(Хөрөг)
Ц.ТҮМЭНБАЯР
Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч
Багаасаа л цаас харандаанаас салдаггүй охин байв. Юм юм л зурна. Хажуу хашааны ах зураг зурдаг ардын авъяастан байв. Ингэж зур, тэгж зур гэж зааж өгнө. Бямбажавын бага охин одоо бас юм л бол зураг зурна. Жаахан охины зурсан цас, улаан будгаар будсан ээжийг хараад Бямбажав өөрийнхөө бага насыг бас охиноо зураг зурж байгаад баярладаг ажээ. Бямбажав Дундговь аймгийн хоёрдугаар арван жилийн дунд сургууль төгсөөд “Монгол мэдлэг” их сургуулийн монгол судлаачийн ангийг дүүргэж, улмаар багын хүслээ биелүүлж Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэглэгч- зураачийн ангид суралцсан. 2005 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд урлаг судлалын магистрын зэрэг хамгаалжээ. Түүний магистрын бүтээл ихэд сонин сэдэв байлаа. “Монголын хадны сүг зураг дахь нум сумтай хүний дүр дүрслэл”. Энэ ажлаараа хадны зураг дахь нум сумтай хүний дүрслэл, үйл хөдлөл, бэлгэдэл, түүнийг бүтээсэн үе шат, арга барил, түүх археологи болон урлаг соёл зан үйл дүрслэх урлагт үлдээсэн уламжлал гээд олон чиглэлийг хамарчээ.
Бямбажав дүрслэх урлагийн сургуулиа төгсөөд баримал барьж эхэлжээ. Хоёр хүүхэд нь ээжтэйгээ уралдаад л шавартай хутгалдаж өгнө. Тэр үед түүнд тусдаа урлан ч байсангүй, гэртээ бүх зүйлээ хийнэ. Мэдээж бага балчир хүүхдүүд юуны учир мэдэх вэ дээ. Хамаг хувцас, ам хамар нь шавар болох нь энүүхэнд.
Калиграф бол дорнын урлагийн төрөл юм. Үүнийг монголчлоод одоо уран бичлэг гэж байгаа. Энэ бол дүрслэх урлагийн нэг төрөл. Бас зарим нь уран бичлэг буюу калиграфийг хичээнгүй бичиг мэт ойлгох нь ч байдаг. Калиграф нь торгон агшны бүтээл юм шиг санагдсан. Тэр бийрийн таталт, бэх будагны уусалт гээд нарийн ажваас тэр гоо сайхан нь үүндээ л байна даа гэж бодогдоно.
Сургуульд сурч байхдаа төрийн шагналт Я.Үржнээ багшийн урланд суралцаж байхдаа их зүйл сурсанаа, багшаа дахин дахин дурсан ярьж байна лээ.
Дорно дахин Хятад, Япон, Солонгос бичгийн калиграфаас манай монгол бичгийн онцлог нь бийр салгахгүй, нэг л таталтаар хийдгээрээ онцлог, гайхамшиг гэж тэрбээр хэлж билээ.
Баримлыг нь монгол бичигтэй хослуулах санааг дүрслэх урлагийн сургуульд байхдаа олжээ. Түүний бүтээлд “Дэлгэртүгэй” гэсэн төмрөөр хийсэн бүтээл бий. Мөн монгол үндэстэн ястны онцлогийг харуулсан керамикан цуврал байсан юм. Хүмүүс ялангуяа гадаадынхан авсаар одоо хоёрхон л байна гэж инээмсэглэж байсан. Манай оронд калиграфийн урлаг сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Энэ урлаг нь уран санаа, дүрслэл, таталттай. Гэхдээ монгол бичгийн дүрслэлийг маш сайн мэдэх хэрэгтэй болдог ажээ. Калиграфийн онцлог нь сүүлд засаж залруулна гэж байхгүй тухайн агшины сэтгэлийн хөдлөл юм даа.
Бямбажав зураачийн нөхөр нь Ж.Мандаасүрэн хэмээх уран дархан юм. Урлагийн хүмүүс бие биеэ ойлгоно. Энэ нь бүтээл туурвил, амьдрал ахуй, үр хүүхдээ өсөгөж хүмүүжүүлэх гээд бүхэл зүйлд хамаатай. Сэтгэл санаа нийлнэ гэдэг айл гэрийн өнгө бас чанар бөлгөө. Бямбажавын уран бүтээлд “Хун” хэмээх татлага бий. Булган аймагт амарч байхдаа санааг нь олжээ. Өмнө нь бол хунгийн тухай олон зүйл сонссон ч бүр нүдээр үзэж сэтгэлээр мэдэрсэн нь энэ амралтын үе байжээ.
Урд нууранд нь хоёр хун уулзалдан далавчаараа тэврэлдэн хүзүүгээрээ орооцолдон үнсэлдэх агшныг харж хун гэдэг шувууны тэр элгэмсэг дотно төрх өөрийн эрхгүй бишрүүлжээ.
Уран бүтээлдээ өсч өндийхсөн гэж тэрээр даруухнаар бахархан өгүүлсэн юм. Цэнд-Очирын Бямбажав хэмээгч энэ уран бүтээлч бүсгүйтэй уулзаж ярилцахад эх орон, монгол бичиг, соёлдоо чин үнэнээс хайртай, хайрладаг болох нь туурвисан бүтээлээс нь тод харагдана. Удахгүй нээгдэх үзэсгэлэнгээс нь та бид үүнийг харах болно. Таван настай охиных нь час улаан будгаар зурсан залуу ээжийн хөргийн тухай бодсоор урлангаас нь гарч явахдаа эх үрийн тухай ихэд “хөөрхөн” бодол тээж явлаа. Амьдрал, уран бүтээл энгийн тусмаа сайхан.