Д.БОЛД

Урлаг судлалын ухааны доктор, профессор, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягтай ярилцлаа.

-Та Монголын ур­лагийн салбарт олон сай­хан шавь төрүүлсэн. Таны шавь Н.Наранбаатарын “Гамлет” жүжиг үзэгчдээс өндөр үнэлэлт аваад бай­гаа. Mонголын сонгодог урлаг, тэр дундаа драмын урлаг ямар төвшинд явж байна  гэж та бодож байна вэ?

-”Гамлет” сайн жүжиг болсон.Н.Наранбаатар шавь маань найруулсанд магтаад байгаа юм биш. Шинэчлэл хувьсал гэж сүржигнээд яахав, тэсрэлт үсрэлт гэж бардамнаад юүхэв, миний шавь сүү­лийн хэдэн жил дараалан “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжиг, “Гамлет” сонгодог жүжгийг амжилттай тавь­сан. Энэ гурван жүжиг Улсын дармын эрдмийн театрт ямартаа ч шинэ өнгө төрх, уур амьсгал авчирсан. Н.Наранбаатар хэдэн сайн жүжиг тавьж  үзэгчдийн холдсон урс­галыг буцааж эргүүлсэн. Сонгодог жүжгийг хүн үздэггүй, жүжигчид уран бүтээлчдийнхээ авъяас чадварыг хөгжүүлэхийн төлөө тавьдаг юм. Одоо Шекспирийг тавих цаг болсон ч гэдэг юм уу тэр ойлголтыг “Гамлет” эвд­сэн. Бас урт удаан үргэл­жилсэн жүжгийг хүн үз­дэггүй гэдэг ойлголтыг ч эвдэж чадсан. “Гамлет” бол чилийсэн дөрвөн цаг орчим тоглодог жүжиг мөртлөө үзэгчдийг татаж, барьж чадаж байна. Ер нь нэг цаг үсрээд хоёр цагаас илүү гарвал жүжиг ч бай кино ч бай үзэгчид уйдаад гараад явчихна гэдэг ойл­голт сүүлийн үед ноёрх­чихсон байлаа. “Гамлет” бол ямартаа ч драмын теат­рын урын санд томоо­хон байр суурь эзлэх, түү­хэнд тэмдэглэгдэх бүтээл болсон.

-Одоо тоглож байгаа жүжиг, 90-ээд оноос өмнө тавьж байсан жүжигт ямар ялгаа байгаа бол?

-Ялгаа их байна. Би 1979 онд оюутан байхдаа өвлийн амралтаараа “Гамлет” жүжгийг үзсэн. Тэр үед Х.Нацагдарж гуайн бичсэн шүүмж “Утга зохиол, урлаг” со­нинд гарч байсан. Ялангуяа Л.Жамсранжав ахын тоглолтод ихэд шүүмж­лэлтэй хандсан байдаг. Би өөрөө тэр үед шүүмж бичдэг шүү байсан болоод их анхаарч, бодож уншсан юм. Л.Жамсран­жавыг, энэ том жүжигч­нийг шүүмжилж болдог байжээ гэсэн шүү юм бо­дож байсан ч нөгөө талаар надад том хичээл болсон. Одоогийн “Гамлет”-ыг Л.Жамсранжав гуайн “Гамлет”-тай харьцуулаад бодоход цаг үе, үзэл сурт­лын нөлөө айхтар тусч байж дээ гэж бодогдсон. Нийгмийг хүмүүс бүр­дүүлдэг, бүтээдэг. Жамс­ранжавын “Гамлет” бол нийгэмтэй эвлэрч чадах­гүй ганцаардсан, зожиг өөрийгөө буруутгагч, хувь заяандаа боомилогдогч байсан бол С.Болд-Эрдэнийн “Гамлет” ор­чин, хүмүүстэй үл эв­лэ­рэгч, гэхдээ ганцаард­сан бус нийтэч, өөрийгөө өмөөрөгч, өрөөлтэй тэм­цэгч шинж чанартай жү­жиг болсноороо ялгаатай. Ардын жүжиг­чин Л.Жамсранжавын “Гамлет” аль 16 дугаар зууны Данийн Эльсиньор шилтгээн дэх амьдрал, тэр үеийн хүн болсон бол С.Болд-Эрдэнийн “Гамлет” орчин цагийн одоо бидний дунд амьд­рагч “Гамлет” юм. За тэ­гээд жүжигчний тоглол­тын арга барил, жүжгийн ор­чин бүрдүүлэлт, дотоод хэмнэл ритм гээд яривал ялгаа их бий.

-Сүүлийн үед  залуу найруулагчид чансаатай  уран бүтээл хийж, олонд танигдаж байна. Та тэдэнд ямар дүн тавих вэ?

-Найруулагч болгон сонгодог жүжиг тавихгүй. Мэдээж судлагаа, авьяас, туршлага, жин далайц гээд олон хүчин зүйлийг найруулагчаас шаардана. Тухайн театр үүнийг шаарддаг бус сонгодог жүжиг өөрөө шаарддаг. Ийм болохоор хүссэн болгон сонгодог жүжигтэй ноцолддоггүй, ноцолдоод ч дийлэхгүй. Сонгодог жүжигт давж болдоггүй хана, хэрэм халдаж бол­доггүй хил хязгаар гэж бий. Орчин үеийн явдлыг нь зориудаар мушгиж  болж буйг Монголд, шилт­гээнд болдог үйл явдлыг галзуугийн эмнэлэгт гэх мэтээр өөрчилж болохгүй л дээ. Яахав байр сууриа олох гэсэн, эсвэл хий шуу­гиан тавих гэсэн сонир­хогчдын хэмжээний теат­руудын хувьд, мэргэж­лийн бус уран бүтээлчдийн хүрээнд байдаг л асуудал. Мэргэжлийн театрын хувьд сонгодог жүжиг сонгодгоороо л байх ёстой. Монгол дээлтэй Гамлет байж болохгүй. Гамлетын хувцастай Юндэн байж болохгүй гэсэн үг.

-Сүүлийн  үед  тайзнаа  тавигдаж буй  жүжгүүдийн чанарыг та  хэрхэн үнэлдэг вэ?

-Оюутнуудын дип­ломын жүжгүүдийг эс тооцвол сүйдтэй юм байхгүй. Улсын хүүхэд залуучуудын театр хувьч­лагдахын өмнө И.Ням­гаваа найруулагчийн урил­гаар нэг жил ажил­лахдаа В.Маяковскийн “Нохой бөөс” жүжгийг тавьсан. Эрэл хайгуул хийдэг, шинийг эрэл­хийл­дэг залуусын театр гэдэг утгаар нь найруул­гын тавилт, тайз, гэрэл­түүлгээс эхлээд жүжгийн тоглолт, ансамбльд ихэд өвөрмөцөөр хандаж ажил­ласан. И.Нямгаваа, Л.Мөрдорж болон Б.Зориг багш Н.Дугарсанжаа гуай нар овоо үнэлсэн. Тэгэ­хээр гайгүй жүжиг бол­чихсон юм уу гэж бодож явдаг юм. В.Маяковскийг манайхан “Зөвлөлтийн паспорт” шүлгээр нь л мэддэг байлаа. Яруу най­рагчийн бичсэн жүжиг болохоор өвөрмөц бөгөөд төвөгтэй. Маш олон үзэгдэлтэй, орчин дороо өөрчлөгдөнө. Мөн олны хэсэг ихтэй, хэцүү жүжиг байсан. В.Маяковский В.Мейерхольдтой хамтарч ажилладаг, жүжгүүдийг нь зөвхөн Мейерхольд л тавь­даг байсан. “Мистерн-Буфф”, “Баня” гээд бусад жүжгүүдийнх нь тавилтыг нэлээд судалсан. Бело­русст сурч байхдаа Мал­ковскийн жүжгүүдээс хэсэг авч ажилладаг бай­сан нь ч тус болсон биз. Энэ бол 1997 он юм. Тэгээд 2005 онд УДЭТ-т Ф.Шиллерийн “Хар са­наа, хайр сэтгэл” жүжгийг тавьсан. Би жүжиг тавих­даа жүжгүүдийг хэвшмэл арга барилыг эвдэх, жү­жигч­нийг өсгөх хүмүү­жүү­лэхийг хэрэндээ ан­хаардаг юм. Тэр хэрээр хандаж ажилласан. Б.Жар­галсайхан өөрөө сайхан залуу, найруулагч нар амарчлаад хайр дур­лалын баатарт тоглуулаад байдаг. Би эсрэгээр нь тэс өөр зан араншинтай, сөрөг талын инээдмийн дүр Гормаршалд Б.Жаргалсайханыг ажиллуулсан. Үнэхээр өөрийгөө эвдсэн дүр болсон. Үзэгчид маш ха­луун дотно хүлээж авсан. Б.Жаргалсайханыг гарч, ороход үзэгчид нижиг­нэтэл алга ташдаг байсан юм. Бас л бүтэн гурван цаг тоглодог жүжиг ч үзэгч­дийг барьж чаддаг, үйл явдал, үйлдэл, ритмд нь автчихдаг байсан. Фер­дишенд Луйзад тоглодог жүжигчид нь өтөлчихөөд тоглохгүй л юм.

-Оны өмнөхөн Сонго­дог урлаг-2012 улсын урал­даан болж өнгөрсөн. Хөдөө орон нутгийн театрууд  нэлээд хүчтэй өрсөлдөг­чид байлаа. Энэ уралдаа­ныг хэрхэн дүгнэж, ямар өнц­гөөс харсан  бэ?

-Өнгөрсөн жилийн хувьд сонгодог жүжигт ургац арвин байлаа. Зав­ханы хөгжимт жүжгийн театрт А.Чеховын “Ваня ах” жүжиг, Хөвсгөлийн хөгжимт жүжгийн театрт У.Шекспирийн “Шуурга” жүжгийг тавьсан. “Сонгодог жүжиг 2012” наадамд оролцсон юм. “Ваня ах” жүжиг баруун бүсээс нэгдүгээр байрт шалгарч, хоёрдугаар шатанд Улаанбаатарт ирж тоглосон. “Шуурга” жү­жиг төвийн бүсэд дэд байр эзэлсэн. Наадам явагдах хугацаа хойшлоод Хөвс­гөлийн театр Солонгост фестивальд оролцох нь давхацсан учраас ССАЖЯ-наас төвийн бү­сэд оруулчихсан чинь нэлээд гадуурхагдсан. Гэхдээ яах вэ хоёрдугаар байр эзэлсэн. Би өөрөө “Сонгодог жүжиг 2012” наадамд жүжиг найруул­сан болохоор зохион бай­гуулах комисс, шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажил­лаагүй. Өвөрхангайд Дар­ханы театрын “Нара”, УДЭТ-т “Нийгмийн дай­сан” жүжиг үзсэн. Генрих Ибсейний хоёр жүжгийг л үзсэн юм байна. Айм­гуудын бүтээлүүдийг бүг­дийг нь үзээгүй болохоор үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.

-Хөдөө орон нутгийн театрууд сонгодог жүж­гийг театрынхаа тайзнаа тавьж байна. Тэдгээр театрын  жүжигчид нэлээд чадварлаг байсан?

-”Сонгодог жүжиг 2005", “Сонгодог жүжиг 2008”-д ерөнхий шүүгчээр ажилласан. Үр дүн байлгүй яахав. Олон зүйл хэлж болно. Үнэндээ сонгодог байтугай, жүжиг тавьдаг­гүй, концертоор аргацаа­гаад сууж байдаг театрууд бий. Сонгодог жүжгийн фестиваль ямар ч гэсэн сэрээж, сэргээж өгч байна. Жүжигчдийн ур чадвар өснө, ахина. Бусад театруудтай өөрсдийгөө жишиж, сургамж, турш­лага авна. Үгүйдээ мате­риаллаг нөхцлөө, театрын тоног төхөөрөмжөө сайж­руулчихна. Би 2008 онд УДЭТ-ын тайзнаас “Энэ наадам хот, хөдөөгийн ялгааг баллуурдаж хаялаа” гэж хэлж байсан. Яг баллуурдах нь ч хаашаа юм. Хамгийн гол нь орон нутгийн театрын уран бүтээлчдийн урмыг сэр­гээх гэсэн хэрэг. Чин үнэндээ УДЭТ-тай айм­гийн нэг театр өрсөлдлөө гэвэл бух, хуц хоёр мөр­гөлдөхийн үлгэр болно л доо. “Сонгодог жүжиг 2012” наадмаар СУИС-д жүжигчний ангид /студи/ сургаж авсан театрууд бусдаас давамгай байсан гэдгийг шүүгчид, оролц­сон уран бүтээлчид, хү­мүүсийн амнаас сонсож байна. Тийм байх нь ч аргагүй. Дорноговь, Дунд­говь, Төв, Завханы театр жүжигчний ансамблийн хувьд хүчтэй л дээ. Орон нутгийн театрт сонгодог бүтээл нутагших бүрэн боломжтой. Хамгийн гол нь боловсон хүчний байр­шил, суурьшил. Най­руулагч, багш нар, зу­раачгүй театр олон байна. Мэргэжлийн сайн най­руу­лагч­гүй театрт хэчнээн сайн жүжигчид байгаад хэрэггүй. Найруулагчийг жүжигчин дагадаг хууль­тай. Орон нутгийн теат­руудын тэргүүлэх, удирдах уран бүтээлчдийг сургаж бэлтгэх, тогтвортой суурь­шуулах явдал ССАЖЯ-ны эн тэргүүний бодлого байх ёстой байна. Сонгодог бүтээлийг нутагшуулах хүмүүс нь сайн найруу­лагч, сайн багш нар. Өөр хэн байх вэ. Ерөөсөө най­руулагчгүй театр байснаас байгаагүй нь дээр.

-Аймгийн театрынхан улаан гэр байхаас эхлээд соёлын агуй, тэгээд чуул­га болтлоо хөгжиж ирсэн түүх бий. Ямар,ямар бү­тээлүүд тавьж байна вэ. Хамгийн гол нь үндэстэн ястны онцлог юу билээ?

-Хүн амын ялгарал суурьшил дэд бүтцийн асуудал гээд олон талаас нь судлаж, өөрийн өнгө төрх, төрөл зүйлээ ашиг­лах хэрэгтэй л дээ. Аймгууд урьдахаа бодвол өөрийн онцлогоо илэр­хийлэх, урлагийн олон төрлийг урын сангийн бодлогын төвдөө байлгах тал дээр чадах чинээ­гээрээ хичээцгээж  байна. Тэгэхдээ эрс ялгараад байгаа юм алга. Гурван аймгийн дунд нэг театр байхад болохгүй юмгүй. Бусад нь Филиал хэлбэ­рээр байгаа биз. Уран бүтээлүүдээ солилцдог, гэрээгээр харицлан ажил­ладаг, менежментийн бод­лого байж болно. Хурим цайллаганд байж байж уулзчихдаг дуулал тоглолтыг театрт очиж мөнгө төлж, цаг гарздан үзээд яахав. Заримаас нь бүүр залхаад уйдчихсан байгаа шүү дээ. Ийм боло­хоор уран бүтээлүүдийн “Цус сэлбэлт”-ийг зориг­той хийх ёстой.

-Брэнд бүтээлтэй бай­сан театрууд бий?

-Ховдын театр Ч.Ойдовын “Далан ху­далч” Дорнодын театр Ж.Лодойн “Хурим”, Сүх­баатарын театр “Торой банди”, “Жаахан шарга”, Дорноговын театр Дан­занравжаагийн шүл­гүүд гэхчилэн бий. Брэнд бүтээлүүдээ улс даяар хил давж сурталчилах хэрэг­тэй. Урлагийн бригад /аялан тоглолт/-ыг сэргээх шаардлагатай байгаа юм. Зам харилцаа сайжирч байна. Ховдын театр Дорнодод очиж тоглож болохгүй юү. Урьд нь болж байсан юм, одоо бүүр боломжтой байхгүй юу. Нөгөө дээшээ хараад, алгаа тосдог, тэжээлгэдэг сэтгэлгээ л саад болоод байна.    

-Та Чеховын  зохио­лууд­тай  салшгүй холбоо­той болсон юм шиг санагд­даг. Яагаад тэр вэ?

-Чеховт хандах миний өөрийн зарчим бий. Зарчимсах юу байх вэ, 20-иод жил Чеховтой дагнаж ноцолдлоо. Дэлхийн олон театрууд Чеховын жүж­гийг яаж тавьсныг бишгүй үзлээ. Тэр дундаас өөрийн зарчмаа олсон гэж хэлэх гээд байна. Чеховын “Цахилгаан” жүжиг анх Петрбург Александрийн театрт тавигдаад нам уналт, сүйрэлд орлоо. Тэд жүжиг тавьж, тоглож байсан арга туршлагаараа хандаж л дээ. Чехов нээлт болохын өмнөх сургуу­лилтад суугаад дараа нь найруулагчид нь “Хэт­рүүлж тоглоод байна. Гадаад ритм их хөөж байна. Дүрийг тоглож байна” гэж хэлсэн. Най­руулагч Чеховын үгийг тоогоогүй. Үнэхээр Чехо­вын нүүрэн дээр жүжиг нурж байгаа нь анхны тоглолтоос илэрхий болж. Чехов жүжгээ хамт дуус­гаад тайзнаа ч гарч ёсол­сонгүй, жүжигчдийнхээ цайллаганд орсонгүй, хэв­лэлийн газрын эзэн Суворийн төлөвлөсөн хү­лээн авалтад очсонгүй. Нева мөрний эргээр шөнө­жин ганцаар тэнэсээр өг­лөө нь Москва руу явжээ. Тэгэхдээ Чехов “Би 700 жил насалдаг ч байлаа, дахин жүжиг бичихгүй” гэж тангараг өргөсөн байдаг. Чеховын жүжигт сэтгэл хөдлөл /эмоци/ хөөж, оволзож тоглож бол­доггүй. Гадагшаа биш дотогшоо нуугиж тоглох ёстой. Чеховын үйлдэл бүр далд утгатай, үг болгон давхар санаатай байдаг болохоор жүжигчнээс сэт­гэлийн асар их тэвчээр, нарийн эмзэг мэдрэмж шаарддаг. Чеховыг мэдэх­гүй хүн, түүний зохиолтой ноцолдоод нэмэргүй. Тэ­гээд хэр баргийн жүжиг­чин Чеховын жүжигт тоглож чаддаггүй. Хүмүүс ер нь Чеховоос зугтдаг, айдаг. Тэр нь ч өнгөрсөн “Сонгодог жүжиг 2012” наадмаас харагдлаа. 21 аймгаас ганцхан Завханы театр “Ваня ах” жүжгээр оролцсон шүү дээ. Би СУИС-д 20-иод жил болохдоо зөвхөн Чеховоор дагнасан гэж хэлж болно. Чеховыг байсан бол би юу заах байсан юм бол бүү мэд. Нэг, хоёрдугаар курс­дээ Чеховын өгүүллэг, туужаар инсенировка би­чүүлж, тайзны ажил хийдэг. Гуравдугаар курс­дээ нэг бүлэгт жүжиг, отрывкууд дээр ажил­ладаг, төгсөхдөө Чеховын аль нэг бүрэн хэмжээний жүжгийг дипломын ажил болгон тайзнаа тавьдаг. Чехов ердөө таван бүрэн хэмжээний нээлээд жү­жиг бичсэн мөртлөө дэл­хийн театруудыг бүхэлд нь тэжээж байна. Би “Ваня” ахыг 1998, “Эгч дүү гурав”-ыг 2002, “Ин­тоо­рын цэцэрлэг”-ийг 2006, “Цахлай”-г 2012 онд дип­ломын жүжиг болгон тавьсан. Харин “Иванов”-ыг 2016 онд тавина, одоо бэлтгэлээ хийж байна. Жил бүрийн хавар Бээ­жин хотод Азийн театрын сургуулиудын оюутан фес­тиваль болдог юм. Өнгөрсөн жил бид нар “Цахлай” жүжгээр өрсөл­дөж “Гран при” шилдэг дүрийн шагнал хүртсэн. Мэргэжлийн багш нар манай сургалтыг маш өнд­рөөр үнэлсэн.

-Сонгодог урлагийг цаашид дэлхийн төвшинд хөгжүүлэхэд юуг  анхаа­рах хэрэгтэй бол?

-Боловсон хүчнийг бэлтгэх, сургах, байршил, суурьшлын асуудлыг тэр­гүүлэх бодлогоо болгомоор байна. Дээр миний хэл­сэнчлэн найруулагч, удир­даач, бүжиг дэглээч зэрэг тэргүүлэх чиглэлийн мэр­гэжилтнүүдийг гадаадад бодлогоор бэлтгэж, орон нутгийн театруудад томи­лон ажиллуулдаг байх хэрэгтэй. Дарга нарыг нь ч яам томилдог байх шаард­лагатай. Үгүй бол аймгийн Засаг даргын бялууны хүн томилогд­чихдог, ажлаа мэддэггүй, мэргэжлээ ойлгодоггүй. Сүүлийн үед намаар их туйлширч байна. Намын хүн биш, номын хүн мэргэжлийн чадвартай хүмүүсийг төв орон нут­гийн театрын удирдлагаар тавих хэрэгтэй. Соёл урлагийн ажилтны улсын хоёрдугаар зөвлөгөөн бо­лох үеэр би уриалж хоёр санал тавьсан юм. Нэг­дүгээрт, Соёлын яамтай болох, яам байгуулж өг­дөггүй юм гэхэд Хороотой болох. Яахав хороо бай­гуулсан боловч БСШУЯ-ны дэргэд газар хэвээр байж хоёр тусдаа эрх мэд­лээ булаалдсан, эсвэл аливааг хариуцах эзэнгүй болж хувирсан. Хоёр­дугаарт, Урлагийн ордон­той болох. Үүнийг хэрэг­жээсэй гэж Монголын ард түмэн хүлээж байгаа даа.

-Та “Эрчүүдээ баяр­луулцгаая л даа” нэртэй дуучид, жүжигчид, хошин урлагынхны нэгдсэн то­моохон цэнгүүнийг хийж гэж байгаа гэж дуулдсан. Энэ талаараа сонир­хуулаач?

-Би ч юу байхав шавь нар минь  санаачилж хийж байгаа юм. 2003 онд тайлан тоглолтоо хийс­нээс хойш 10 жил өнгөрчихсөн байна. Хувь хүний тайлан тоглолт  бол гол нь шавь нар шүү дээ. Энэ хугацаанд Н.Ариун­болд, У.Уранчимэг гээд хоёр гавьяат төрж. Гадаад дотоодын удалдаан наад­муудаас шагнал авсан, Соёлын тэргүүний ажил­тан цол тэмдэгтэн төрсөн гэвэл тоолж барахгүй. Хамгийн гол нь өнгөрсөн жил би урлагийн чиг­лэлээр таван ном гар­гажээ. Эрдэм шинжилгээ­ний нэлээд бүтээл хийж. Үүнд маань урамшсан шавь нар минь хүндэт­гэлийн том цэнгүүн хийж байгаа юм. Би жүжиг, кинондоо зориулж бас сэтгэлийн онгодоор 20 гаруй дууны шүлэг бичсэн. Тэр дууг дуулсан дуучид болон шавь нар маань оролцоно. Хошин ур­лагийн хамтлаг, продакш­нууд болон орон нутгийн театр чуулгийн ураг бүтээлчид, УДЭТ-ын уран бүтээлчид гээд нүсэр бү­рэлдэхүүн багтаж байгаа.