзэгтэй л гэж хэлнэ. Одоо болтол хань нөхрөөсөө салсангүй. Тийм болохоор сайн эзэгтэй л байж таарна /инээв/. Мэдээж уурлах уцаарлах зүйл гаралгүй л яахав. Гэхдээ нөхөртэйгээ муухайгаар хэрэлддэггүй. Маргалдах зүйл гарна л даа. Манай найзууд намайг ухаантай гэж үнэлдэг. Юмыг зохицуулах гэж үздэг, бууж өгдөг зантай минь холбоотой байх. Тийм болохоор өөрийгөө муу эмэгтэй гэж хэлэхгүй шүү.
-Таны хамгийн хайртай дүр юу вэ?
-Хийсэн бүх зүйлдээ хайртай шүү. Тоглосон бүх дүр минь багахан гэхгүй хөөрхөн санагддаг. Би өөрөө биш үзэгчид үүнийг тунгаах байх л даа. Үзэгчид тунгаагаад намайг хүндлээд, хайртай байгаа нь хийх ёстой зүйлээ хийчихсэн гэдгийг харуулж байгаа байх.
-Орчин үеийн хошин урлагийг үүсгэн байгуулж байсан үеийг эргэн дурсвал?
-Хамгийн анх Хошин урлагийн театр гэж байгуулсан юм. Батзаяа, Энхтуул, Одончимэг бид хэд хамтдаа Хүүхдийн театрт ажилладаг байсан. Тэр үед Хошин урлагийн театраа байгуулья гэж шийдээд анхны бригад нь гарч байлаа. Чамиа эгч, Загдаа эгч хоёр ирсэн. Бас кино драм төгссөн Цолмон, Өлзий-Орших гээд залуучууд ирж бүл нэмж байлаа. Тэгээд хамгийн анхны “Монголын нэг өдөр” тоглолтоо хийсэн.
-Тухайн үеийн үзэгчдийн эмоцийг үгээр илэрхийлээч?
-Ёстой гайхамшигтай. Маш сайхан хүлээж авсан. Гэхдээ хошин урлаг социалист нийгэмд дарагдаж байсан урлаг шүү дээ. Чөлөөтэй ярьж болдоггүй тийм үе. Тэр үед Барамсай гуайн бичиж байсан хошин өгүүллэг байдаг юм. Даргыг шүүмжлэх гэхээр ажилгүй болох гээд байдаг, эхнэрээ шүүмлжэх гэхээр амьдралгүй болох гээд байдаг. Надад гэрийнхээ нохой, муур хоёроос өөр шүүмжлэх юм олдохгүй юм гэдэг шиг. Тийм л байсан юм. Гэхдээ хошин урлаг ганцаарчилсан хэлбэрээр байсан. Циркийн хэлбэрээр ч байсан. Яг орчин үеийн театрчилсан хэлбэрт оруулах ажлыг Батзаяа маань сэдсэн бол Цэвээнравдан, Латип гуай театр байгуулах гэж зүтгэж байсан ч хөгжөөгүй юм. Ингээд ардчилал гараад хүмүүс ярья гэснээ ярьж чаддаг болсноор энэ урлаг хөгжсөн дөө. Хүмүүс их дуртай байсан. Соёлын төв өргөөний кассын хаалганаас Засгийн газрын ордон хүртэл тасалбарт дугаарладаг байлаа шүү дээ.
-Одооны хүмүүсийг инээлгэх хэцүү болсон гэж хошин урлагийнхан ярьдаг юм билээ?
-Уйлуулах амархан, инээлгэх хэцүү гэж үг бий шүү дээ. Энэ олон хамтлагууд сэдэв олдохгүй мэдээж хэцүү байдаг. Гэхдээ хийгээд л байна. Хоёр гурван сар үзэгчид заал дүүрэн байгаад л байна. Тэгэхээр гайхамшигтай байгаа биз дээ. Мундаг байна гэж би боддог. Хошин урлагийнхан хэцүүг давж чадаж байгаа.
-Хүмүүсийг инээлгэнэ гэдэг хамгийн буянтай ажил байх гэж би боддог?
-Буянтай байлгүй яахав. Гэхдээ зөвхөн инээгээд өнгөрөхөөс илүү тэр жүжгээс хүмүүс өөрийгөө олж хардаг. Найзыгаа, бусдыгаа олж хардаг. Зүгээр л инээлгээд байгаа юм биш. Хүнд хэлдэгггүй нууцаа харна. Өөрийгөө шүүмжилнэ. Яг над шиг юм болсон байна гэж бодож, хүмүүжил авч байгаа нь гайхамшигтай том сурган хүмүүжүүлэх ажиллагаа. Бас дуулж бүжиглэн, шоу хэлбэрт шилжсэн нь ч гэсэн хүмүүсийн зүрхийг хөдөлгөж, сэтгэлийн хөөргөж байгаа буян.
-Та жаахан охин байхаасаа л Хүүхдийн театрт орж, олон жил хүүхдүүдэд зориулж тоглолт хийсэн. Хүүхдүүдэд зориулсан уран бүтээлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Угаасаа тиймхэн байгаа л даа. Харин сүүлийн үед гайгүй болж байна. Драмын театр, Хүүхэлдэйн театрт хүүхдүүдэд зориулсан уран бүтээл туурвиж байна. Нэг хэсэг огт байхгүй байсан. Тэр үед би л ганцаараа тоглож байлаа. 10 жил дараалж зургадугаар сарын 1-нээр Туяа л тоглолт хийдэг байсан. Бүх хүн мэднэ. Одоо харин Туяа тоглох шаардлагагүй болсон. Тийм болохоор хүүхдийн баярт санаа зовохоо больсон шүү.
-Урлагийнхандаа инээдмийн баярын мэндийг хүргэх үү?
-Инээдмийн том хамт олон, залуучууд, продакшн, хойч үеийнхэндээ үзэгчдээ эрүүл ухаанаар инээлгэж яваарай гэж захья даа. Эрч хүчтэй байж, өөр өөрсдийн гэсэн өнгө төрхөө хадгалж яваарай.