Д.ЖАВХЛАН

Чөлөөт бөхийн дэлхийн цомын 13 дахь удаагийн тэмцээний 63 кг-ын жинд зодоглосон Япон улсын багийн залуу тамирчин Ито Юурикатай ярилцлаа.

-Монголд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би эх орноосоо анх удаа гарч байгаа нь энэ юм. Танай сайхан оронд ирсэндээ баяр­тай байна.

-Хэсгийн аваргын төлөөх барилдаанд танай баг Мон­го­лын шигшээ багт 4:3-аар дийлд­сэн. Тэгэхэд зорьсондоо хүрч чадахгүй нь гэж бодогдсон уу?

-Манай багийг хэсгээс хоёроор гарна гэж хэн бодох вэ? Барилдаан бүр хэцүү бай­сан. Манай баг зорилгынхоо 70 хувийг биелүүллээ. Харин миний хувьд зорилгодоо хүр­сэн.

-Та гол өрсөлдөгчтэйгөө барилдаад ялагдсан байх аа?

-Би олон улсын тэмцээнд оролцож байгаагүй гэсэн шүү дээ. Тиймээс өнөөдрийн гар­гасан амжилт надад хангалт­тай. Би 63 кг-ын жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч С.Батцэцэгтэй барилдах гэж энд ирсэн. Олимпод энэ жинд өрсөлдөх тамирчдаас ганцхан түүнийг л анхаарч байна. Бэлт­гэлийн өрөөнд түүний босч, суух бүх л хөдөлгөөнийг ажиг­ласан.

-Энэ нь тийм ач холбогдол­той юм уу?

-Өрсөлдөгчөө дүгнэх бо­ломж энэ барилдаанд гарсан­гүй. Харин түүнийг босч суух­даа аль хөл дээрээ хүндийн төвөө төвлөрүүлдгийг олж харсан.

-Барилдах үед мэдэх бо­ломж­гүй гэж үү?

-С.Батцэцэг хоёр талаараа барилддаг юм билээ. Түүний авьяасын задаргааг санамсаргүй тохиолдлоор л мэдсэн юм. Бид дэвжээнд ч жирийн үед ч оюун ухаанаа хурцалдаг.  

-Та олимпод С.Батцэцэгтэй таарвал яаж барилдах вэ?

-Гурван жилийн дараа бо­лох барилдааны тактикийг олимпийн эрх олгох тэмцээ­нээс харна даа. Дэлхийн цомд С.Батцэцэгтэй Хятадын та­мир­чин Чуй Хай маш сайн барилдсан. Тэр С.Батцэцэгийн сул талыг судалсан байна лээ. Би ч мөн тэр барилдааныг сайн харсан.

-Та цаашид энэ жиндээ барилдах уу?

-Миний хурд удааширч байгаа. Тиймээс жин нэмэхгүй ээ.

-Их аварга П.Дагвадорж танай багийнхантай дотно яриа өрнүүлж байгаа харагдсан?

-Тийм. Аварга манай өрөөнд гэнэт орж ирсэн. Бид түүнээс бага зэрэг эмээсэн боловч аварга зөөлөн хүн юм билээ. Аварга урмын сайхан үгээр дэмжиж, бид түүний итгэлийг алдалгүй медальт байрт шалгарч чадсан. Тэрээр өмнө нь сүмогийн соёлоор хоёр улсын гүүр болж байсан. Харин энэ удаа чөлөөт бөхөөр олон улсыг нэгэн дээвэр дор цуглуулж чадлаа. Аргагүй л бөхийн төлөө төрсөн хүн юм.

-Та Монголд дахин ирэх бодолтой байна гэсэн. Юу нь таныг ингэж их татах болов?

-Эргэн тойрон өндөр барилгануудтай болохоор үзэсгэлэнт байгалийг нь мэдэрч чадалгүй явах боллоо. Хонины хорхгийг амталж үзмээр байсан ч улирал нь таарсангүй. Тиймээс дахин ирнэ.