Ч.ҮЛ-ОЛДОХ
“Амьдралын тойрог” энэ удаа Гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогтын анхны багш “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулгыг зорилоо. Дугаарын зочноор урьж, цаг товлох гэтэл А.Гантулга багш олдохгүй, ганц түүний ч биш Монголын боксынхны утас холбогдохгүй багагүй эрэлд гарав. Эцэст нь Төв аймгийн Заамар сумын нутаг “Шижир алт” компаниас зохион байгуулж буй өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах 11 дэх удаагийн боксын тэмцээнд шавь нартайгаа хамт оролцож байгааг дуулж аяны жолоогоо тийш заллаа.
“Шижир алт” компанийн боксын клубээс зохиодог тус тэмцээн Монголын өсвөр үе, залуу боксчдын чансааг тодорхойлдог нэр хүндтэй томоохон тэмцээнүүдийн нэг. Монголын бахархал болж буй Н.Төгсцогт маань энэ л тэмцээнд анх А.Гантулга багштайгаа оролцож алт, мөнгөн медаль хүртсэнээр боксчин болох замаа эхэлж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр Олимпийн рингэнд хүч үзэж, багш нь олимп, дэлхийн аваргуудын залгамж халааг бэлтгэн шавь нараа дагуулчихсан “Шижир-Алт” ХХК-ийн нэрэмжит тэмцээнд оролцож байгаа нь бас л нэгэн түүх. Нөгөөтэйгүүр, “Шижир алт-11” боксын тэмцээний шигшээ тоглолт, Олимпийн аваргуудын тулаан буюу финалын тоглолттой давхцаж байгаагаар онцлог юм. Өөрөөр хэлбэл, Монголын боксчдын зарим нь Олимпийн дэвжээнээс амжилтын ургац хурааж байгаа бол энд нэг хэсэг нь дахиад л шинэ ногоо тарьж байгаа нь энэ. Өсвөр үе, залуучуудын боксын тэмцээний шигшээ тоглолтыг ийнхүү Олимпийн финалтай давхцуулсан нь дасгалжуулагчдын нарийн ухаан, “Ах нар чинь чадсан юм, та нар чадна” гэсэн итгэлээр тамирчдаа хөглөсөн нэг ёсны сэтгэлзүйн бэлтгэл гэлтэй. Мэдээж, тэдэн дотор ирэх Олимпийн аварга, монголчуудын найдвар байж л байгаа. Тийм учраас, “Амьдралын тойрог” булан маань А.Гантулга багш төдийгүй Монголын боксчдын амьдрал, замнал, нэгэн түүхт үеийг сонины хуудаснаа үлдээх аз тохиолоо гэж бид дотроо олзуурхаж явлаа.
Бид өнгөрсөн баасан гаригийн 15.00 цагт хөдөлсөн ч хотын замын түгжрэлд гурван цаг саатаж, Заамар сумаас “Шижир алт” компани орох зам бороо орсны улмаас хальтиргаа ихтэй байсан тул Халзангийн давааг өгсч, уруудах замд нэлээд саатаж, хонон өнжин явсаар бямба гаригийн бага үдэд зорьсон газраа очлоо. Уг нь тэнд байгаа боксын дасгалжуулагч багш нар болон Олимпийн финалтай давхцаж буй Монголын өсвөр үе, залуу боксчдын чансааг тодорхойлж байдаг “Шижир алт-11” боксын тэмцээнд шигшээ тоглолтод шалгарсан оролцогчидтой хамт Н.Төгсцогтын тоглолтыг үзэхээр төлөвлөсөн ч ийнхүү амжсангүй.
Замд таарсан захын хүнээс спортын клуб хаана байгааг асуухад “Боксчид шөнөжин уухай хашгирч, энэ хавийг доргиосон, өглөөнөөс л чимээгээ аядаж байна” гээд сумын сургуулийн захад орших цагаан байшинг зааж өглөө. Биднийг очиход “Алдар”, “Насны зам” компанийн нэрэмжит “Баянгол” спорт клубын тамирчид өглөөнийхөө цайг уучихаад байр руугаа ирж байв. Багш, дасгалжуулагчид хаана байгааг асуухад “Үүрээр 03.30 цагт багш, дасгалжуулагчид бид бүгдээрээ том зааланд цугларч Н.Төгсцогт ахын тоглолтыг үзсэн. Одоо багш нар амарч байгаа, зарим нь цайндаа явсан байх” гэв. А.Гантулга багшийг сураглавал, шавийнхаа тоглолтыг үзчихээд сэтгэл нь их хөдөлсөн, дээр нь хүмүүс баяр хүргээд унтах завгүй өглөөтэй золгож саяхан амрахаар явсан. Тэмцээн эхэлтэл багш жаахан унтах хэрэгтэй” гэцгээв. Ингээд боксын тэмцээн эхэлтэл хүлээхээс аргагүй болов. Гэхдээ зүгээр суусангүй, бид цаг хожиж “Шижир алт” компанийн 11 дэх удаагийн боксын тэмцээний мэдээллийг авахаар зохион байгуулагчид болон ерөнхий шүүгчтэй уулзав.
Бидний эхний уулзсан хүн Гавьяат дасгалжуулагч, Азийн хошой аварга Х.Алтанхуяг. Тэрээр энэ тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм байна. Тэрээр “Шижир алт” компанийн нэрэмжит боксын тэмцээн өсвөр үе, залуу тамирчдыг бэлтгэж гаргах, тэмцээний арга баил туршлага суулгах, тэдний техник ур чадварыг ахиулахад асар өгөөжтэй, том сорилго болдог гээд “Энэ тэмцээнээс олон сайн тамирчин төрж гарсан” хэмээн онцолсон юм. А.Алтанхуяг гуай гавьяат дасгалжуулагч Д.Мишигдоржийн шавь. Анх 1963 онд 17 настайдаа Бүх ард түмний спартакиадад аваргалж байсан. Үүний дараа олон улсын тэмцээнд Гавьяат дасгалжуулагч Б.Олзодын удирдлаганд оролцож, Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан манай нэртэй боксчдын нэг. 1976 оноос Монголын боксын шигшээ багийг дасгалжуулж, түүний дараа өмнөд хөршид 12 жил дасгалжуулагчаар ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж шавь нарынхаа үүсгэн байгуулсан “Хангайтан” боксын клубт зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ. Тэрээр хэвлэл, мэдээллийнхэнд тэр болгон ярилцлага өгч, асуусанд нь хариулаад байдаггүй этгээд хүн. Нэгэнт тулаад уулзчихсан учраас шалсаар цөөн асуултад хариу авлаа.
Х.Алтанхуяг: ӨСВӨРИЙН БОКСЧИД ДОТОР ДАРААГИЙН ОЛИМПИЙН АВАРГА БИЙ
-Боксынхон Олимп руу анхаарлаа хандуулаад завгүй байгаа байх гэж бодсон юм. Гэтэл энд тэмцээн болж байгаа нь сонин байна?
-Монголын боксчид Олимпийн рингэнд хүч үзэж буй онцлог үед өсвөр үе, залуучуудын тэмцээн болж байгаа нь маш ач холбогдолтой. Ялангуяа Монголын боксын цаашдын хөгжилд залуу халаа, тэр дотроо шигшээ багийг бэлтгэхэд энэ тэмцээн ихээхэн үр дүнтэй юм. Тэр тусмаа манай боксчид Олимпоос медаль хүртэж буй онцлог үед энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа нь сэтгэлзүйн хувьд асар өгөөжтэй. Хүүхдүүд маань өөрсдөө Олимпийн аварга болж байгаа юм шиг бүх бололцоогоо дайчилж, маш өрсөлдөөнтэй, сайхан тоглож байна. Манай залуу дасгалжуулагчид сүүлийн үед сайн тамирчид бэлтгэдэг болсон нь бахархууштай. Тэд ид үедээ сайн тоглож байсан боксчид. Өөрсдийн тоглолтын арга барилыг зааж сургаж байгаа нь боксын хөгжилд нөлөөлж байна. Ийм байхад манай боксчид амжилт гаргалгүй яахав. Дараа, дараагийн олимпод ч энэ эрчээ алдахгүй байх.
-Тэмцээнд оролцож байгаа бүрэлдэхүүн Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нарын тоглолтыг уухайлж үзсэн гэсэн. Ямар сэтгэгдэлтэй байна?
-Дасгалжуулагч, оролцогчид бүгд хамт сууж, хөгжөөн дэмжиж, хоёр тамирчныхаа тоглолтыг үзлээ. У.Мөнх-Эрдэнэ маань мөнгөн медалийн оосроос шүүрээд алдчихлаа. Гэхдээ эхний хоёр үед үнэхээр гайхалтай тоглосон. Ялчих байх гэтэл сүүлийн үед гэнэдэв үү гэмээр цохилт авчихсан. Бэлтгэл, сургуулилт их хийсэн учраас хүчгүй байх шиг байна. Боксчид олон хоног жингээ барьж хүч саарах үе байдаг. Гэсэн ч У.Мөнх-Эрдэнэ өөрт байгаа бүхнээ гаргасан. Түүний хувьд одоо нас 30 хүрч байгаа, харьж байна. Тийм болохоор сэргэлт удаан байх шиг. Н.Төгсцогтын хувьд нас залуу, өөрийгөө дайчилж итгэлтэй тоглосон. Энэ бүхэн “Шижир алт-11”-д оролцож байгаа бүх дасгалжуулагч, хүүхдүүдэд том сургууль болно.
-Боксын спорт хөгжиж, дэлхийн хэмжээнд чансаагаараа 4-5 дугаар байрт бичигдэж байна. Хөгжлийн цаашдын төлвийг хэрхэн харж байна?
-Бидний үед бээлий, толгойны хамгаалалт бараг байхгүй. Улаан гараараа “зодолдож” байлаа. Одоо техник хэрэгсэл өөрчлөгдөж, энэ спортоор хичээллэдэг хүүхэд, залуус олон болжээ. Ялангуяа, “Бээжин-2008” олимпийн наадмаас хойш бүр ч олширсон. Тэдний зарим нь халшраад явчихдаг, тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр ханддаг нь ажиглагддаг бол нэг хэсэг нь боксын спортод үнэнч үлддэг.
-Монголын боксын спорт хоёр ч удаа зогсонги байдалд орсон. Тэр нь юунаас болж байсан юм бол?
- Б.Олзод багш хойшоо сургуульд явж, удирдан чиглүүлэх талаас дутмаг болж, сахилга батын талаас ч анхаарах зүйлүүд гарч 1960-аад оны сүүл үед хаасан. Харин 1990-ээд онд улс даяараа зах зээлийн шуурганд уруудахад боксын спорт мөн ялгаагүй тиймхэн болсон. Гэхдээ бүх зүйл нурчихаагүй. Ялангуяа манай У.Мөнх-Эрдэнэ тэр бүх ачааллыг ганцаараа нуруундаа үүрч Монголын боксчдын буухиаг үргэлжлүүлж олимпод таслалгүй оролцож ирсэн. Тэр үед хөрөнгө, мөнгө байхгүй компаниудыг гуйдаг байлаа. Тэд харж үзэж тив, дэлхийн аваргад цөөн тамирчин оролцож ирсэн нь боксчдод ихээхэн нөлөөлсөн. Амьдрал хүнд байсан учраас тухайн үед В.Батбаяр багш ч, би ч Хятадад ажиллаж байсан. Амьдрахын тулд шавь нараа ч тэнд ажиллуулсан. Мөн тэр нөлөөгөө ашиглаад тамирчдаа тэнд аваачиж хамтарсан бэлтгэлд оролцуулсан нь манайханд үр дүнгээ өгсөн. 1995 онд би Гуажоуд ажиллаж байсан юм. Тэр үед Т.Үйтүмэн маань гурван удаа очиж бэлтгэл, сургуулилт хийснээр биеийн хөгжлийн суурь тавигдаж, том тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. Сүүлийн үед манай улс спортыг анхаарч, хөрөнгө мөнгө төсөвлөж, техник хэрэгслээр хангаж байна. Тамирчид маань ч явсан тэмцээн болгоноосоо медаль авч байна.
-Боксын спортод арга барил, техник хэрэгслийн боломж зэрэг давуу талуудаас гадна Монгол хүний бие, сэтгэлзүйн онцлог нөлөөлдөг үү?
-Наадах чинь чухал сэдэв шүү. Монгол хүний бие махбодь, байгаль цаг уурын онцлог өөр. Эхээс төрөөд байгаль цаг уурын шалгуурт тэсвэр хатуужлаа олж авдаг учраас монгол хүн тэвчээртэй, хүч чадалтай, эрэмгий дайчин, зоригтой шийдэмгий байдаг. Эзэн Чингис хааны дайчин уламжлал ч түүнээс эхтэй байдаг байх. Тиймээс монголчууд өвөрмөц улс. Ялангуяа сэтгэхүй нь гайхамшигтай. Боксын спорт зүгээр зодолдох биш, маш их ухаан зардаг, тактик боловсруулах, тоглолтын арга барилаа зохион байгуулахаас эхлээд монголчуудын төрөлх чанар агуу юм. Ер нь монголчууд айхтар гүйлгээ ухаантай, аливааг дор нь сэтгэж байдаг. Энэ бол үнэхээр бахархал. Би Хятадын тамирчдыг дасгалжуулж, Оросын хүүхдүүдтэй ч ажиллаж байсан. Тэнд бол спортын олон сургууль бий. Гэтэл манайд саяхнаас л ганц сургуультай болсон. Одоо Хятадын бүх муж, Оросын бүх муж, хотуудад спортын сургуулийг дотуур байртай, цогцоор нь нээж ажиллуулж байна. Ийм байхад хөгжихгүй яах вэ. Энэ байдлыг спортынхон төдийгүй улсын удирдлагууд маань ярьж хэлж байдаг байх. Удахгүй сайхан болох болов уу.
-Манай сониноор дамжуулж, монголчууддаа болон манай уншигчдад та юу хэлэх вэ?
-Боксын спортыг хүндэлж, дэмжиж байдаг ард түмэндээ баярлалаа. Цаашид улам их дэмжээрэй. Бүгдэд нь сайн, сайхан бүхнийг хүсье.
“ШИЖИР-АЛТ-11” ТЭМЦЭЭНД 72 БОКСЧИН ХҮЧ ҮЗЭВ
Бидний дараагийн уулзсан эрхэм бол “Шижир-Алт” компанийн Нөөцийн дарга Л.Батсуурь, “Шижир-Алт” боксын клубын дасгалжуулагч, ОУХМ Б.Эрдэнэбаяр нар байлаа. Компанийн удирдлагууд ажилтай байгаа учир тэрээр удирдлагуудаа төлөөлж зохион байгуулалтын ажлуудыг хийж байгаа бололтой. Л.Батсуурь дарга “Манай компани хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, бие бялдрын төлөвшил олгох, цаашилбал олимп, дэлхийн аваргын залгамж халааг бэлтгэх зорилгоор боксын клуб байгуулж 11 дэх жилдээ тэмцээн зохион байгуулж байна” гээд хэдийгээр хаалтын төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ч хүүхэд, залуучуудын нэгэнт хүсэн хүлээдэг тэмцээн болж, хүмүүст хүрсэн учраас 11 дэх удаагийн тэмцээнээ зохиож байгааг онцлов.
ОУХМ Б.Эрдэнэбаярын хувьд 1990 оноос Дорнод аймагт н.Төмөрбат багшийн удирдлагад боксын спортоор хичээллэж, 1994 онд Биеийн тамирын дээд сургуулийн боксын дасгалжуулагчийн ангийг төгсч, Улсын шигшээ багт бэлтгэл, сургуулилт хийж байгаад ийнхүү дасгалжуулагчийн ажилд шилжжээ. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.
-Танай 11 дэх удаагийн тэмцээнд хэдэн төрөлд хэчнээн тамирчин оролцож байна?
-Нийт 12 байгууллагын 72 тамирчин оролцож байна. Дорнод, Сэлэнгээс ч баг ирсэн. Арван жилийн өмнө анх тэмцээн зохион байгуулж эхлэхдээ өсвөр үеийг хамруулж байсан. Би 2001 онд энд ирж ажиллахдаа өсвөр үеийнхнийг авч хичээллүүлж байсан юм. Сүүлдээ өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван төрлөөр тэмцээн маань өргөжсөн. Манай тамирчдаас Дэлхийн аварга, Азийн аваргын медальтнууд төрж, багаараа дэлхийн аваргын цом хүртсэн. Одоо манай клубээс 3-4 тамирчин улсын шигшээ багт бэлтгэл, сургуулилт хийж байгаа.
-Олимптой давхцуулж тэмцээн зохион байгуулсан нь учиртай байх?
-Энэ бол боксын залгамж үе дараачийн олимпод бэлдэж байна гэсэн илэрхийлэл юм.
-”Шижир-Алт” компани өнгөрсөн жил тэмцээн зохиохдоо сүүлчийнх гэж тодотгож байсан санагдана?
-Энэ асуудал манай үйлдвэртэй холбоотой. Үйлдвэр маань олборлолтын нөөц дуусч, хаалтын төлөвлөгөө гарган нөхөн сэргээлтээ хийж байгаа. Тиймээс өнгөрсөн жилийнхээ тэмцээнийг сүүлчийнх гэж байсан юм. Гэхдээ энэ жил нөхөн сэргээлт хийж байгаатай холбогдуулж нэгэнт албан ёсоор нээж 10 гаруй жил явуулсан тэмцээнээ ёслол төгөлдөр хаая гэж үзсэн.
-”Шижир-Алт” ХХК-ийн нэрэмжит тэмцээн Монголд боксын спортыг хөгжүүлэхэд асар их нөлөө үзүүлсэн. Цаашид энэ хэвээр аваад яваасай гэсэн хүсэл олон хүнд байгаа байх?
-Хэдийгээр “Шижир-Алт” боксын клуб хаагдаж байгаа ч цаашид нэрээ сольж “Хангайтан” клуб нэрээр үйл ажиллагаагаа үргэлжүүлэх байх. Манай компанийн захирал Ц.Лхагвадорж боксын спортыг хөгжүүлэхэд санаа тавьж, ихээхэн тусалж дэмжиж ирсэн хүний нэг. Нөгөө талаар манай компани Монголросцветмет нэгдлийн мэдэлд шилжиж байгаатай холбоотойгоор С.Эрдэнээ даргад боксын клубээ ч шилжүүлье гэсэн санал хэлсэн гэсэн. Тэгэхээр өөр ямар нэгэн нэрээр клуб цаашид үйл ажиллагаагаа үргэлжүүлэх болов уу.
Ийнхүү тэмцээний тухай мэдээлэл цуглуулж, зарим хүний байр суурийг сонирхож явтал дасгалжуулагч, тамирчдын үдийн хоолны цаг болсон байв. Үүний дараа ганцхан цаг амраад 03 цагт тэмцээн эхлэх тул тамирчдын түрүүч хөнгөн бэлтгэлд гарч амжсан харагдана. Тэмцээний өмнөхөн А.Гантулга багшаас ярилцлага авчихаад замдаа эртхэн гарахгүй оройтвол зам муутай газраар явахад хэцүүг манай жолооч сануулав. Ингээд А.Гантулга багштай уулзсан ч “Хүүхдүүдээ тэмцээнд оруулчихаад ярья” гэснээр дахиад хүлээх боллоо. Тэмцээн өрсөлдөөнтэй, үзэгч олонтой, оролцогчид нь эн тэнцүүхэн тулалдсаар гурван цаг гаруй үргэлжилсний эцэст дуусч, алт, мөнгөн медалийн төлөө тоглолт нэг өдрийн дараа болохыг зарласнаар өндөрлөв. “Алдар” спорт хорооны тамирчдын олонх нь медалийн төлөө тоглохоор шалгарч А.Гантулга багш баяртай нь аргагүй спорт заалыг орхин гарч ирснээр бидний яриа эхэллээ. Рингний булангаас ч, үзэгчдийн суудлаас ч шавийгаа “Миний хүү, урагшаа. Баруун гараар цохь, уухайс...” гээд л хашгирдаг байсан А.Гантулга дасгалжуулагч “Алдар” спорт хороо гэсэн бичигтэй улаан өнгийн биеийн тамирын хувцас өмсчээ.
А.Гантулга: МИНИЙ ХҮҮ ДЭЛХИЙН ТАМИРЧИН БОЛОХОО ХАРУУЛЛАА
-Юуны өмнө танд баяр хүргэе. Таны шавь Н.Төгсцогт Лондон-2012 наадмаас монголчуудын медалийн буухиаг үргэлжлүүлж, медаль хүртлээ. Анхны багшийнх нь хувьд манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. “Шижир-Алт” клубын нэрэмжит боксын тэмцээнд оролцож байгаа бүх дасгалжуулагч, тамирчид хамт сууж Монголынхоо боксчдын тоглолтыг үзэж, сэтгэлээрээ дэмжлээ. Шавьдаа баярлаж, бахархаж сууна. У.Мөнх-Эрдэнийгээ ч бас ялаасай гэж хүсч байсан. Эхний хоёр үе үнэхээр сайхан ялсан, гуравдугаар үед тамирдаж, оноо алдчихлаа, харамсалтай байна.
-Н.Төгсцогтын өрсөлдөгчийн тухайд ямар бодолтой байв.Тухайлбал, Оросын боксчин Миша Алоян бол дэлхийн нэртэй тамирчдын нэг шүү дээ?
-Олимп бол шилдгүүдийн өрсөлдөөний талбар. Тэнд зөөлөн учраа, амархан даваа гэж байхгүй. Гэхдээ 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алояны хувьд манай Төгсөө 2009 онд Миланд болсон дэлхийн аваргын тэмцээнд илт давуу ялсан шүү дээ. Өмнө нь тоглоод үзчихсэн, арга барилыг нь мэдэж байна гэдэг том давуу тал. Тийм ч учраас Төгсөө маань ялсан, дэлхийн хоёр удаагийн аваргыг буулгаж авч байна гэдэг дэлхийн энтэй тамирчин болсны баталгаа.
-Н.Төгсцогт хэдэн настайдаа танд шавь орж байв?
-Төгсөө 15 настай байхдаа “Алдар”-т, над дээр ирсэн. 79 дүгээр сургуулийн сурагч байсан юм. Тухайн үед одоо боксын секцэнд явж байгаа хүүхдүүдийн адил өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах “Шижир-Алт” тэмцээнээс алт, мөнгөн медаль аваад явж байсан даа. Энэ тэмцээн ер нь хүүхдүүдэд их юм өгдөг юм шүү. Түүнээс хоёрхон жилийн дараа Азийн хүүхдийн наадамд явж ганцаараа хүрэл медальтай ирсэн. Ирэнгүүтээ надад “Гадаадынхан чинь биднээс илүү биш л юм байна шүү дээ. Би чадна аа” гэсэн. Дараа нь улсын аваргад оролцохдоо “Багш аа, би энэ жил улсын аварга болно” гэсэн. Тэр жилээ аварга болж, мөн ОХУ-д болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Хятадад болсон Азийн аваргын тэмцээнд манай П.Сэрдамбыг дэлхийн цомд хожиж байсан Казахстаны мундаг тамирчныг 10:4-ийн харьцаатай буулгаж авч, дараагийн тойрогт нь Энэтхэгийн тамирчинд ганцхан оноогоор ялагдаж байлаа. Дараа нь дэлхийн аваргад оролцож, хэн ч медаль авна гэж бодоогүй байхад аваад ирж байлаа. Өнөөдөр шавиараа бахархах сэтгэл дүүрэн байна, үнэхээр хэлэх үг алга.
-Олимпод явахаас өмнө хамт бэлтгэл хийсэн гэж сонссон?
-Тэгсэн. Сар гаруй хамт бэлтгэл, сургуулилт хийж байгаад Лондонг зорьсон. Явахынх нь өмнө давтуулах юмаа давтуулж, хэлэх үгээ хэлсэн. Очоод байнга мессэж бичиж байгаа надад. “Багш аа, хүү нь хожчихлоо” гэсэн мессэжийг нь аваад хөл газар хүрэхгүй баярласан.
-Шавьдаа хэлдэг үг, таны баримталдаг зарчим юу вэ?
-”Миний хүү, ямар ч үед аливаа зүйлд тайван бай. Ухаантай тоглож байвал амжилтад хүрнэ шүү” гэж хэлдэг дээ. Тоглолтын үед тактикийн чанартай хэлж, зөвлөх юм бий.
-Та боксын спортод хэдэн жил зүтгэж байна. “Алдар” спорт хороогоор анх овоглосноос хойш хаашаа ч явалгүй тэнд “шаасан гадас” шиг байгаа санагдана?
-Би 1984 онд 14 настайгаасаа бокс тоглож эхэлсэн. Тэр үедээ “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар Ш.Магван багшийн удирдлагад 1997 он хүртэл бокс тоглосон. Одоо багш маань байхгүй бурхан болсон. Би 1997 оноос дасгалжуулагчийн ажилд шилжсэн. Тэгэхдээ “Алдар”-аас хаашаа ч яваагүй.
-Тэр хугацаанд үзүүлсэн амжилтаасаа сонирхуулаач?
-Улсын аваргаас хоёр хүрэл, гурван мөнгөн медаль хүртсэн. Залуучуудын аваргаас мөн хоёр хүрэл авсан. АНУ-д 1997 онд болсон Мухамед Алийн нэрэмжит сонирхогчдын боксын тэмцээнд оролцоод медальтай ирж байлаа. Жижиг тэмцээнүүдэд гаргасан амжилт нэлээд бий. Тэр болгоныг хэлээд яах вэ. Харин Мухамед Алийн нэрэмжит тэмцээнээс медаль авснаа би ховор аз гэж боддог.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Нэг охинтой.
-Боксчин алга уу?
-Ганц охиноо бокс руу зүтгүүлэхгүй.
-Бөхчүүд нутаг, ус гэж их ярьдаг. Боксынхон харин тэгж сүйд болдоггүй. Та аль нутгийнх вэ?
-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул.
-Нутгийнхаа нэрийг гаргасан боксчид хэр олон бэ?
-ОУХМ М.Отгонбаатар, Б.Ганбаатар нарын нэгэн үе бокст нөлөөтэй сайн тамирчид төрж гарсан. Тэднийг ид гарч ирж байх үед Г.Ганхуяг багш Сүхбаатарт очиж ажиллаж байсан юм.
-Одоо таны удирдлагад хэр олон хүүхэд хичээллэдэг вэ?
-62 хүүхэд бий. Түүнээс 25 нь насанд хүрэгчид, залуучуудын ангилалд бэлтгэл, сургуулилт хийж байна. Бусад нь өсвөр үеийнхэн.
-Тэдэн дотор ирээдүйн Олимпийн найдвар бий биз?
-Байгаа, зөндөө бий.
-Танай клуб долоо хоногт хэдэн өдөр хичээллэж байна?
-Зургаан өдөрт нь гурван цагаар хичээллэж байна.
-Танайд хэдэн дасгалжуулагч ажиллаж байна?
-Байхгүй ээ, ганцаараа зүтгэж байна. Сүүлийн үед өөрийн арга, ухааныг зааж сургах, нагаа талаас тив, дэлхийн тамирчин бэлтгэх дасгалжуулагч хэрэгтэй гэдэг үүднээс ОУХМ М.Отгонбаярыг дэргэдээ авч бэлтгэж байгаа.
-Сүүлийн үед охид боксоор хичээллэх болсон. Ямар нэгэн эрсдэл гарахгүй гэх баталгаа байна уу?
-Манай клубт таван охин хичээллэдэг. Эрсдэл гэвэл эрэгтэйтэйгээ яг адил шүү дээ. Хүн болгонд эрсдэл бий. Техникээ зөв эзэмшээд зөв тоглодог, яаж тоглохоо толгой дотроо хурдан боловсруулчихдаг байхад бокст эрсдэл байхгүй. Ер нь тоглолтынхоо арга, барилыг богино хугацаанд сэтгэж чадаж байгаа хүн л бокст амжилт гаргана шүү дээ. Манайхан бокс тоглосноор тархи, толгойндоо бэртэл авна, өвчин хуучтай болно гэлцдэг. Энэ бол цэвэр хувь хүний өөрийнх нь асуудал.
-Сүүлийн үед Монголын боксчдын эрэмбэ дээшилж, хүүхдүүд хичээллэх нь нэмэгдсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ах нар нь ямар байна, дүү нар нь тийм байна. Ах нар ямар тоглоно, дүү нар нь бокс тоглохоор хошуурна. Бокст уруу татагчид нь тив, дэлхийд хүч үзэж байгаа тамирчид л байдаг. Өнөөдөр монголчууд боксчдоороо хүн болгон бахархаж байна.
-Нуулгүй хэлэхэд, таны хувьд “Бээжин-2008” олимпийн медалийн буухиаг манай боксчид үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байв уу?
-Бээжинд болоход цагийн зөрүү байхгүй, бидэнд ойр давуу тал олон байсан. “Лондон-2012” Европод болж байгаа учраас нуулгүй хэлэхэд айж байсан, гэхдээ хоёр медаль явчихлаа шүү дээ. Энэ бол агуу амжилт.
-Тэгвэл, шавийнхаа тухайд?
-Ний нуугүй хэлэхэд, тийм ч итгэлтэй байгаагүй. Яагаад гэвэл, учраанууд аймаар байсан. Эхний үед таарсан Азербайжин, Итали, Узбестаны тамирчид “хатуу боорцогнууд” шүү дээ. Миша Алоян байна. Дэлхийн хэмжээний агуу тамирчидтай учраа таарсан, энэ амжилт асар их хөлс хүчээр ирлээ.
-Тэр үед юу хэлж байв?
-“Миний хүү чадна аа. Нутаг дээр нь ялж болсон юм, одоо яагаад болохгүй гэж” гээд л мессэж бичсэн дээ. Миний хүү өнөөдөр “Би дэлхийн хэмжээний тамирчин шүү” гэдгээ харууллаа.
-Боксчныг дасгалжуулахад бүжиг дэглээчээр бол анхны тавилт чухал байдаг байх. Би ингэж сонссон юм байна?
-Тэр үнэн. Аливаа зүйлд суурь гэж бий. тэр яаж тавигдана, түүгээр цааш явна. Суурь дээр техник, тактикийг бий болгоно. Багш тухайн хүний онцлогт тохирсон зүйлүүдийг сургаж, дадлагажуулдаг.
-Бэлтгэл, сургуулилт хийж байх үед Н.Төгсцогт хэр шавь байв?
-Миний хүүд хэлсэн, ярьсныг маш сайн ойлгож хүлээдэг авдаг ховорхон чанар бий. Богино хугацаанд сэтгэж, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг.Толгой нь гайхамшигтай сэтгэнэ шүү. Тэр чанар нь түүнийг авч явдаг. Эхний раундад ямар алдаа гаргаснаа сайн мэдэж байдаг, дараагийнхад нь яаж засахаа ч хурдан сэтгэдэг. Маш мэдрэмжтэй. Бокст ухаан чухал шүү дээ.
-Бокст өмнө нь бэрхшээл их байсан, одоо байхгүй. Одоо цаашид яах ёстой бол?
-Тэр үнэн. Боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг, дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нар үнэхээр сайн анхаарч, ажиллаж байна. Бүгдийг болгож, бүтээхийн төлөө авч яваа тэр хүмүүст монголчууд баярлалаа гэж хэлэх ёстой. Удирдлагаас их юм хамаарна шүү дээ. Бүх зүйлийг бэлэн болгоод өгчихөж байхад манай боксчид амжилт гаргахгүй яах юм бэ.
-Морь түрүүлэхэд уяачийн ухаан гэж ярьдаг. Тамирчдын тухайд дасгалжуулагчийн ухаан чухал биз?
-Арга, техник, тактикийг нь хэлээд өгч байхад түүнийг хийж чадаж байгаа хүн амжилт гаргана.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-”Алдар” спорт хорооны бүх бие бүрэлдэхүүн, 084 дүгээр ангийн захирагч Дамба тэргүүтэй хамт олон, ээж, аав, миний найдвартай ар тал болсон ханьдаа баярлалаа. Та бүхний минь зүтгэлийн үр шим гарлаа гэдгийг сонины хуудсаар дамжуулж хэлье.
Өсвөрийн боксчид: “Шижир-Алт” тэмцээн тамирчдын чансааг тодорхойлдог
-Насанд хүрэгчдийн 49 кг-ын оролцсон “Насны зам” компанийн нэрэмжит “Баянгол” спорт клубын тамирчин, Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сурагч Д.Мөнх-Эрдэнэ боксын спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа. Тэрээр “Шижир-Алт” боксын клубын нэрэмжит тэмцээнд 2009, 2010 онд оролцож, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. “Хүүхдүүдийн тоглолтын техник, оюун ухааныг хөгжүүлж байдгаараа “Шижир-Алт” тэмцээн өрсөлдөөнтэй болдог, боксчдын ур чадварыг шалгасан том ч тэмцээн” хэмээн ярьж байна. Д.Мөнх-Эрдэнэ Азийн аварга, Олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнийн “амьдаа”, мөн түүний улаан фен бөгөөд тоглолтуудыг нь алгасахгүй үздэг. Мөнгөн медалийн тоглолтод ялаасай гэж сэтгэлээрээ захыг нь мушгисан ч хүрэл медаль дээр буусанд сэтгэл жаахан дундуур байгаа гэнэ.
-Насанд хүрэгчдийн 49 кг-ийн жинд хүч үзэж буй А.Доржнамжим А.Гантулга багшийн удирдлагад гурав дахь жилдээ хичээллэж байна. Тэрээр “Боксын спортод сэтгэл зүрхээ өгч, биднийг уйгагүй дасгалжуулж байгаа багшдаа баярлалаа”хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
-Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд шилдэг тамирчин гэдгээ баталсан “Шижир-Алт” клуб, “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Ууганчимэг боксын спортоор таван жил хичээллэж байгаа. Тэрээр “Олимп үзэхийн зэрэгцээ өөрсдөө тэмцээнд оролцож байгаа нь сайхан юм. Тэмцээн зохион байгуулалт сайтай байна” хэмээн ярьж байна.