Д.ЦЭРЭННАДМИД
Японы мэргэжлийн сүмогийн түүх олон содон амжилтаар баяжсаар байна. Энд Монголын сүмочдын хувь нэмэр онцгой байр эзэлж байгаа. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанаас сүүлийн жилүүдэд төрж гарсан гурван ёкозүна монгол. Анхных нь Асашёорюү, залгаж гарч ирсэн нь Хакүхо, гурав дахь нь Харүмафүжи гээд л... Тэд сүмогийн нэр хүндийг өргөж бас үзүүштэй болгож байгаа гэж болно. Монгол сүмочдын хаанчлал сүүлийн 10 гаруй жил үргэлжиллээ. Цаашид цөөнгүй жил тэр хэвээр байх өнгө төрх харагдаад байгаа юм. Японоос ёкозүна болчих бөх өнөөгийн макүүчийд л лав байхгүй. Тэгэхээр мэргэжлийн сүмог халхын хүчтнүүд өнгө оруулж байгаа гэж хэлж болно. Саяын Харү башё эхлэхэд Монголын хоёр аваргын хэн нэг нь түрүүлнэ гэсэн таамаг яригдаж эхэлсэн. Тэр нь ч үнэн байлаа.
Өмнө нь 23 түрүүтэй байсан “Цагаан гарьд” буюу их аварга Хакүхо М.Даваажаргал аргагүй хүчтэйгээ харуулж чадлаа. Түүнийг хазайлгах бөх энэ башёд байсангүй. Хакүхо 15 ялалттайгаар ёс дэх удаагаа түрүүлсэн нь сүмогийн түүхэнд тэргүүн амжилтын нэг болов. Түүний дараа их аварга Фүтабаяма, Тайхо нарын уналгүйгээр найман удаа түрүүлсэн амжилт жагсаж буй юм. Хакүхогийн энэ удаагийн түрүү нь Китаноүмигийн 24 түрүүтэй зэрэгцсэн гэсэн үг. Одоо ганцхан түрүүлэхэд их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн амжилттай тэнцэнэ. Цаана нь их аварга Чиёнофүжигийн 31, Тайхогийн 32 түрүүлсэн амжилтад хүрэх том зорилго бий. Хакүхо 24 дэх түрүүгээ энэ жил насан өөд болсон Тайхо их аваргын дурсгалд зориулж байна гэж хэлээд үзэгчдийг нэг минут чимээгүй зогсон хүндэтгэл үзүүлэхийг хүссэн нь сүмогийн түүхэнд бас нэг содон тохиолдол болсон байна. Түүнийг сүүлийн зургаан башёд түрүүлж чадаагүйд нь “Хакүхо харьжээ” гэсэн үг хааяа сонсогдох болсон бий. Тэгвэл аваргын байр сууриа алдах яагаа ч үгүй шүү гэдгээ Харү башёд харуулж чадлаа.
Өнгөрсөн жил хоёр башё дараалан уналгүй түрүүлснээр ёкозүна болсон Харүмаүфжи Д.Бямбадорж саяын башёд тун муухан барилдлаа. Есөн даваа гэдэг аварга цолтонд амжилт биш гэдгийг хэн ч мэдэх учир муухан гэдэг үг хатуудахгүй. Тэр тэмцээний гурав, дөрөв дэх өдөр маэгашира цолтонд унасандаа сэтгэлзүйн дарамттай болж сэргэж чадалгүй байсаар зургаа унасан. Сүүлийн гурвөн өдөр бас дараалан өвдөг шороодлоо шүү дээ. Үүнд сүмогийн холбооныхон тун ч тааруу хандаж байгаа бололтой. Тэгэх нь ч аргагүй л биз. Ямартай ч зэмлэл хүртэх байх гэдэг нь ойлгомжтой хэрэг.
Озеки цолтнуудын хувьд “хар башё” байлаа. Котоошюү гэмтлийн улмаас тэмцээнийг “өглөөгүүр” орхисон учир дараагийн тэмцээнд цолоо хамгаалах барилдаан хийнэ. Кисеносато 10 давсныг эс тооцвол хангалттай барилдсан озеки байхгүй. Тэд сулхан барилдсан нь тэмцээний тусгай шагналд ч нөлөөлсөн гэж болно. Учир нь дөрвөн озекиг ялсан Точиазанд шагнал оногдоогүй. Харин гурван озекиг ялсан Миёогирюү, Окиноүми нарын хэн ялсан нь гарамгай барилдааны шагнал хүртэх болзолтой барилдаж Окиноүми ялснаар хоёр дахь удаагаа энэ шагналын эзнээр тодров. Кантошёо буюу дайчин барилдааны шагналыг ёкозүна Харүмафүжи, озеки Какирюү, Котоошогикү нарыг унагасан Тоёоношимаг сүүлийн өдөр даваагаа ахиулбал өгөхөөр байсан ч тэр нь бас давсангүй болохоор шагнал эзэнгүйдлээ. Уран барилдааны шагнал авах бөх гарсангүй.
Барүто, Гоэйдо гэсэн хоёр сэкиваке, комүсүби Точиозан нар цолоо хамгаалав. Харин Аминишики 7-8 гэсэн амжилтын үзүүлэлтээр комүсүби цолоо алдаж түүний оронд Окиноүми дэвших болзол хангасан байна. Монгол сүмочдоос Шёотэнро найм, Кёкүтэнхо долоо давж Токитэнкү, Тамаваши нар 4-5-хан даваа авав. Жюүрёо зиндаанд Кёкүшюүхо Г.Эрдэнэбаатар 12 даваагаар түрүүлжээ.