Б.СОЛОНГО, Д.ЖАВХЛАН
Эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпийн наадмаас монголчууд 20 дахь медалиа авсан баярт үйл явдал тохиолоо. Лондоны олимпийн медалийн буухиаг жүдо бөхийн 73 килограммын жинд барилдсан ОУХМ С.Ням-Очир эхлүүлсэн юм. Хүүгээ сайн бөх болгохын тулд малаа орхин Увс нутгаас их хотыг зорьсон Р.Сайнжаргал гуайнд бид зочилж, баярыг нь хуваалцлаа. Тэрээр “Хүрэл медаль булган сүүлтэй” гэсээр биднийг угтсан юм. Самбо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран, Улсын аварга Г.Барсүрэн, Самбо бөхийн дэлхийн залуучуудын хошой аварга Г.Баатарсүрэн, Азийн наадмын аварга, Бээжингийн олимпийн тавдугаар байрын эзэн Д.Нямхүү гээд энэ айлд бөхийн алдар цуутан олон бий. Тэднийхээ залгамж, халаа нь болсон С.Ням-Очир багаасаа бөхөөр хичээллэжээ. Бас муугүй шүлэгч аж. Ингээд Олимпийн медальтны аав Р.Сайнжаргал болон ээж Г.Пагма нартай ярилцсанаа хүргэж байна.
“ААВАА БИТГИЙ САНАА ЗОВООРОЙ” ГЭЭД ЯВСАН
-Юуны түрүүнд та хоёрт баяр хүргэе. Хүүгээ олимпийн медалийн болзол хангах тэр агшинд яг юу бодогдов?
Р.Сайнжаргал: -Та бүхэнд их баярлалаа. Отгон хүүгээ жүдо бөхөөр тууштай хичээллэж, хүн төрөлхтний их наадмаас медаль авсанд их баяртай байна. Миний хүү бяр чадал, ухаан нь тэгширч, дэлхийн томоохон тэмцээн, уралдаануудад түрүүлж, чансаагаараа зургадугаарт бичигдсэн. Тийм болохоор энэ олимпоос нэг юм авчихаж магадгүй гэж хөгшин бид хоёр горьдож байсан. Ямар ч байсан горьдлого минь биеллээ.
Г.Пагма: Би хүүгээ торгуулийн барилдаанд Америкийн бөхийг ялна гэдэгт итгэлтэй байсан. Дараа нь харин “Элмонттой яаж барилдах бол” гэж ааваас нь асуухад “Ялна аа. Өмнө нь барилдаж байсан болохоор мэдэж байгаа” гэсэн. Аавыг нь тэгж хэлэхээр сэтгэл жаахан уужраад ямар ч байсан нэг юм дуулгана л гэж бодож байлаа. Мэддэг маани, мэгзмээ уншаад, сүүгээ өргөөд л хүлээж байсан.
Р.Сайнжаргал: - Бид хоёр харьцангуй тайван байсан шүү. Гэхдээ л барилдааны торгон агшнууд эхлэхэд өөрийн эрхгүй өндөлзөөд ирдэг юм билээ. Ялсан нь тодорхой болонгуут манай хөгшин хашгираад л босоод ирсэн. Би ч гэсэн баярласан л даа. Гэхдээ биеэ барьсхийгээд л сууж байлаа.
-Лондоны олимпийн медалийн салхийг хагаллаа шүү дээ?
Р.Сайнжаргал: - Тэглээ. Хүрэл медаль бол булган сүүлтэй. Жүдочид, чөлөөт бөхийнхөн, боксын тамирчид маань улам олон медаль авч, аварга төрөх байх аа.
-Нямхүү ах нь урд шөнө ямархуу сэтгэгдэлтэй орж ирэв. Бээжингийн дэвжээнд орхиод ирсэн медалийг нь дүү нь авчихлаа?
Р.Сайнжаргал: -Урьд шөнө манайхан бүгд ирээд баяр хүргээд явсан. Нямхүү ах нь их л баяртай байна билээ. Авч чадаагүй медалийг нь аваад ирлээ. Өөрөө “25 дугаар суваг” телевизээр олимп тайлбарлаж байсан болохоор эхэндээ биеэ нэлээд барьсан гэсэн. Сүүлдээ огшоод, догдлоод юм ярьж чадахаа больсон гэсэн.
-Ням-Очирыг явахад аав нь юу гэж захисан бэ?
Р.Сайнжаргал: -Хүү маань жилд 4-5 тэмцээнд оролцож байна. Явах бүрт нь захиас хэлнэ ээ. “Миний хүү зоригтой, ухаантай барилдана шүү. Бөх бол биеэрээ барилддаг спорт. Сайн унтаж амраад, биеэ сайн бэлдэж, цагаа зөв зохицуулаарай” гэдэг юм. Миний хүү явахынхаа өмнө аавынхаа бурхан шүтээнд мөргөдөг. Тэгээд “Хүү нь олон тэмцээнд ороод жингээ тохируулж сураад байгаа. Та битгий санаа зовоорой” гэдэг.
ТОМ БӨХ ШИГ ААШЛААД БАЙХААР НЬ ХОТ РУУ ЯВУУЛСАН ЮМ
-С.Ням-Очир багадаа нэлээд дүрсгүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан уу. Телевизээр харахад тийм сэтгэгдэл төрсөн?
Г.Пагма: - Тийм ч дүрсгүй хүүхэд байгаагүй. Ер нь аав шигээ дуугүй, номхон талдаа. Гэхдээ их хичээнгүй, сэргэлэн хүүхэд байлаа. Манай удамд бөх олон. Аав нь бас барилддаг. Тэгээд ч тэр юмуу, бөх их сонирхоно. Багаасаа бөхчүүдийн зураг цуглуулж, элдэв сонин хайчилж хадгалдаг байсан. Бас аав, ээждээ зориулаад шүлэг биччихнэ. “Хүрэл тулга яруу найргийн тэмцээнд ороод байр эзэлж байсан удаатай. Бөхөд үнэн сэтгэлээсээ хорхойссон хүүхэд дээ. Ямар сайндаа дөрөвдүгээр ангид байхдаа Б.Ганбат арсланд бөх болох хүсэлтэй талаараа захиа бичээд явуулж байхав. Тэр үед Б.Ганбат заан цолтой байсан байх. Хүүд минь хариу явуулахдаа нэлээд сургамжтай зүйлсийг бичиж өгсөн байсан.
-Танай хэд дэх хүүхэд вэ?
Г.Пагма: - Отгон хүүхэд шүү дээ. Манайх хоёр охин, хоёр хүүтэй. Ахаасаа 11 жилийн зайтай төрсөн хэнз хүүхэд.
- Жүдоч болоход нь тусалсан анхных нь багшийн талаар ярьж өгөөч?
Р.Сайнжаргал: -Миний хүү багаасаа бөх болох авьяастай нь илт байсан. Тэр үед жүдо бөхийн ОУХМ Ю.Баттогтох манай суманд томилогдож ирсэн юм. Сумын дарга надад энэ багшаар сургууль дээрээ бөхийн секц хичээллүүлье гэсэн санал тавьсан юм. Ю.Баттогтох багш миний хүүг тэр үеэс бөхийн замд оруулсан даа. Босоо өрдөх, сууж өрдөх мэх нь багшийнх нь мэх байгаа юм. Манай сумын хүүхдүүд багшийгаа шүтэж, биширч, бөхөд шимтэн дурлаж байсан. Ю.Баттогтох одоо аймгийн төвд биеийн тамирын багш хийж байгаа. Шавь нар нь хотод өсвөрийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Өөрийнх нь хоёр хүү бөх.
-Увсынхан сүүлийн гурван жил дараалан улсын наадамд түрүүлсэн. П.Бүрэнтөгс, араас нь С.Ням-Очир гээд амжилтын буухиа танай аймгаар овоглогдож байна?
Р.Сайнжаргал: -Нутгийн ах, дүү нар залгаж баяр хүргэсээр л байна. Гэхдээ Монголын ард түмэн энэ, тэр нутаг гэлтгүй амжилт гаргаж байгаа залуучуудаараа баярлаж, бахаддаг болж дээ. П.Бүрэнтөгс улсын наадамд түрүүлэхэд улс даяараа шинэ бөх гарч ирсэнд омогшиж, баярлаж байсан шүү дээ.
-С.Ням-Очир ямар сургууль төгссөн бэ. Хотод хэзээ ирэв?
Р.Сайнжаргал: -Увс аймгийн Тэс сумын арван жилийн сургуулийн есдүгээр ангийг төгсөөд хотод ирсэн юм. Манайх араас нь нүүж ирсэн. Хүүхдээ бөх болгохын тулд ирсэн гэх үү дээ. Үр дүн нь ч гарч байна. Арван жилийн сургуульд байхдаа янз бүрийн тэмцээнд их оролцдог байсан. Тэр үедээ том бөх болчихсон юм шиг аашлах гээд байхаар нь “Энэ хүнийг хот явуулж жинхэнэ бөх ямар байдгийг үзүүлье” гэж бодсон. Тэгээд нааш нь явуулсан хэрэг. Хотод ирээд сайн тамирчин, багш нарын гараар орж, амжилттай барилдаж байна.
-Тэгэхээр бөх болох замд аав нь оруулсан байх нь?
Р.Сайнжаргал: -Тийм ээ. Яахав, дэмжсэн гэх үү дээ.
Г.Пагма : Аав нь тэр үед сургуулийн захирал байсан. Тэр үед бөх заах олигтой багш байгаагүй. Тэгээд Ю.Баттогтохыг сургууль төгсөөд очихоор нь хүүхдээ даатгачихсан хэрэг.
- Хүүгээ багаас нь ямар гараар хүмүүжүүлсэн бэ. Отгон хүү гээд эрхлүүлдэг байсан уу?
Г.Пагма -Би хүүхдүүдээ өсгөхөд бараг үүрэг гүйцэтгээгүй хүн дээ. 31 жил эх баригч хийсэн. Дандаа л энд тэнд дуудлагад явдаг, завгүй хүн байлаа. Аав нь дөрвөн хүүхдээ өсгөсөн дөө. Бид хоёр Ням-Очирт багаас нь анхаарал их тавьдаг байсан. Ганц хүүд минь хань болох хүү гарлаа гээд өвчин зовлонгүй, эрүүл саруул өсгөчих юмсан гэж боддог байсан юм.
-Хэнз хүүхэд эрх байдаг?
Г.Пагма – Уг нь миний хүү эрх биш л дээ. Гэхдээ өвгөн бид хоёр эрхлүүлээд байх шиг байдаг юм. Найз охин Лхамдэгд нь “Энэ Ням-Очир арай л эрх юм аа. Та хоёр битгий эрхлүүлж байгаач” гэдэг.
-Анхны медалиа хэзээ авч байв?
Г. Пагма: - 2003 оны өсвөрийн аваргаас хүрэл медаль авч байсан. Тэр үед нь их л баярлаж байсан санагдана.
Р.Сайнжаргал: Бид тэр медалийг нь дэлхийн аварга болсны дайтай тэмдэглэсэн дээ. Түүнээс хойш одоог хүртэл амжилтыг нь сүр дуулиан болгож тэмдэглээгүй. Өөрөө ч их даруухан шүү дээ. Сая олимпод явахад нь ах дүү нар бөөнөөрөө гаргаж өгье гэсэн. Бид хоёр тэгж сүр болгоод яахав гээд очоогүй.
Г.Пагма: - Манай удамд тиймэрхүү нэрэлхүү хэрнээ хичээнгүй зан байдаг юм. Тэр зан хүүд минь бий.
- Бөхөөс өөр ямар зүйлд сонирхолтой вэ?
Р.Сайнжаргал: Шүлэг бичнэ. Хурдан морь их сонирхоно. Энэ жилийн наадмаар хүү бид хоёр морио есөөр давхиулсан. Аавтайгаа адуу манаад хээр хонох дуртай шүү.
-С.Ням-Очир аймгийн начин цолтой байх аа. Улсын наадамд барилдаж байсан уу?
Р.Сайнжаргал -Ноднин барилдсан. Хоёрын даваанд том бөх унагаад, гуравтаа унасан шүү дээ.
-Т.Лхамдэгдтэй хэр удаан үерхэж байгаа вэ. Хоёр хүүхдийнхээ хурим найрыг хийх болоогүй юу?
Р.Сайнжаргал - 2005 оноос үерхсэн. Над дээр ирээд “Ааваа би энэ Лхамдэгдтэй үерхээд байна. Одоо яах вэ” гээд асууж байсан юм. Би тэр үед “Аавын хүү ухаантай юм чинь өөрөө л мэд” гэсэн. Түүнээс хойш биеэ даацгаагаад амьдарч байна даа.
-Хүүгээ дагаж хотод ирээд хэр удаж байна. Бөх болгохын тулд малаа орхиод ирсэн хэрэг үү?
Р.Сайнжаргал – Долоон жил болж байна. Өөрсдөө зардал мөнгөө гаргадаг болохоор хэцүүхэн л байдаг юм. Өмсгөл нь гэхэд сая төгрөгийн үнэтэй. Тэмцээнд оруулах гээд мөнгө олддоггүй, хүн бүрээс хандив цуглуулаад явж байсан үе бий. Нутагтаа үлдээсэн малаа зараад дуусгасан. Харин 2006 онд Эрдэнэтийн “Хангарьд” клубт элссэнээс хойш тус клубынхэн зардлыг нь даадаг болсон доо.
-Төрсөн ах, эгч нараас нь спортын хүн бий юу?
Р.Сайнжаргал -Том эгч нь багш, дунд эгч нь холбооны мэргэжилтэй. Ах нь хөдөө бизнес хийдэг. Миний бодлоор хүчний спортын тамирчин цаанаасаа л төрдөг юм шиг байгаа юм. Хүн бүр хичээллээд тэр болгон амжилтад хүрч чадахгүй. Төрсөн авьяасыг хөгжүүлээд сайн тамирчин болдог юм. Гадуур сайхан биетэй, бөх болчихоор залуучууд зөндөө байна. Барилдахгүй л болохоос бөх эмэгтэйчүүд хүртэл бий. Их хурлын гишүүд дотор хүртэл бөх байж л байна.
“ЧИ 35 ХҮРТЛЭЭ АРХИ АМСАХГҮЙ ЯВААРАЙ” ГЭЖ ЗАХИДАГ
-Та хоёр их шүтлэгтэй юм шиг санагдлаа?
Р.Сайнжаргал –Бид хоёр нутгийнхаа уул, төрийнхөө сүлдэнд залбирч суудаг. Монголын ард түмнийхээ сүлд, хийморьт залбирна. Миний хүү ч уул усаа их шүтдэг. Олимпод явахынхаа өмнө нутгийхаа овоонд мөргөчихөөд ирсэн. Нутгийн сахиус, савдаг нь түшсэн байх л даа.
- С.Ням-Очир жин сайн хасч барилддаг гэсэн. Барилдааных нь талаар та ямархуу бодолтой байдаг вэ. Зааж зөвлөх үе гардаг биз?
Р.Сайнжаргал –Миний хүү жингээ сайн хасдаг юм. Нэг хасахдаа наймаас дээш килограмм хаядаг. Ердийн үедээ 81 килограмм жинтэй. Жин их хасахаар барилдааны төгсгөл рүү ядрах нь амархан байдаг. Саяын барилдаанд цагийн сүүлчээр ядарчих вий л гэж бодож суулаа. Олимпийн бэлтгэл сайн таарсан юм шиг байна.
Г.Пагма: -Анхандаа ч яах бол гэж их сандардаг байж. Одоо сурч байгаа бололтой, тайван байдаг болсон. Гол нь яаж барилдахыг нь харж сурсан гэх үү дээ. Өчигдрийн хувьд их л тайван байлаа.
-Медаль авчихаад уйлж байсан үе бий юу?
Р.Сайнжаргал: -”Чи чинь медаль аваад баярладаггүй юм уу” гэхээр “Аав аа би том зорилготой байгаа болохоор жижигхэн тэмцээнүүдэд нэг их баярлах хэрэггүй байх аа” гэдэ юм. Тэгэхээр нь “Чи чамлахаар чанга атга гэж олсон амжилтдаа бахархаж, омогшиж байх хэрэгтэй” гэж хэлдэг юм. Гэхдээ миний хүү медалиа чамлана гэж юу байхав. Медалиа их хүндэтгэдэг. Бурхан шүтээн болгоод аавынхаа авдарт хийчихсэн. Тэмцээнд явахдаа эднийгээ сэгсэрч, шаржигнуулчихаад гардаг юм. Дараагийн медалиа дуудаж байгаа юм гэдэг. Миний хүүд нэг сайн тал бий. Өрсөлдөгч тамирчнаа их хүндэлдэг. Зарим хүн уначихаад өширхдөг шүү дээ. Миний хүү улам л хүндэлдэг. Тэр тал нь их сайн. 2010 оны дэлхийн аваргын үеэр Элмонттой барилдаж гараа хугалчихаад огтхон ч юм бодоогүй. Тэмцээн бол тэмцээн гэсэн хатуу зарчимтай. Тамирчид ийм л байх ёстой.
- Олимпийн медалийг дагаад нэр хүнд ирнэ. Нэр хүндийг дагаад сайн, муу олон зүйл болдог. С.Ням-Очирт олон түмний итгэлийн дааж явах их хариуцлага ирж байна?
Р.Сайнжаргал: -Би өмнө нь ч хэлж байсан. Олон түмний хайр хүндэтгэлийг дааж яваарай гэж. Миний бодлоор тамирчин гэлтгүй аливаа хүн уруудахын шалтгаан нь архи. Би архи уудаггүй. Тийм болохоор хүүгээ 35 хүртлээ архи бүү амсаарай гэж захисан. “Олон түмэн чамайг хүндэлж байхад танихгүй хүн байсан ч мэндтэй яваарай” гэж хэлдэг юм. Тэгэхээр миний хүү гайгүй байх аа. Одоо цаашаа барилдах барилдаанууд байна. Дараа нь шавь нар нь гарч ирнэ. Тэднийхээ төлөө явна. Тэгсээр байтал зав чөлөө олдохгүй байлгүй дээ.
Миний хүү энэ жил 26 настай. Дараагийн олимп хүлээж байна. Ямар ч байсан дэлхийн аваргын хоёр тэмцээнд амжилттай оролцох байх. Хүү минь олимпийн том наадмаас медаль аваад ирсэн нь юутай ч зүйрлэшгүй сайхан хэрэг. Дэлхийн том медальд хүрэх хүсэл мөрөөдлөө хүү минь биелүүлчихлээ. Арав гаруй жилийнх нь хөдөлмөрийн үр дүн гарлаа.