/1909-1978 ОН/
Н.БАТМӨНХ
Ш.Ванчинхүү Дөрвөдийн үнэн зоригт хан аймгийн Тариачины зүтгэлт бэйсийн хошуу , одоогийн Ховд аймгийн Буянт сумын нутаг Хар ус нуурын Цагаан голын “Цагаан тэмээт” гэдэг газар 1909 оны шороон тахиа жил айлын ес дэх хүү болон төржээ.
Ш.Ванчинхүү 17 настайгаасаа эхлэн орон нутгийн наадмуудад барилдаж эхэлсэн ба 1930 онд хошууныхаа наадамд 21 настай түрүүлж байжээ.
Мөн тэрээр Хэнтий аймагт томилолтоор очиж ажиллаж байхдаа 1930 онд Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авчээ.
Ш.Ванчинхүү 1932 оны УБН-д анх аймгийн арслан цолтой барилдаж 1000 шахам бөхөөс зургаа давж “өсөх идэр заан” цол хүртжээ.
1934 онд Ховд аймгийнхаа баяр наадамд барилдаж түрүүлжээ.
1936 оны УБН-д барилдсан 1024 бөхөөс 7 давж “Саруул сайжрах” чимэг.
Мөн энэ ондоо Ховд болон Увс аймгуудын баяр наадамд түрүүлжээ.
1939 оны УБН-д нэгийн даваанд Архангай аймгийн харъяат малчин залууд унажээ.
1940 оны УБН-д 512 бөхөөс ес давж түрүүлж 31 насандаа Монгол улсын Уран хүчит, саруул шаламгай арслан цол авчээ.
1945 оны УБН-д 512 бөхөөс зургаа давжээ.
Мөн 1945 оны Баян-өлгий аймгийн баяр наадамд түрүүлжээ.
Ш.Ванчинхүү арслан УБН-д ердөө таван удаа барилджээ. Энэ нь нам , улсын өндөр албан тушаал орон нутагт харшиж явсан учраас УБН-д тэр бүр зодоглох боломж нь хязгаарлагдаж байсантай холбоотой юм.
Ш.Ванчинхүү арслан 1950 онд 41 настайдаа аймгийнхаа баяр наадамд зодоглож түрүүлж нутгийн наадамчин олноо баясгаж явжээ.
Мөн үүнээс гадна аймгийнхаа баяр наадамд 1932-1935 онуудын хооронд хоёр удаа үзүүрлэжээ.
Мөн 1941-1943 онд намын боловсон хүчний дээд сургууль төгсөөд Баян-өлгий, Булган аймгийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажиллажээ.
Тэр сурч мэдэхийн төлөө, сурч мэдснээ бүтээлчээр хэрэглэж эх орон ард түмнийхээ өмнө түүхэн хөгжлийн явцад дэвшин тавигдсан цаг үеийн зорилтуудыг биелүүлэх их үйлст өөрийн ухамсарт амьдралаа чин үнэнчээр зориулсан хүний нэг юм. Тэрээр энэ их нөр ажлын хажуугаар биеийн тамирын төрөл болох үндэсний бөх, гар бөмбөг, хөл бөмбөг, шатар, даам тоглох, цана тэшүүрээр гулгах, сур шагай харвах, урт өндрийн харайлт, гүйлт зэргээр хичээллэж тэмцээн уралдаанд байнга оролцож явснаа дурсан ярьж, үндэсний бөхөөр гаргасан амжилт энэ бүхний ач буян гэжээ.
Ш.Ванчинхүү арслан өөрийн өндөр боловсрол , мэдлэгтээ түшиглэн “Монгол бөхийн барилдааны тухай” ном бичиж хэвлүүлсэн юм.
Ялангуяа “Монгол бөхийн зарим мэх” 1978 он номондоо монгол бөхийн барилдааны олон мэхнүүдийг дотор нь барьцгүй хаях мэх , цэрвүү барьцны мэх , лав барьцны мэх гэж үндсэн гурван хэсэг болгон хуваасан байдаг.
Мөн энэ товхимолд мэхийг яаж хийх ба хариулахыг оновчтой тайлбарлаж, биечлэн хийж байгааг харуулсан фото зургуудтай тэр нь хойч үеийн бөхчүүдийн ширээний ном болон үлдсэн үнэтэй бүтээл юм. Энэ номуудаараа монгол бөхийн барилдааны хөгжилд гарамгай гавьяа байгуулсан Ш.Ванчинхүү арслангийн мөнхийн бүтээл дурсгал болон үлджээ.
Ш.Ванчинхүү арслан жижгэвтэр биетэй тогжгор шар хүн байсан бөгөөд их яргай булчинлаг махтай, түргэн гавшгай барилдаантай, олон сайхан хувилбар мэхтэйн дотор хөлөөр өлгөх, хавирах, зайлж бусгах, гүйж орох, гар ачих, хутгах, цохих мэхүүдийг чадамгай хийдэг, хараа овсгоо сайтай, тэрээр би гуч орчим мэхийг хийж, хариулж чаддаг хэмээн өгүүлж байжээ.
Түүний бичсэн “Монгол бөхийн зарим мэх” ном өнөө үеийн бөхчүүдийн үнэт гарын авлага болсоор байна.
Ш.Ванчинхүү арслангийн нэр төр хөөцөлддөггүй шударга шулуун занг одооч гэсэн олон хүн бахархан дурсдаг. Түүний шударга зангийн нэгэн жишээг дурдахад : 1936 оны УБН-ын наймын даваанд Дорнотын Балсан арслантай тунаж барилдан хэн нь хаясан нь тодорхойгүй хамт унажээ. Балсан арслан түүнд тахимаа өгөх гэтэл Ванчинхүү татгалзаж, би биш та давсан шүү дээ гээд тахимаа өгчээ. Ийн давсан Балсан арслан тэр жилийн наадамд урамтай сайхан барилдаж түрүүлж байжээ.
Монгол улсын энэ алдарт бөх 1978 онд 69 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.