Ч.ГАНТУЛГА
ҮЗЭСГЭЛЭНТ ДАГИНАСЫН ДОМОГ
Тэнгэрийн их эзэн Зевс үзэсгэлэн гоо, оюун ухаан, авъяас билэг төгс есөн охинтой. Тэд ой дурсамжийн бурхан, дарь эх Мнемосинагийн алтан хэвлийгээс мэндэлсэн юмсанж. “Олим” ууланд тэнгэрийн бурхад чуулах үеэр тэдгээр охид морилон саатахад тэнд хурсан түмний оюун ухаан тэлж, үг хэл нь хурц мэргэн, сэтгэл санаа нь уужим тайван болдог ажээ. Сод авъяас шингэсэн эдгээр охид номлол сургаалийг айлдаж, яруу найраг, дуу хөгжим, театр урлагийн их цэнгүүнийг үүсгэн ер бусын баяр баясалыг бэлэглэдэг байжээ. Зевсийн есөн охиныг Муза буюу дагина хэмээн нэрийддэг гэнэ. Тэд театр урлаг, утга зохиол, дуу хөгжим, шинжлэх ухааныг тэтгэж, хөгжөөдөг далдын увдистай бурхад байв. Энэхүү есөн Музагийн ивээл дор дэлхийн урлаг, утга зохиол цэцэглэн дэлгэрч, сод их авъяастнууд мэндэлдэг домогтой.
“ГЭГЭЭН МУЗА”-ИЙН ТҮҮХЭЭС ...
Анх 1999 онд драмын урлагт хайртай журмын нөхөд санаачлан драмын жүжигчдийн сурч боловсрох, гадаад харилцааг өргөжүүлэх, тэдний дунд мэргэжлийн өрсөлдөөнийг бий болгох, олон талт арга хэмжээг зохион байгуулах зорилготойгоор Драмын мэргэжлийн жүжигчдийн төв буюу “ДМЖТ”-ийг үүсгэн байгуулжээ. Тэдний мөрөөдөж явсан олон зорилгын нэг нь драмын жүжигчдийн оны шилдгүүдийг тодруулж, алдаршуулах наадамтай болох хүсэл байв. Тэрхүү чин хүсэл нь 2003 онд биеллээ олж анхны “Гэгээн муза” наадмыг амжилттай зохион байгуулсан юм. Түүнээс хойш жил бүр уламжлал болгон зохиосоор энэ жил 10 дахь жилийнхээ түүхтэй золгож байна. Анхны “Гэгээн муза” наадам хүн бүхний хувьд маш шинэлэг, содон байсан гэдэг. Ололт, амжилт, нууцхан харуусал дагуулсан энэхүү наадам залуу уран бүтээлчдэд ихийг хийх урам зоригийг өгч, Монголын театрын хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээжээ. Анхны наадамд драмын есөн жүжиг өрсөлдсөнөөс гурав нь драмын театрын бүтээл байв. Орон нутгаас зөвхөн Дарханы “Залуучууд” театр “Бурхан өршөө” жүжгээрээ оролцсон түүхтэй. Тэр үед хүч түрэн гарч ирсэн “Хувьсал” продакшн, “Өнгөт инээд” хамтлаг “Орчин үе” театр зэрэг шилдэг театрууд өрсөлджээ. Дэлхийн театрын өдөр шилдгээ тодруулахад Шилдэг найруулагчийн шагналыг Б.Мөнхдорж “Эрлэгийн данс” жүжгээр, Шилдэг зохиолчоор Д.Батбаяр – “Чамгүйгээр би амьд явж чадахгүй” жүжгээр, тайзны зураачаар Т.Ганхуяг “Шөнө дундын бүжиг” жүжгээр, хөгжмийн зохиолчоор Чинбат “Дурлалын сум” хошин жүжгээр, эрэгтэй гол дүрийг С.Болд – Эрдэнэ “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” жүжгийн Франсуа Пиньонийн дүрээр, эмэгтэй гол дүрийг – У.Уранчимэг “Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубирагийн дүрээр, туслах эрэгтэй дүрийг П.Цэрэндагва “Шөнө дундын бүжиг” жүжгийн Амегогийн дүрээр, туслах эмэгтэй дүрийг С.Өлзийхүү “Дурлалын сум” жүжгийн Долгорын дүрээр, продюссераар Г.Цоггэрэл “Гэгээн Муза”-гийн эзэн болж байсан бол, “Залуу уран бүтээлч”-ээр жүжигчин Г.Эрдэнэбилэг шалгарч байжээ.
ОРОН НУТГИЙН ТЕАТРУУД ХҮЧЭЭ СОРЬЖ ЭХЛЭВ
Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа уран бүтээл үнэ цэнэтэй болдог. “Гэгээн муза” наадам ч энэ л бичигдээгүй хуулийн дагуу замнасан. Үзэгч түмний хүсэн хүлээдэг чансаатай наадмын нэг болж чадсан билээ. Уран бүтээлчдэд энэхүү наадамд нэр дэвших нь, шагнал хүртэх нь нэр төрийн хэрэг болж, олон алдарт бүтээлүүд энэ наадмын буянаар амилсан түүхтэй. Он жилүүд улирах тусам “Гэгээн муза” наадам өргөжсөөр, цар хүрээгээ тэлсээр ... Анх есөн номинацид шилдгээ тодруулсан “Гэгээн муза” 2004 онд долоон номинацид өрсөлджээ. Өмнөх жилийнхээ наадмаас туршлагажсан зохион байгуулагчид наадмаа зохион байгуулалтын өндөр төвшинд хүргэсэн гэдэг. Тэр жилийн шилдгийн шилдгээр “Саран хөхөө” жүжиг шалгарчээ. Тус жүжиг Шилдэг найруулагч, эрэгтэй гол дүр, эмэгтэй гол дүр, шилдэг хөгжмийн зохиолчийн шагналыг уран бүтээлчдэдээ авчирсан юм. 2005 оноос “Гэгээн муза” наадам олон төрөлд шилдгээ тодруулж эхэлсэн. Түүнд драмын төрөл, мюзикл, орон нутаг гэсэн гурван төрөл багтаж байлаа. Энэ удаа драмын төрөлд шилдэг найруулагчийн шагналыг “Ээжээ” жүжгээр найруулагч Б.Баатар хүртсэн аж. Харин цоо шинэ мюзиклийн төрөлд анх удаа Шилдэг найруулагчийн шагналыг Н.Болд “Зун орсон цас” мюзиклээрээ хүртжээ. Шилдэг эрэгтэй гол дүрд П.Эрдэнэзаан “Үнэнээ хэлээч” мюзиклийн Жиммигийн дүрээр “Гэгээн муза”-ийн эзэн болсон байна. 2005 оны “Гэгээн муза” наадмын гол онцлог нь хөдөө орон нутгийн театрууд энэхүү наадамд ач холбогдол өгч, хүч түрэн орж ирсэн явдал байв. Завхан, Дархан, Дундговь аймгийн шилдэг бүтээлүүд өрсөлдөжээ. 2008 оны наадамд нэгэн шинэ төрөл багтсан нь “Хүүхдийн жүжиг” гэсэн төрөл байв. УДЭТ-ын “Лусын дагина” жүжиг, Дундговь аймгийн Төв халхын дуулалт театрын “Би босс Бооёо” жүжиг, Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театр”-ын “Сүүдрээс гэрэлтэх хайр” жүжгүүд өрсөлджээ. Ийнхүү жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байгаа “Гэгээн муза” наадам уран бүтээлчдийн урам зориг болж, Монголын театрын түүхэнд тодоос тод гэрэлтсээр л байна.
“ГЭГЭЭН МУЗА”-Г ОЛОН УЛС ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ
10 жилийн ойгоороо зохион байгуулагчид маань “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” нэрээ өөрчлөн “Гэгээн муза” акдеми болон өргөжиж байгаа билээ. Мөн наадмаа олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Оросын алдарт “Золотая маска” наадмын шүүгч болон Молдав улсын нэг хүний жүжгийн зохиолч, театр судлаач Золко Анжелина нар “Гэгээн Муза” наадмын үндсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Түүнчлэн хот, хөдөөгийн театруудаас гадна Серби, АНУ, Косово улсын уран бүтээлчид Монголын театрын урлагийн дээд шагналын төлөө өрсөлдөх аж. Энэ жил 14 бүтээлээр 60 гаруй уран бүтээлч авьяас билэгээ сойж байна. Энэ жилийн наадмын бас нэгэн онцлог нь инээдмийн болон ганц хүний жүжиг гэсэн хоёр төрөл шилдэгт өрсөлдөхөөр багтсан явдал юм.