Д.ЦЭРЭННАДМИД
Соронзонболдын Батцэцэг. Энэ бүсгүй Монголынхоо төдийгүй дэлхийн бөхийн ертөнцөд тэр уужимхан ертөнцийн тэнгэрнээ их эртхэн дэвсэн шувуухай билээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Монголын нэр алдрыг хорь хүрээгүй насандаа дэлхийд зарласан нэгэн. 2010 оны чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Москвад болоход тэр дэлхийн аварга хэмээх өндөр титмийг зүүсэн юм. Тэр нь Монголын чөлөөт бөхийн түүхэнд 30 гаруй жил дуулдаагүй байсан тод мөрийг гаргасан явдал байлаа. Монголын эмэгтэй бөхчүүдээс анхны дэлхийн аварга нь С.Батцэцэг болов. Тэр дэндүү гэмээр эгэл даруухан. Сэтгэлийн хөдөлгөөн тун багатай хэрнээ дэвжээн дээр гараад барилдахаараа догширно. Гэхдээ бусад бөхчүүдээс огт өөр. Хөлөө алдлаа, оноо өгчихлөө гэж тэвдэнэ гэж ер үгүй. Тэр нь онцлог. Саяхан Улаанбаатар хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд С.Батцэцэг өрсөлдөгч бүрээ цэвэр орхиж үнэнхүү дэлхийд данстай бөх гэдгээ харуулав. Уг тэмцээнд ирсэн гадаадын бөхчүүд, дасгалжуулагчид Монголын С.Батцэцэг гайхамшигтай бөх юм гэж дүгнэсэн байналээ.
Японы залуу аварга хэлэхдээ:
-Би энэ тэмцээнд ирэхдээ Монголын Батцэцэгтэй л барилдъя гэж бодож ирсэн. Тиймээс тэмцээний эхэн үеэс л түүний алхаж гишгэх, босч суухыг хүртэл ажиглаж судалсан. Тэгээд түүнтэй 63 кг-д барилдсан. Хоёр талтай, хаашаа л бол хаашаа мэхний хувилбартай, хийсэн мэхэнд үлдэнэ гэдэг нь тун бэрх. Хичээгээд ч яаж ч чадалгүй би нэг мэдэхнээ цэвэр даруулчихсан. Чадвал даагаа нэхнэ дээ гэсэн байна. Дэлхийн аварга маань өнгөрсөн жил “Лондон-2012” олимпод мөн л гялалзтал барилдаж хүрэл медаль аваад ирсэн. Түүнийг бусдаас илүү үүрэг хариуцлага үзүүлж олимпод илгээсэн л дээ. Уг нь 63 кг-д олимпийн эрхийг О.Насанбурмаа авчирсан байсан. Харин бэлтгэлжилт илүү гэдэг нь тэмцээний явцад С.Батцэцэг тэр жинд олимпод зодоглосон. Нэгэн ярилцлагадаа:
-Би бусдын авсан эрхээр Лондонд зодоглосон гэж огт бодохгүй. Монголынхоо төлөө гэсэн сэтгэлээр л барилдсан. Насанбурмаа маань надад захихдаа Монголын 63 кг хүчтэй шүү гэдгийг харуулаарай. Миний найз гэж хэлсэн. Медаль авах учиртай шүү дээ гэж өөрийгөө ирлэсэн гэсэн байлаа.
Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүд сүүлийн жилүүдэд дэлхийд шилдэг гэгдэх болоход С.Батцэцэг их үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт бөх. Сүүлийн 32 жил тарсарсан Монголын чөлөөт бөхийн олимпийн медалийн буухиаг тэр л сэргээсэн. Энэ нь манай нядхнуудаас анхдагч нь. Манайхан багаараа “Дэлхийн цом”-ын мөнгөн медальтан болоход тэгшхэн амжилттай барилдсан ганц бөх нь тэр байлаа шүү дээ. Түүнтэй бэсрэгхэн ярилцлагаа саяхан.
-Өөрийг чинь бөх төрдөг, төрсөөр ч байгаа Архангай аймгийн Хашаат сумынх гэдгийг бараг хүн бүр мэднэ. Харин хэдийнээс барилдаж эхлэв. Анхны амжилт хэзээв гээд асуух учиртай байх...?
-2006 оноос барилдаж эхэлснээр спортын ертөнцөд хөл тавьсан даа. Дэмбэрэлийн Дондов гэж миний анхны хөтөч багш бий. Тэр л ондоо доо. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байлаа. Тэр анхны медальдаа хайртай. Их булган сүүлтэй. Надад их урам зориг хайрласан болоод тэр.
-Ер нь яагаад бөх болохыг зорьсон юм бэ?
-Чөлөөтийн эгч нарын барилдахыг хараад л хорхойссон гэх үү дээ. Нэг л сайхан ирээдүй энэ л спортын төрлөөс харагдаж нэг мэдрэмж төрөөд болоогүй юм даа.
Эмэгтэй хүн барилдахад бэрхшээлтэй юм шиг санаа төрөх нь бий. Өөрт чинь тийм бодол төрж байв уу?
-Надад огт хэцүү санагдаагүй л дээ. Эхнээсээ л миний чадах юм гэж санагдсан. Сонирхол маань дийлсэн биз.
-Хэрэв бөх тамирчин болоогүй бол ямар мэргэжил эзэмших байсан бол...?
-Хэлний сургуульд орох бодолтой байсан. Гадаад хэлний орчуулагч, багш ч юм уу болохсон гэж боддог байлаа.
-Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, гавьяат тамичрин гэх дуудуулах алдар чинь нэмэгдэж байна. Энэ зөвхөн өөрийн чинь хүч чадлын, авьяасын илрэл мөн үү?
-Яахад миний хичээл зүтгэлийн үр дүн. Гэхдээ миний багш З.Дүвчин, чөлөөт бөхийн баг, хамт олны маань тус дэм их бий. Ганц мод гал болдоггүй гэдэг биз дээ.
-Олимпод хүрэл медалийн төлөө хүч үзсэн Канад бүсгүй бас дэлхийн аварга билүү?
-Дэлхийн аварга бөх. Мартин гэдэг. Бид хоёрын барилдаан цэвэр тактикийн барилдаан болсон. Надад дэвжээн дээр айж эмээх юм байдаггүй болохоор ялна л гэж барилдсан. Тэгээд л ялсан. Намайг дэлхийн аварга болох үед хэсгийн аваргын төлөө дэлхийн дөрвөн удаагийн аварга, Японы бөх таарч байлаа.
-Ер нь олны танил явах хэцүү санагддаг уу?
-Тэр л хэцүү. Юм болгон олны хяналтад байдаг юм шиг. Заримдаа зугтмаар санагддаг.
-Өөрийг чинь хүн зодлоо гээд хэвлэл мэдээллээр нэг дэмий шуугисан. Тэр үед л лав зугтмаар байсан байх?
-Харьцаа муутай хүмүүсийн гайгаар яльгүй маргаан болсныг л дэвэргэж тийм юм бичигдсэн л дээ. Бас өнгөтэй өөдтэй яваагаа муулж кайф авдаг монголчууд бидний тамын тогооны үлгэрийн муу зан энд харагдсан болов уу. Олон түмэн ч тэгж зөв хүлээж авсан байх.
-За тийм ээ. Спортынхон тэр чигээрээ чиний төлөө санаа зовсон шиг байсан. Бид ч бас сониноороо тийм тайлбар санаа бодол нийтэлж байлаа шүү дээ. За чамд спортын улам их гялалзсан амжилт хүсье.