Д.ЖАВХЛАН
Манай улсад сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй спортуудын нэг нь ширээний теннис. Хэдхэн хоногийн өмнө уг спортын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болж спортын мастер Э.Лхагвасүрэн түрүүлж улсын хошой аварга болсон билээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Спортоор хичээллэхдээ хүүхэд, залуучууд ихэвчлэн амжилт гаргах боломжтой төрлүүдийг сонгодог. Бокс, бөх гэх мэт. Гэтэл ширээний теннис энэ өнцгөөс харвал бараг л найдваргүй спорт. Чухам яагаад ширээний теннисийг сонгосон бэ?
-Би 11 настайгаасаа ширээний теннис тоглож эхэлсэн. Аавынхаа нөлөөгөөр энэ спортод анх татагдсан. Би ааваасаа яагаад бокс ч юм уу, бөхөөр явуулаагүй вэ гэж асууж байсан. Багадаа би бие муутай хүүхэд байсан юм билээ. Надад хүчний спорт зохихгүйг мэдээд теннис рүү чиглүүлсэн байх. Тэр үед Азийн аварга Пак Чен Хо Монголд ирж 10 гаруй насны хэдэн хүүхдэд теннисний суурь хичээл заасан. Би тэдний нэг. Тэр хүний сургалтын арга барил, авьяасын хүчээр би 25 насандаа улсын хошой аварга боллоо.
-Улсын аваргын төлөөх тоглолтод мөнхийн өрсөлдөгч Л.Алтантулгатай үлдсэн байх аа?
-Тийм. Энэ жилийн улсын аваргад ОУХМ Л.Алтантулга, өнгөрсөн спартакиадын аварга З.Төрболд, мөн улсын хошой аварга Б.Баярмагнай зэрэг шилдгүүд хагас шигшээд шалгарч үлдсэн. Ингэснээр тэмцээн улам өрсөлдөөнтэй болсон юм. Аваргын төлөөх тоглолтод хашир мастер Л.Алтантулгатай таван үе тоглосноос дөрөвт нь ялж хошой аварга боллоо. Би түүнтэй энэ тэмцээний өмнө хоёр ч удаа таарахдаа дараалан ялагдаж байлаа. Тиймээс Л.Алтантулга миний хамгийн хүчтэй өрсөлдөгч юм.
-Таны тоглолтын арга барилыг хамгийн сайн мэдэх хүн бол Л.Алтантулга. Түүнтэй хэдийгээс тоглож эхэлсэн бэ?
-Л.Алтантулга солонгос багшийн дугуйланд надаас жилийн өмнө орсон. Тухайн үед арай цөөн хүүхэд хичээллэдэг байсан гэсэн. Тиймээс сургалтын үр дүн, туршлага арай илүү хуримтлуулсан болов уу. Бид хоёр өсвөрийнхний олон тэмцээнээс эхлэн хоорондоо таарч өрсөлдсөн. 2007 оны дэлхийн өсвөр насны универсиад наадамд хосын төрлөөр оролцож медальт байрт шалгарч байлаа.
-Тамирчид ширээний теннисний спорт өндөр хөгжсөн Герман, Хятад, Солонгос, Франц зэрэг орнуудын арга барилаар тоглодог. Харин манай тамирчдад аль арга барил нь зохимжтой вэ?
-Би теннисний цохиур барьсан цагаасаа л бүхнийг солонгос багшаасаа сурсан ч монгол хүний онцлогтой, өөрийн гэсэн арга барилтай гэж боддог.
-Таны аав Монголын пинг-понгчдыг олон улсын тэмцээнд оролцох зардлыг зохицуулах зэргээр бүх талын дэмжлэг үзүүлж ирсэн. Харин та энэ спортоор оргилд нь хүрэх гэж тэмүүлсээр яваа. Том зорилгын эхлэлийг амжилттай тавьж чадсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ сарын эхээр БНСУ-ын оюутны аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн болсон. Тэд манай улсын оюутны шигшээ багийг урьж оролцуулсан. Тэр тэмцээнээс манайхан гурван төрөлд медаль хүртэж, багийн дүнгээр нэгдүгээр байр эзэлсэн. Би хосын төрөлд хүрэл, ганцаарчилсан төрөлд тус улсын аваргатай дөрвөн үе тоглосоноос гуравт нь хожигдож мөнгөн медаль дээр буусан юм.
-Та энэ тэмцээнд аваргалснаар ОХУ-ын Казаньд болох универсиадад оролцох эрх авч байна уу. Бэлтгэл ханасан уу?
-Энэ тэмцээний өмнө дотоод дахь өрсөлдөөн хүлээж байна. Маргааш эхлэх улсын универсиадын тэмцээнд гуравдугаар байр эзлэхэд л явах эрхтэй болно.
-Тун удахгүй ганцаарчилсан төрлийн дэлхийн аварга болно. Энэ тэмцээнд амжилттай оролцсон тамирчины рейтинг ахих боломжтой. Таны чансаа хэдэд эрэмбэлэгдэж байгаа билээ?
-Монголын тамирчдаас хамгийн өндөр рейтингт Э.Галбадрах багш хүрч байсан юм билээ. Бид олон улсын тэмцээнүүдэд тэр бүр ордоггүй учраас чансаагаа ахиулах боломж тааруу. Чансаа өсгөх зэрэглэл өндөртэй олон тэмцээний гадна үлддэг. Тэмцээн уралдаанд явах зардал, санхүүгийн бэрхшээл бидний амжилт болон чансаанд нөлөөлдөг гэх үү дээ.
-Танай гэр бүлийнхэн энэ спортоор түлхүү хичээллэдгийг мэдэх юм байна. Таны тэмцээний бэлтгэлийг хэн хангадаг вэ?
-Гэр бүлийнхэн чинь таны бэлтгэлийг хангадаг уу гэж асуух гээд байна уу. Би тэмцээний бэлтгэлээ нэг хүнтэй хийдэггүй. Өнөөдөр Л.Алтантулгатай, маргааш С.Төрболдтой гэх жишээтэй.
-Таны охин дүү мөн л ширээний теннисээр хичээллэдэг байх аа. Дүү тань хэд хүрч байгаа билээ. Ямар амжилт гаргасан бэ?
-Миний дүү Э.Отгонжаргал энэ жил 17 хүрч байна. Отгоо маань өсвөрийн улсын аваргаас хоёр мөнгөн медаль хүртсэн. Дүүгээ энэ спортод их амжилт гаргана гэж боддог шүү.