Д.Баттогтох

“Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн найрагч бүсгүйчүүд эрчүүддээ  зориулан “Хаврын урилга” тоглолтыг Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 18-нд зохион байгууллах талаараа хэвлэлийн хурал хийлээ. Урин хаврын урилгыг найрагч бүсгүйчүүд маань нүүдлийн шувуудаас өрсөн эх орондоо тээн ирж байгаа гэдэг билэгдлээр тоглолтоо ийн нэрэлсэн ажээ. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, Монголын зохиолчидын эвлэлийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ, яруу найрагч Б.Чулуунцэцэг, Д.Оюундэлгэр, Б.Болорцэрэн, Ш.Анхтуяа, Б.Төгсжаргал нарын хувьд  өөр өөр өнгө төрхийг тодорхойлж яваа 2000 оны нэгэн үеийнхэн юм. Утга зохиол, яруу найраг бол урлагийн суурь билээ. Бид зөвхөн дуу, кино, жүжгийг үзэж дассан бол энэ удаад жинхэнэ яруу найраг ертөнцийг яаж чимдгийг мэдрүүлэхийг зорьж хаврын уянга ухаарлыг шүлэг дуугаараа уншигч, үзэгчдээ дайлах болно гэж ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн мэдээллээ.