Ч.ҮЛ-ОЛДОХ
“Өсвөрийн боксын улсын аварга-2013” тэмцээн маргааш эхлэх гэж байна. Тус тэмцээний нарийн бичгийн дарга, Боксын олон улсын хэмжээний мастер Ц.Батнасантай ярилцлаа.
-Энэ удаагийн тэмцээний тамирчдын нас, жингийн онцлог юу вэ. Амжилт үзүүлсэн тамирчдыг улс, бүсийн тэмцээнд оролцуулах уу?
-Тэмцээн энэ сарын 19-24-ний хооронд Хан-Уул дүүргийн спорт зааланд болно. Эрэгтэй ес, эмэгтэй дөрвөн жинд 15-16 насныхан оролцох юм. Тэмцээн дэлхийн боксын холбооны дүрмийн дагуу хоёр минутаар гурван раунд тулалдана. Энэ тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирэх сарын дундуур Казахстан улсад болох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болно.
-Нийт хэдэн байгууллагын хэчнээн тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бэ?
-2008 оны Олимпоос хойш өсвөрийн боксчдын тэмцээн өргөн хүрээг хамарч байна. Өнгөрсөн оны сүүлээр болсон “Олимпийн гараа” тэмцээнд 500 гаруй тамирчин орсон. Нэг жинд л гэхэд 30 гаруй тамирчин оролцсон. Долоо хоногийн хугацаа зарцуулж байж шигшээ тоглолт зохиосон. Дэлхийн боксын холбооноос өсвөрийн боксчдын тэмцээнд анхаарал хандуулж байна. Хүүхдүүдийн ур чадвар ч жилээс жилд ахиж байгаа. Тиймээс өсвөрийн боксчдын тэмцээнийг харж байхад хүнд цохилт бараг гардаггүй. Хүүхдүүд нэг үеийнхэн, жигдхэн тоглож байгаагаас тэр.
-Энэ удаагийн тэмцээнийг ямар байгууллагууд хамтран зохиож байгаа вэ?
-Өсвөрийн улсын аварга, “Олимпийн гараа” зэрэг тэмцээнийг Монголын олимпийн боксын холбоо бие даан зохион явуулдаг. Бид алтан үеийнхний нэр алдрыг хойч үедээ танилцуулах зорилгоор нэрэмжит болгон зохион явуулж байна. Өмнөх жилүүдийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг манай боксын спортын ууган гавьяат дасгалжуулагч Б.Олзод агсаны нэрэмжит болгон зохион явуулж ирсэн. Энэ удаад түүний хүү О.Бум-Ялагчийг тэмцээний нээлтэд урьсан байгаа. Мөн Хан-Уул дүүрэг хамтран зохион байгуулж байж.
-Манай өсвөрийн ширэн бээлийтнүүдийн ахуй хангамж дэлхийн хэмжээнд хүрч чадаж байна уу?
-Эрдэнэтийн “Хангарьд” спорт цогцолборын хангамж сайн. Тэндээс сайн тамирчин төрөх магадлал өндөр. Нөгөө талаас Монголын хязгаар нутаг, Баян-Өлгий аймгаас олон сайн тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн байх жишээтэй. Хангамж сайн байхын хэрээр тухайн спорт өндөр хөгжинө гэж байхгүй. Хамгийн гол нь хүүхдийн сонирхлыг зөв чиглүүлэх хэрэгтэй. Төр, засгаас топ гэсэн тодотголтой спортуудаа дэмжиж байгаад талархаж байна. Үүний үр дүнд саяхан байгуулагдсан шигшээ багийн тамирчид “Химийн цом”, Азийн залуучуудын тэмцээнээс медаль таслахгүй байгаа нь өсвөрийнхөнд хүсэл тэмүүлэл төрүүлж байна. Мөн манай эмэгтэй шигшээ багийн тамирчид Хөх хотод хамтарсан бэлтгэлд гарсан. Үүнийг эс тооцвол манай боксын клубуудыг төрөөс дэмжихгүй бол өсвөрийн тамирчид зөвхөн нэг газар төвлөрдөг буруу жишиг тогтох гээд байна. Шигшээ багийн ах, эгч нартайгаа хамт бэлтгэл сургуулилт хийх нь нэг талаас сайн боловч зай талбай хүрэлцэхгүйгээс тэдний бэлтгэл үр дүнтэй болдоггүй тал бий.
-Биеийн тамир, спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийн сурагчдын ачаалал их байх шиг санагддаг. Тэдний бие бялдарт тохирсон ачаалалыг стандарчлах ёстой юм биш үү?
-Тухайн хүүхдийн сонголт юм даа. Олон цагийн хичээл, дээр нь ачаалалтай бэлтгэл сургуулилт хийдэг. Түүнийг хүүхдүүд давахад хэцүү байхыг үгүйсгэхгүй. Спортын замыг сонгож буй хүн ямар нэг хэмжээгээр золиос гаргах ёстой. Гэхдээ спортын дунд сургуульд сурч буй хүүхдүүдэд хэт ачаалал өгдөггүй. Өдөр бүр хичээл орох ёстой, өдөр бүр бэлтгэлд хамрагдах ёстой. Үүнийг даван туулах чадвартай байж л энэ сургуульд орох хэрэгтэй шүү. Тэгэхээр хүүхдийн сонголтоос гадна ачаалал даах чадварыг харах хэрэгтэй юм.
-Одоо асуултаа жаахан өөрчилье. “Олимпийн гараа” тэмцээн таны багш Д.Бандийн нэрэмжит гэдгийг мэдэх юм. Та хэзээнээс түүний удирдлагад хичээллэсэн бэ?
-Би 1988 онд боксын шигшээ багт орсон. Үүнээс өмнө Д.Банди багшийн удирдлагад Сэлэнгэ аймагийн боксын клубт хичээллэж байсан юм. Гавьяат тамирчин Ц.Үйтүмэн бид хоёр Сэлэнгэ аймгийн 10 жилийн дунд сургуульд хамт сурч байсан. нэг багшийн шавь, мөн нэг үеийн боксчид.
-Тэгээд мэргэжлийн бокст хүч үзэх болсон уу?
-Шигшээ багт найман жил хичээллээд 1996 онд Япон улсыг зорьсон.
-Гэхдээ та нэг ч ялагдаж үзээгүй байхдаа рингэнээс яагаад буусан юм бэ?
-Мэргэжлийн рингэнд хичээллээд удаагүй байтал эмч намайг зүрхний ачаалал энэ спортыг даах чадваргүй гээд хориглосон юм.
-Рингэнээс буугаад олон жил хаагуур юу хийв?
-Японд багш, дасгалжуулагч хийсээр хэдэн жилийг ардаа орхижээ. Өнгөрсөн жил эх орондоо ирж боксын холбооныхоо ажилд оролцоод явж байна. Дуртай ажил болохоор хүүхдүүдтэйгээ бужигнаад л. Өсвөрийнхний уламжлалт тэмцээнийг таслачихгүй юмсан гэж боддог. Манай ширэн бээлийтнүүдийн хоёр олимпийн циклд гаргасан амжилт өсвөрийнхний тэмцээнд чухал нөлөө үзүүлдэг. Энд зориуд хэлэхэд, боксын спортыг хөгжүүлэхийн тулд хаана, хаанаа анхаарах хэрэгтэй гэмээр байна. Өөрөөр хэлбэл, энэ спортод зүрх сэтгэлээ өгсөн хэдхэн хүний ажил гэж ойлгож болохгүй. Аль ч шатандаа анхаарах ёстой.