Д.ЖАВХЛАН

 Т.Энхжаргал Энэтхэгийн Дели хотноо болсон Азийн аваргаас Монголын анхны алтан медалийг хүртсэн билээ. Ази тивийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин, спортын мастер Т.Энхжаргалтай ярилцлаа.

-Юуны өмнө танд Азийн аварга болсонд баяр хүр­гэе. Та дугуйн спорт өндөр хөгжсөн Япон, Хонг­конгийн шилдгүүдийг ар­даа орхилоо шүү дээ?

-Баярлалаа. Энэ удаа­гийн тивийн аваргад ма­най дугуйн шигшээ ба­гийн эрэгтэй найм, эмэг­тэй хоёр дугуйчин, гавьяат тамирчин Ж.Өлзий-Ор­шихын удирдлага дор бэлт­гэлээ базаасан. Ми­ний уралдсан 28.4 км-ын цуваа гараанд 19 орны дугуйчин оролцсон. Энэ төрөлд тамирчдын рей­тингээс хамаарч гараа­наас уралдуулдаг. Өнгөр­сөн оны аварга сүүлдэж гарах жишээтэй. Би энэ төрөлд гурваар гарсан. Миний урд Пакистаны хоёр тамирчин гарсан юм. Уралдааны эхний таван минутад тэднийг ардаа орхиж цувааны эхэнд яв­саар барианд орсон. Тэ­гээд 28.4 км замыг 39 минут 27 секунд 303 до­лийн амжилтаар бариал­сан. Харин Японы дугуй­чин Увано Минами 39 минут 30 секундээр энэ тэмцээний мөнгөн медаль хүртсэн юм. Увано Ми­нами өмнө нь Азийн авар­гаас мөнгөн медаль, три­кийн төрлөөр Дэлхийн аварга болж байсан турш­лагатай. Харин би дугуйн спортоор хичээллээд нэг жил болж байна. Энэ урал­даан миний хувьд анхных. Намайг энэ тэмцээнээс юм дуулгах хүүхэд гээд хашир тамирчид тал бү­рээс урам хайрласан.

-Уралдааны замд юу бодогдож байв. Хөгжөөн дэмжижгчдийн уухайн дунд байраа алдахгүйн тулд чамгүй хичээл зүтгэл шаардаа биз?

-Намайг сэтгэл зүр­хээ­рээ дэмжсэн хүмүү­сийн ачийг заавал меда­лиар хариулах ёстой гэж бодон бүх хүчээ шавхан уралдсан. Энэ тэмцээнд явахад тийм ч амар бай­гаагүй. Зарим нь миний эсрэг байсан. Тэдний хэл­сэн гашуун үг уралдааны замд намайг зөвөөр хур­цалсан. Тиймээс тэдэнд ч бас баярлах ёстой. Дугуйн спорт нь биеийн хүчний төдийгүй сэтгэлийн их тэвчээр шаарддаг юм.

-Гол бэлтгэлээ хаана базаасан бэ?

-Өвлийн нөхцөлд га­даа гол бэлтгэлээ хийх боломжгүй. Энэ тэмцээ­ний өмнөхөн биднийг МҮОХ-ны дэмжлэгээр БНСУ-д нэг сарын хам­тарсан цугларалтад гарга­сан юм. Зориулалтын зам дээр бэлтгэл хийвэл Мон­голын тамирчид хэнд ч дийлдэхгүй болохыг энэ тэмцээн харууллаа.

-Өмнө нь триатлоноор хичээллэдэг байсан гэсэн. Энэ спортоор хичээллэсэн нь суурь бэлтгэл болсон байх?

-Би бага наснаасаа триатлоны спортоор хи­чээллэсэн. Энэ спортоор 2009 оны Азийн аваргад багаараа тавдугаар байрт орж, хүүхдийн олимпод орох эрхээ авч байлаа.

-Тэгээд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Хүүхдийн олимпод орсон ч олигтой амжилт гаргаж чадаагүй.

/upload/2013032111.jpg

-Дараа нь дугуйн спорт руу орсон уу. Өнгөрсөн хугацаанд ямар амжилт үзүүлэв? 

-Яг нэг жилийн өмнө багштайгаа танилцаад энэ спортод орсон. Тэгээд хоёр сарын дараа спартакиад наадмын аварга болж, 2012 оны улсын аваргад мөн түрүүлсэн.

-Та Азийн аваргын бөөн гарааны төрөлд бас орсон байх аа?

-Бөөн гараа гэдэг нь 14.2 км-ын замыг долоон удаа тойрох ёстой юм. Энэ төрөлд харьцангуй муу бэлтгэлтэй байсан нь үнэн. Би сүүлийн тойрогт Япон, Хонгконгийн тамирчин­тай шүргэлдэн уначихсан. Тэгээгүй бол байр эзлэх байсан уу гэж битгий асуу­гаарай. Би цуваа га­рааны төрөлд л бүх анхаар­лаа хандуулсан. Энэ тэм­цээнээс их зүйлийг сурч мэдлээ.

-Та Азийн аварга бо­лоод олон улсын хэмжээ­ний мастер боллоо. Харин спортын мастерыг хэзээ авсан билээ?

 -Өнгөрсөн долдугаар сарын 14-нд Хүй долоо худагт 25 км-ын зайн урал­даанд орсон юм. Энэ уралдаанд 36 минут 52 секундын амжилтаар спор­тын мастер цол хүрт­сэн. Уяачдын наадмаар мастер болсон нь хожмын том тэмцээнээс амжилт гаргахыг тухайн үед мэ­дэрч байсан.  

-Та “Хүч” спорт хороо­ны тамирчин. Амжилт гаргасан тамирчид цол нэмдэг шүү дээ?

-Би оны өмнөхөн ах­мад цолоор шагнуулсан. Өнгөрсөн мягмар гаригт “Хүч” спорт хорооны удирд­л­агууд намайг хү­лээн авч уулзсан. Энэ үеэр миний цолыг нэмэх тухай ярьсан. Мөн цаашид тэм­цээн уралдаанд оролцох зардал, витаминаар хан­гана гэсэн. 

 -Та Азийн аваргын 28.4 км-ын зайд 39 минут 27 секундийн хугацаанд бариалсан. Таны дундаж хурд ахисан байна шүү?

-Найман сарын өмнөх тэмцээний хугацааг ти­вийн аваргын хугацаатай харьцуулж байна уу. Энэ хоёр тэмцээний дундаж хурдыг хооронд нь харь­цуу­лахад 3.4 км-ээр ахи­сан байна лээ.

-Цаашид ямар тэм­цээнд бэлдэх гэж байна вэ?

-Ирэх наймдугаар са­рын эхээр Ирланд улсад болох Цагдаагийн дэл­хийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд орохоор төлөвлөж байна. Мөн ирэх сарын 7-нд Монголын дугуйчдын нээлттэй өдөр­лөг болох юм. Энэ жилийн уралдаануудаас туршлага хуримтлуулан ирэх жил болох дэлхийн аваргын тэмцээнд орохыг хүсч байна.

-Одоо хэдэн настай билээ?

-20 нас хүрч байна. Миний өндөр 163, жин 56 кг. Дугуйн спортод тохир­сон гэж бодож байна.

-Азийн аваргын гол өрсөлдөгч хэн байв?

-Би 2010 оны Азийн аваргад түрүүлсэн Солон­госын тамирчинтай хам­тар­сан бэлтгэл хийсэн. Бэлтгэл дээрх хугацаагаа Солонгосын тамирчинтай харьцуулахад ойрхон гар­сан юм. Тиймээс энэ тэм­цээнээс горьдлого тавьж байлаа. 

-Та 12 жил тасарсан медалийг авчирлаа шүү дээ?

-1982 оны Азийн авар­гаас Ц.Ганболд анхны мөнгөн медаль, 1989 онд гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших хүрэл медаль, 2001 оны тивийн тэмцээнээс Ууганаа ах мөнгөн медаль авч байсан юм билээ. 12 жил тасарсан медалийн өнгийг хувир­гаж авчирсан анхны эмэг­тэй тамирчин болсондоо баяртай байна. Азийн авар­гын мөнгөн медаль Ц.Ганболд ах энэ меда­лийн өнгийг хувиргаарай гээд өөрийнхөө мөнгөн медалийг миний хүзүүнд зүүж өгсөн.  

-Баярласан талархсан сэтгэлээ илэрхийлэх хүн олон байгаа биз?

-Надад урам хайрла­сан ах, эгч нартаа мөн намайг басч байсан хү­мүүст баярлалаа гэж хэл­мээр байна. Би аль али­наас нь ухаарал авч, тү­рүүлсэн юм шүү.