Ч.Гантулга

Дэлхийн театрын өдрөөр Драмын  театрын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Ц.Баясгаланг  дугаарын зочноор урилаа. Тэрээр “Би Эдит Пиаф” байна” моно жүжгийг амжилттай бүтээж “Гэгээн муза” наадмын “Нэг хүний жүжиг” төрөлд нэр дэвшиж байна. Түүнтэй амьдрал уран бүтээлийнх нь тухай сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе.

-Нэг хүний жүжиг шинэ содон, бас хүмүүсийн анхаарлыг ч ихээхэн тат­сан бүтээл болсон.  Харин таны хувьд санасандаа хүртэл тоглож чадсан  уу?

-Монголдоо анх удаа  моно буюу нэг хүний мюзикл жүжгийг амжилт­тай тавилаа. Ямар болох бол, чадах болов уу гэсэн багахан хэмжээний санд­рал байсан. Гэхдээ үзэгч­дийн намайг хайрласан, урам өгсөн харцнаас бүх­нийг ойлгосон. Энэ жүжиг надад ололт амжилт да­гуул­лаа. 2014 онд болох Францын соёлын өдрүү­дэд оролцох урилга ирсэн. Энэ бол уран бүтээлч хүнд маш том боломж шүү дээ.

-Цаашдаа энэ төрлөөр тоглох уу?

-Олон газраас хамтарч ажиллах санал тавьсан. Ер нь баар, рестораны бай­далд тохируулаад хүмүүст оюуны таашаал өгч яагаад болохгүй гэж. Зөвхөн драм талаа барихгүй, дуу хөг­жимд тулгуурласан жүжиг тоглохыг маш их хүсч бай­на. Гэхдээ драм байсан болохоор миний жүжиг хүмүүст илүү хүрсэн нь мэдээж.

-Таньд нэг хүний жү­жиг тоглох саналыг хэн анх тавьсан бэ?

-“Гэгээн муза” наадам энэ жилээс акдеми болж байгаа. Өөрөөр хэлбэл, олон улсын чанарт шил­жиж байна гэсэн үг.”Нэг хүний жүжиг” гэсэн төр­лийг шинээр бий болголоо. Тиймээс зохион байгуу­лаг­чид илүү анхаарал хан­дуулж байна. Гадаадаас олон уран бүтээлч өрсөл­дөнө. Тиймээс акдеми өнгөрсөн арваннэгдүгээр сард энэ төрлийг сонир­хож байгаа уран бүтээл­чид, оюутнуудын дунд сур­галт явуулсан юм. Дэл­хийн шилдэг зохиолуудыг орчуулж, бидэнд санал тавьсан. Тэр дундаас ми­ний сэтгэлд хүрч, догд­луулсан нь “Би Эдит Пиаф байна” зохиол.

-Энэ зохиолоор үзэгч­дэд юу хэлэхийг хүссэн юм бол?

-1915-1963 оны үед амьдарч байсан түүхэн хүн. Маш сонирхолтой, унаж боссон амьдралтай бүсгүй. Гудамжны хатуу ширүүн амьдралаас алдрын титмийг өмсөж чадсан ухаалаг эмэгтэй. Хэрцгий хүнд тэгсэн мөртлөө ялгуун гайхалтай амьдрал түүнийх байсан. Түүний тухай кино бий. Өөрөө ч дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн. Эдит Пиаф судалж, киног нь үзэхэд өөрийн эрхгүй нулимс урсч байсан. Тэр жижиг­хэн биетэй, турьхан эмэг­тэйд хүнийг чин сэтгэлээ­сээ хайрлах агуу сэтгэл цогцолсон. Түүний хэлсэн үг байдаг. “Би дурлалгүй­гээр амьд­ралаа төсөөлж чадахгүй. Энэ дурлалын хүчээр миний дуунууд төрсөн юм” гэж. Үнэхээр түүний дуунуудыг сонсо­ход бага нас нь хэрхэн өнгөрсөн, анхны эр хүн нь хэн байсан, амьдралын хүнд хэцүү үед хажууд нь хэн байсан зэрэг бүх л түүхийг нь мэдэж болно. Тийм ч учраас хатуу бүх­нийг зөөллөж амжилтанд хүрч чадсан. Тэр бүхэн нь миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөсөн. Дүрийг нь бүтээхсэн гэж хүсч тэмүүлсэн.

-Дүрийн судалгаа хийж байхад Эдит Пиафын амьдрал, таны амьдрал хоёрт төстэй зүйл  байв уу?

-Яаж төстэй байхав. Тэр чинь агуу хүн шүү дээ. Харин уран бүтээлч гэд­гээрээ төстэй байж болох юм. Уран бүтээлч хүн бү­хэн зорьсондоо хүрэх гэж тэмүүлдэг. Эдит Пиаф зан ааш  минийхээс тэс өөр. Би бол маш хүмүү­жилтэй. Сурган хүмүү­жүүлэгч гэр бүлд өссөн хүн шүү дээ.

Мний амьд­ралд дандаа л “Болохгүй, болохгүй” гэсэн дүрэм үйлчилдэг байсан. Харин түүний амьдралд, ядаж  үгийн санд нь ч  “болох­гүй” гэдэг үг байгаагүй. Маш эрх чөлөөтэй, хүссэ­нээрээ амьдардаг, хүссэ­нээрээ хайрлаж дурладаг, цаг ямагт өөрийнхөөрөө байж чаддаг задгай амьдралтай бүсгүй.

-Тайзан дээр олуулаа тоглодог. Харин хажууд чинь хэн ч байхгүй ганцаа­раа тоглоход ямар байсан бэ?

-Тайзны бүтээл хам­тынх байдаг. Хажуу­даа жүжигчинтэй, харил­цаад тоглоно гэдэг өөр. Ганцаа­раа тоглоно гэдэг бас л шинэ мэдрэмж байсан. Жүжигчнээс чансаа шаард­даг юм билээ. Бүх зүйлээ   шавхсан. Анх зохиолоо авчихаад найруу­лагчаа сонгох гэж нэлээд бодсон. Ямар найруулагч надтай хамтарч энэ зохио­лыг ойлгож, хүмүүст хүр­гэж чадах вэ гэдэг асуул­тын өмнө ирсэн. Тэгээд Ч.Баатар найруулагчийг сонгосон. Агуу сэтгэлгээ­тэй хүн шүү дээ. Яг энэ чиглэлээр мэргэшсэн гэж болно. Миний сана­лыг сайхнаар хүлээж ав­сан. Миний сонголт зөв байсан.

-Жүжиг дотоод хүнд чинь хэрхэн нөлөөлөв?

-Санаж, бодож, хичээвэл бүх зүйл болдог юм байна. Миний дотор нэг мөрөөдөл байсан юм. Тэр нь мюзиклд тоглох. Би санасандаа хүрлээ. Гэхдээ уран бүтээлч хүн хэзээч цаддаггүй. Дахиад бүхэл бүтэн том мюзиклд тоглох хүсэл байна.

-Өөртөө амралт өгөх­гүй нь ээ?

-Амрах эрхгүй болчи­хоод байна./инээв/ Олон зорилгыг өөртөө тавьсан болохоор хөдөлмөрлөх хэ­рэгтэй. Уг нь манай уран бүтээлчид нэг жүжигт ажил­лаад хэсэг хугацаанд амарч, алжаалаа тайлдаг. Миний хувьд амрах бо­ломж олдохгүй л байна. Франц хэл сурах том ажил­тай/инээв/. Бас жүжгийнхээ дуунуудыг дуулж сурмаар байна.

-Ингэхэд та яагаад дуучин болоогүй юм бэ?

-Манай аав их сай­хан дуулдаг хүн байлаа. Дуу миний хобби. Аавы­гаа миний урлагийн замыг нээж өгсөн гэж боддог. Биднийг үлгэ­рээр хүмүү­жүүлсэн. Үлгэ­рийнхээ дү­рүү­дэд хувирч, өөрөө гол дүрийн баатар болоод тог­лодог байсан нь санаанаас гардаггүй. Багадаа орос дуу дуулдаг байсан. Анх “Чингис хаан” рок дуу­рийн Хуагчин эмгэний дүрд дуулсан.

-Аавынхаа үгэнд ордог сайн охин байж чадсан уу?

-Сурган хүмүүжүүлэгч хүн байсан болохоор хүнд худлаа ярьж болохгүй, шударга бай гэж сургадаг байсан. Би аав, ээжийнхээ үгнээс гарч үзээгүй. Тэд­нийхээ заасан замаар л амьдарч байна. Тэглээ гээд алдсан зүйл байхгүй. Ер нь эцэг эхчүүд үр хүүх­дийнхээ ирээдүйн замыг харчихсан юм шиг дандаа л зөв зөвлөгөө өгдөг шүү дээ. Одоо ч ээж минь на­майг бэлтгэлтэй байгаад шөнө ирэхэд сэтгэл нь зовниж цаг хэд болж бай­гааг мэдэж байна уу гээд сууж байдаг юм.

-Тэгвэл ээж шигээ сайн ээж байж чадаж байна уу?

-Яг одоохондоо манай гэр бүлд юу болж байгааг мэдэх сөхөөгүй л ажиллаж байна. Хүү минь арван­нэг­дүгээр ангид орчихлоо. Энэ хугацаанд ээжийнхээ үүргийг шаггүй биелүүл­сэн гэж боддог. Хүүгээ ганцаардуулж, хайраар дутааж байгаагүй. Гэхдээ эмээ эгч хоёрынх нь хүч их байсан.

-Хүн бүхэн өөрийн гэсэн замналтай. Та үүнд итгэдэг үү?

-Би ч гэсэн өөрийнхөө замналаар л амьдарч бай­на. Хүн бүхэнд өөр өөрийн төөрөг гэж байдаг гэдэгт итгэдэг. Анх сургуу­лиа төгсчихөөд “Орчин үе” театрт хэдэн жил ажил­ласан юм. Тэр үед Б.Мөнх­дорж найруулагч “Чи драмын театрт л байх ёстой, Т.Цэвээнжав эгчийн залгамж болж тэнд ажил­ла” гэж намайг урьж бай­сан. Гэхдээ би Т.Цэвээн­жав эгчийн хаана нь ч хүрэх болоогүй.

-Та харьцангуй орой гол дүр бүтээсэн юм шиг санагддаг?

-Маш олон жилийн дараа бүтээсэн. Яагаад гэвэл бидэнд одооных шиг ийм хурдан олонд таниг­дах боломж байгаагүй. Жилд ганц нэгхэн жүжиг л тавьдаг байсан. Зурагт радио ховор, клип гэдэг зүйл байгаагүй. Хэрвээ одоогийнх шиг ийм олон боломж байсан бол ганц нэг клипэнд тоглож, хү­мүүсийн наана цаагуур гүйж байгаад олны танил болчих шанс байсан байх. Бидний үеийнхэнд тийм боломж байгаагүй. Олон сайхан жүжигчид дарагд­сан. Тэр болгон гол дүр авч чаддаггүй байлаа. Миний хувьд ихэвчлэн туслах дүр бүтээсэн. Тэглээ гээд шант­раагүй. Бусад жүжиг­чид маань хувийн про­дакшн байгуулаад явж байхад би театраа сахиад л үлдсэн. Ц.Гантөмөр багш маань “Чи драмын театртаа л байх хэрэгтэй шүү, чи драмын л хүн”гэж байнга захидаг байсан. Багшийнхаа сургаалийг л дагасан. Үгнээс нь гарах зориг зүрх хүрээгүй. Олон жил юу ч хийхгүй байна даа гэж дотроо бачуурч явсан. Гэхдээ жижиг дү­рүүд бүтээгээд л байсан. Одоо бол тэр бүхэн надад асар том туршлага болж байна. Жижиг дүрээр том зүйл хэлж болдгийг ойлгосон.

-Магтаал шүүмжлэ­лийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Шүүмжлэлийг хү­лээж аваад, өөртөө дүгнэлт хийдэг. Миний яг юу бо­лохгүй байна, яавал засах вэ гэж боддог. Харин маг­туулахаар ичээд байдаг юм /инээв/.

-Амьд урлагаас юуг мэдэрч байна?

-Амьдралаас авч болох хамгийн сайхан мэдрэм­жийг авдаг. Тайз бол амьд урлаг. Хүмүүстэй шууд харилцдаг. Ямар нэгэн хуурамч зүйл байхгүй. Үзэгч­дэд уярал ухаарлыг өгдөг.

-Таны дутагдал юу вэ?

-Ёстой хэцүү асуулт байна. Тэр талаар бодож байгаагүй юм байна. Би тайван талдаа. Энэ нь хааяа дутагдалтай чанар болчих гээд байх үе бий.

-Ганцаардлын тухай ямар бодолтой явдаг вэ. Та нь ганцаарддаг уу?

-Ганцаардах үе гарал­гүй яахав. Хааяа ганцаар­дах дуртай. Ган­цаар­дах, ганцаараа байх хугацаанд олон зүй­лийг боддог. Ха­рин одоо ганцаардах зав гарахгүй явна.

-Жүжигчин гэдэг нэр хүндийг ямар үнэ цэнээр олж авсан бэ?

-Хувийн амьдралаа хойш нь тавьж байж, энэ нэр хүндийг олж авсан юм шүү. Хэрвээ гэр бүлээ гээд явсан бол өдийд ямар хүн­тэй учраад, яаж явах байс­ныг мэдэхгүй. Аягүй бол чи хурдан ирээч, үр хүүх­дээ асар, надад хоол хийж өг гээд араас хашгирах ч байсан юм билүү.

-Харамсдаггүй гэж үү?

-Одоохондоо харамсах сэтгэл төрөхгүй байна. Би хараахан хөгшрөөгүй бай­на. Уран бүтээлээ хийгээд явж байгаа болохоор энэ тухай бодож амжаагүй юм байна шүү.