Д.ЖАВХЛАН
Манай бөхийн хорхойтнуудыг баярлуулж явсан уран хурц барилдаант Увс аймгийн Малчин сумын харьяат, улсын заан Өлзийн Тулгаа агсныг бөхөд хайртай монгол түмэн андахгvй. Уран хурц барилдаан, бяр чадлаараа гайхуулан, үзэгчдийг шуугиулж явсан үе түүнийх. Улсын наадмын сүүлийн гурван түрүүг авсан “Увс нуур” галынхан тус аймгаас төрж гарсан улсын цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлалт барилдааны энэ удаагийн буухиаг уран барилдаант заан Ө.Тулгаа агсны нэрэмжит болгон зохиож буй юм. Энэ барилдаан өнөөдөр “Их засаг” дээд сургуулийн спорт зааланд болно. Ө.Тулгаа заантай нэгэн үе зүлэг ногоон дэвжээнд эд хаваа гайхуулан барилдаж байсан нөхөд нь ийнхүү дурсаж байна. Энэ тухайд Ховд сумын харьяат улсын харцага Г.Намсрайжавтай ярилцлаа.
-Сүүлийн гурван наадмын түрүү авсан “Увс нуур галынхан өнөөдөр Ө.Тулгаа зааны нэрэмжит барилдааныг зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ барилдааны талаар товчхон ярихгүй юу?
-Манай “Увс нуур” галаас улсын цол хүртсэн бөхчүүд, тэдний үр хүүхэд, хойч үеийнхэнд үлгэр дууриал болох үүднээс нэрэмжит барилдааныг сар бүр зохион байгуулдаг. Анхны барилдааныг XX зууны манлай бөх, Увс аймгийн Хяргас сумын харьяат хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит болгон зохиосон. Энэ барилдааны араас олон бөхийн нэрэмжит барилдаан хийсэн.
-Бөхөө дээдлэдэг ард түмэн маань Ө.Тулгаагийн нэрэмжит барилдааныг тэсэн ядан хүлээж байгаа болов уу?
-Энэхүү нэрэмжит барилдааныг монгол бөхийн уламжлалт ёс жаягийн дагуу амжилт цолны эрэмбийн дараалалаар зохионо. Энэ сарын барилдааны хойморийг Ө.Тулгаа заан эзлэж байна. Барилдаан бол үндэсний бөхөөр дагнан суралцаж буй хүүхэд залууст туршлага болох учиртай. Үүнээс гадна тухайн алдар цолтой бөхийн түүх намтар хийгээд барилдааны арга барилыг таниулах олон талын ач холбогдолтой. 1980-1990-ээд оны үед улсын заан Ө.Тулгаагийн уран хурц барилдааныг үзэх гэж олон хүн ирдэг байсныг санаж байна. Нэг ёсондоо түүний фенүүд Ө.Тулгааг барилдах сургаар үзэх гэж их дараалал үүсгэдэг байсан юм. Ө.Тулгаа бяраас гадна барилдааны өндөр мэдрэмжтэй бөх.
-Зарим хүн түүний тээврийн завгүй ажлынхаа аль заванд бэлтгэл сургуулилтаа хийдгийг гайхдаг. Нуулгүй хэлэхэд би ч мөн сонирхож байна?
-Найз минь амжилт гаргах насандаа авто тээврийн их ачаанаас үүрэлцсэн. Тээврийн хүнд хүчир ачаа барааг ачиж буулгах мэтээр хар борыг хийх нь түүнд дасгал сургуулилт болж байж. 1980-аад онд үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаан болдог байсан. Энэ барилдаанд улсын шигшээгийнхэн ч мөн зодоглодог байлаа. Байнгын бэлтгэл сургуулилттай шигшээгийн бөхчүүдтэй Ө.Тулгаа эн тэнцүүхэн барилдана шүү дээ. Улсын аваргад хамгийн идэвхитэй оролцдог нь Ө.Тулгаа. Тэр энэ барилдаанд хамгийн олон шөвгөрсөн бөх. Тэр сайн бөхөөс гадна сайхан хүн.
-Ө.Тулгаа зааны барилдааныг хамгийн сайн мэдэх хүний нэг нь та. Түүний барилдааны онцлогийг эргэн дурсахгүй юу?
-1980-аад онд улсын аваргад бид хоёр нэг баг болж оролцдог байсан. Түүний нэг барилдаан санаанаас ер гардаггүй юм. Увс аймгийн Завхан суманд болсон “Түмэн тэмээний” баярын барилдаанд үзүүр түрүүнд О.Балжинням аварга, Ө.Тулгаа хоёр үлдэж билээ. Тэр үед О.Балжинням аварга болоод удаагүй байсан. Ө.Тулгаа аваргын хөлд хоёр удаа орж, сүүлийн мэхээ лавшруулан хаяж билээ. Түүний хөлд орох нь бусдаас өөр байдаг. Их уран барилддаг. Дөрвөн мөчиндөө жигдхэн бяртай түүн шиг бөх одоодоо гараагүй байна.
-Та түрүүн Ө.Тулгаа зааныг сайхан хүн хэмээн магтлаа шүү дээ?
- Адуунд эрэмгий сайхан хүн байж билээ. Морь сайхан унаж эдлэхээс гадна хоолны амтыг амилуулна гэж янзтай. Найз минь амьдрал дээр ч дэвжээнд ч нямбай хүн байсан.
Улсын заан Ө.Тулгаагийн талаар Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Улсын начин Д.Төрмөнхтэй цөөн хором ярилцлаа.
ТЭР ХЭЗЭЭ Ч ХУДЛАА УНАЖ ҮЗЭЭГҮЙ
-Уран барилдаанч улсын заан Тулгаагийн нэрэмжит тэмцээнийг Увс нуурын галаас зохион байгуулах гэж байна. Аймаг, цэргийн цолтой бөхчүүд хүчээ сорьдог энэ тэмцээнд хүндэтгэл үзүүлэн та Увс аймгаас хүрэлцэн иржээ.Та зааны тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-1980-аад оноос 1990-ээд оны эх хүртэл бөхийн ногоон дэвжээнээ хурц, уран барилдаанаараа ялгарч байсан хүчит заануудыг нэг бол яах аргагүй Ө.Тулгаа. Бид хоёр нэг үеийн, нас чацуу бөхчүүд тул олон жил хамт барилдаж явсан. Ө.Тулгаа заан улсын их баяр наадамд хоёр удаа зургаа давж байсан шүү дээ.
Тэр үед тогтмол зохиогддог байсан улсын аварга шалгаруулах тойргийн барилдаанд Ө.Тулгаа маш амжилттай барилдаж байсан юм. Ер нь оролцсон удаа, гаргасан амжилт аль алинаар нь аварга Х.Баянмөнхийн дараа л орох байх шүү. 1982, 1988 онд хоёр удаа мөнгөн медаль хүртэж, таван удаа тавд, мөн зургаа, долоо, наймдугаар байрт тус бүр нэг удаа орж, тогтмол эхний аравт жагсдаг байсан юм. Нийтдээ энэ тэмцээнд 16 удаа зодоглосон. Хөдөө орон нутагт ажилладаг хүн нийслэлд байнгын бэлтгэл сургуулилттай бөхчүүдтэй эн тэнцүү барилддаг байсан нь онцгой амжилт гэж би бодож явдаг юм.
-Та Тулгаа зааныг бөхөөс нь гадна эр хүнийх нь хувьд сайн мэддэг байсан хүний нэг?
-Бид хоёр 20-иод жил хамтдаа барилдаж явжээ. Улсын болон аймгуудын наадам, сумдын ой гээд л. Нөхрийн хувьд түшигтэй, элдэв ааш араншингүй тийм л сайхан эр байсан. Ямарваа нэгэн барилдаан тэмцээнд оролцохдоо унаад өг гээд хүнийг шахаад ч юм уу, гуйгаад байдаггүй. Хүнд зориудаар унана гэж ер үгүй. Ёстой л шударга сайхан барилддаг байсан бөх дөө. Ө.Тулгаа хэзээ ч худлаа унаж үзээгүй.
-Сүүлийн гурван жилийн наадмын түрүүг Увсын бөхчүүд алдсангүй?
-Тулгаа заан 2010 оны дөрөвдүгээр сарын 20-нд өөд болсон юм. Аймгийн засаг даргын захирамжаар би талийгаачийг оршуулах комиссийн даргаар ажилласан. Тэгээд би зааны эхнэр, үр хүүхэдтэй ярьж байгаад цогцсыг нь “Шандас” бөхийн клубтээ тав хоног байрлуулсан юм. Хүмүүс янз бүрээр ярьж, дургүйцэх нь дургүйцэж байсан. Би тэд нарт хэлэхдээ заан энэ клубыг анх байгуулалцаад өнгөртлөө тэнд л бэлтгэл сургуулилтаа хийгээд залуучуудтай ноцолдож явсан юм гэж. Заан маань бусдын адил нийслэл рүү очиж байнгын бэлтгэл сургуулилт хийж амжилтад хүрээгүй хүн. Энд, нутагтаа л ажлаа хийгээд, машинаа тавьчихаад ноцолдож байж заан болсон хүн өөр хаана ч байхгүй шүү дээ. Тийм учраас заанаа эндээс нутаглуулна гэж би зүтгэсэн хэрэг. Тэгээд төрөлх Малчин суманд нь нутаглуулсан юм. Яг тэр жилийн наадмаар Б.Ганбат, дараа жилийн наадамд С.Мөнхбат, тэгээд өнгөрсөн жил П.Бүрэнтөгс түрүүлсэн дээ.
Дэлхийн фото зургийн уралдаанд 4 байр эзэлсэн Монгол эр
Ө.Тулгаа 1985 он
Тува улсын Хуреш барилдаанд түрүүлсэн үе 1990 он
Улсын аварга О.Балжиннямын хамт 1985 он