С.ТӨГС-ОЮУН

Зураач

Хорвоод түмэн янзын чимээ бий. Хүчтэй чанга, намуухан, аядуу, хашгир­сан, хүрхэрсэн... хэлээд, тоолоод баршгүй... Уран зураг бүр өөр өөрийн чи­мээтэй. Түүнийг бүтээгч авъяаст хүмүүнээс энэ бүхэн хамаарах ажээ.  Наяад оны эхээр  Монго­лын дүрслэх урлагт нэгэн “Чимээ” хүч түрэн, зорин, тэмүүлэн, бүр үнэн сэт­гэлээсээ дурлан барин орж ирсэн билээ. Монголын урчуудын эвлэлийн их хаалгыг олох  гэж тэр, их урт зам, он жилүүдийг туулсан байдаг. Хөдөө ну­тагт хүүхэд насаа үдэн, эмээдээ хайрлуулан , ээж, аав дүү, нараа ихэд сана­даг бай нь Зочилж  ирээд, толгод даван далд орон гэрлүүгээ буцах  ээжээ харан, хонины билчээрт  үлдэн хоцорч, нулимсаа барьж дийлэхгүй байсан хүү, тэр байсан юм. Эмээ­гээсээ хойш нагац эгчийн­хээ гар дээр хотод ирэн,  алсын Орос орныг зорин, нарийн мужааны мэргэ­жил эзэмшээд эх орондоо эргэн ирж байв. Зураач болохын тулд Үзэсгэлэн чимэглэлийн газар  ачиг­чаар орж, чөлөө  заваараа  зураачдад нь  туслан , тун  удалгүй бусдад тоогдон зураач болсон түүхтэй. Тэрээр анх нэрт зураач Жамсран , Рэнцэн нараар уран зургийн арга барилыг заалгаж эхэлжээ. Улмаар Багшийн дээд сургуулийн Уран зургийн ангийн оюу­тан , Ардын зураач Г. Одон багшийн шавь болж сур­гуулиа  төгсөөд Хүүхдийн ордны зургийн дугуйлан­гийн багшаар ажиллаж шавь нараа төрүүлж эхэлжээ.

Наяад оны эхээр Мо­нументаль чимэглэлийн үйлдвэрийн Монгол зур­гийн тасагт зураачаар ажил­лаж эхэлсэн үеэс нь би түүнийг мэдэх болсон юм.  Ийнхүү гуч гаруй  жил, амьдралын урт замд бид дөрөө харшуулан явах болсоор өдийг хүрлээ.  Мон­голын Урчуудын Эв­лэл , Зөвлөлт Холбоот ул­сын Зураачдын холбооны хооронд “Найрамдлын за­маар” гэдэг, уран бүтээлч­дийн хамтарсан  аялал зохиогддог байв. 1989 онд  Ш.Чимиддорж, С.Дагва­дорж, Ц.Туяа бид дөрөв Москвагийн зураач Га­лина Макевеева, Татьяа­на Иванова, Эстоний зу­раач, зохиолч  Маара Винт, Литвийн зураач Вер­гиния Калинаускайте нарын хамт  Завхан нут­гаар аялан Очирвааны дүрт Отгонтэнгэр уулаа зурж, Баруун Монголын их элс­нээ хүрч, алдарт Завхан голын уснаа шумбан, Дөр­вөлжин сумын дарга , хөдөлмөрийн баатар Дорж­самбуу гуайтай уулзан нөхөрлөж билээ. Ерэн онд Москва-гийн Кузнецкий мост дахь Бүх Холбоотын зураачдын үзэсгэлэнгийн  танхимд тайлан үзэсгэ­лэн­гээ гаргаж байв. Оро­сын өөрчлөн байгуулал­тын  эхэн энэ  үед бид Улаан талбайд танк байр­луулахыг сонирхон тойрон явж, Ленинградын өргөн чөлөөгөөр танкын цуваа орж ирэхийг харсан. Эс­тони, Литва, Хар далайн Гурзуфт амран, судалбар хийж , зарим үед  Чимээ  хоёр гараараа зэрэг зуран, тэнд амарч байгаа амрагч­дыг болон зураачдыг  ал­майруулдагсан. Энд бид  Оросын холбооны улсуу­даас ирсэн олон зураачид­тай найз нөхөд болсон юм. Ерэн  онд Москвагаас Чимээ анхны алс холын аяллаа  үргэлжлүүлж  Гол­ланд руу үзэсгэлэн гарга­хаар одож билээ. Энэ үе­дээ Монгол зургийн сон­годог арга барилаар “Мон­голын нууц  товчоо” - нд зориулсан цуврал,”  Эзэнт гүрний нүүдэл” , “ Бадам­хандын хөрөг”,” Батбая­рын хөрөг”,” Хүрээний гудамж”, “Эр хоёр зага­лын тууж”, “Цагийн урс­гал”, “Хүннү гүрэн”, “Амьд­рал”   зэрэг олон сайхан бүтээл туурвисныг нь  одоо Уран Зургийн Галерейн сан хөмрөгөөс болон  бусад галерейгаас  харж болно.

 

ЧИМЭЭГИЙН ГЭР БҮЛ

 

Чимээ эмээгийн хайр­тай  хүү, эгчийн дүү бай­сан. Оюутан  ч  болоогүй байхдаа Амараа гэдэг охин­той дотносон, үерхэн, хайрлан , дурлан, дассаар нэгэн айл гэрийг үүсгэсэн юм. Түүний хадам ээж Халтархүү гуай Чимээг өөрийн хүү шиг хайрлан, хир халдаахгүй  байдаг­сан. Ихэр юм шиг хоёр хүүтэй болсон. Тэднийг Батзориг, Бат-Оргил гэнэ. Одоо тэд аль хэдийн том болж, Бат-Оргил хоёр хүү­гийн аав болжээ.  Чимээ,  Ама­раа  хоёр  Цоморлиг гэдэг сайхан нэртэй, инээд алд­сан бэртэй бол­сон.  Хоёр ачийг нь харах бүр Чимээ­гийн хоёр хүү­гийнх нь  бага нас надад  өөрийн эрхгүй  санагддаг. Том ач Гэрэлтхүү  бол Чимээгийн яг багасгасан хувилбар. Тэр нэг, ийм л хөдөлгөөн­тэй, чимээ шуу­гиан бол­сон, дүрсгүй шар банди байсан  байх даа!  Энэ гэр бүлийн  олон эр­чүү­дийг өдий зэрэгт хүргэх амаргүй ажлыг Амараа л зохицуу­лан олон жилийг үдсээр. Хөвгүүдээс нь ч илүү хэ­цүү  зан авир Чи­мээ­гээс гардаг байж магад аа ! Би  олон жил зураач эрчүүдтэй мөр зэрэгцэн явсаны учир тэдний хэн нь ямар зан авир гаргахыг бас мэднээ. Өгөх хүндээ зур­гаа харамгүй бэлэглэх,  үгүй гэсэн  бол мөнгөөр ч зарахгүй зан  бас түүнээс  гарах. Чимээгийнх гэдэг айлыг зөв  чиглүүлэн  яваа Амараад бас Чимээ баяр­лаж явдаг бизээ! Түүнийг Монгол улсын Төрийн соёрхол хүртэн  , Урлагийн гавьяат зүтгэлтэн болтол нь  тэр хажууд нь   явсаар...

 

“ЭЭ... ХӨХ ТЭНГЭР”...

 

Монголчууд ингэж уулга алдах дуртай. Чи­мээгийн зургуудыг харах бүрд энэ үг санаанд өө­рийн эрхгүй   орж ирдэг. Арслан тайжийн хайртай бүсгүй Хулан энэ   үгийг бас  хэлдэг. Түүнд Чимээ­гийн зурган дээрх хязгаар­гүй гүн хөх тэнгэр эцсийн мөчид нь харагдаа болов уу гэж би боддог. Ээ көк тэнгэр... гэж.

Энэ хөх, гүн цэнхэр өнгийг зөвхөн Чимээ л өөрийнхөөрөө гаргадаг. Түүний маш олон зургаас энэ давтагдашгүй гоё хөх өнгийг харж болно. Мөнх хөх тэнгэрийн дор маш олон үйл явдал болдогийг түүний зургууд бидэнд харуулдаг. Үргэлж дээр нь Огт, Оргүй хөх тэнгэр цэлийдэг ажээ.  Түүний доор үзэсгэлэн гоо Монгол  хатад, ноёд, сүйх тэрэг, хүрээ хот, хүүхэд бага­чуулийн шуугиан, хайр­тай хосын шивнээ, цэцэг­сийн  дэлбээ  нүднээ тус­дагаа. Өнгөрсөн жил  Чи­мээ олон жил болсон Ур­чуудын Эвлэлийн нэгдсэн урлангаасаа нүүн өөрийн шинэ урландаа орсон , миний хувьд бол тэр  гале­рей л юм даа.  Би түүний урлангаар үе үе зочилох дуртай.  Энд зөвхөн  түү­ний л  хөх өнгийг шингээ­сэн уран зургууд нь на­майг угтан авдаг билээ.

 

МОРИНЫ ЧИМЭЭ

 

Түүнийг хүмүүс ингэж дуудаад олон он жилийг үдэж байна. Түүний мори­нууд бас л гүн хөх тэнгэ­рийн дор оршдог. Тэдгээ­рээс бид, моринд байж болох их олон хөдөлгөөн, ааш авир, занг олж хардаг. Бараг л бүх зурганд нь морьд дүрслэгддэг. Ямар­таа л “ Морины Чимээ” нэрийг авах вэ! Түүний уран баримал, уран зураг, бэхэн зураг, монгол зур­гийн морьд нь  аль хэдий­нээ дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн, хүрсээр л байгаа. Уран зураг цуглуу­лагч, сонирхогч нар түү­ний моринд сэтгэл татаг­дан заавал өөрийн бол­годог ажээ.

2004 онд Францын Парис хотын Chantilly horse museum – д түүний жар гаруй морины сэдэвт  уран зургийг байрлуулан нэгэн танхим шинээр нээс­нийг би  өнгөрсөн  оны эхээр очиж үзэж би­лээ. Баярламаар, Чимээ­гээр бахархмаар сайхан мэдрэмж төрж билээ. Аме­рикийн Сиэтл хотын “Davidson” галерейг үзэж яваад бас түүний морины тухай уран   зургуудаар хоёр давхартаа байнгын үзэсгэлэн гаргасныг харах завшаан тохиосон. “Мян­ган адуу”, “Хөх тэнгэр”, “Нутгийн хөх салхи” зэрэг олон үзэсгэлэнг үзэгчид­дээ толилуулж  “Элбэг” , “Бадамханд”, “Занаду”  “Цагаан Дариум”  галерей болон таван тивийн уран зураг сонирхогч, цуглуу­лагч нарт түүний уран  зургууд очисоор...

 

 

ДИВААЖИНГИЙН БЯЦХАН ГҮНЖ

 

“Чимээгийн сэтгэлд оршдог бяцхан охины тухай” би үргэлж боддог. Хоорондоо үргэлж зодолд­дог бас хааяа уулзахгүй удахаараа учиргүй  тэврэл­дэн,  бие биеэ ихэд үгүйл­дэг тэрсхэн хоёр банди одоо ч миний сэтгэлд тод­хон байна. Тэдний нэг Баторгил удахгүй ээж нь бяцхан охин тэврэх болс­ныг зөн совингоо­роо мэд­рэн, энд” Үжин” байгаа гэж ээ­жийн­хээ  хэвлий рүү заан хэлж  байхыг би хэдэнтээ сонссон юм. Үнэ­хээр ч удалгүй бяц­хан Үжин мэндэлж би тэднийд  хүүгийнхээ хамт очин, танилцаж байсаан. Тэр охин өсч том болохын хэ­рээр хаа нэгтэй чимээ­гүйхэн суу­гаад зөндөө их зураг зурдаг байлаа. Аа­вын­хаа хажуунаас огтхон ч холдохгүй, түүний би­еийн нэгэн хэсэг ч юм шиг салахгүй бараадан  байдаг­сан. Тэнгэрийн тааллаар, нэгэн өдөр од харвах лугаа нисэн од­сон. Чимээгүйн дунд тэр охин олон зургаа аавдаа үлдээсэн. Чимээ, эд­гээр зургуудыг харах бүрдээ, тэдгээрийг уран бүтээл болгон зурах үе­дээ асар их “ Тайт­га­рал”,” Тайвшрал-”ыг олдог болов уу гэж надад  бодогддог юмаа. Тэнгэ­рийн орноо байгаа охин, газар дээрх аавтайгаа бидэнд ажиг­лагдамгүй нууц жимээр үргэлж  холбоотой байдаг гэдэгт би итгэдэг... Амьд­ралын агшин бүрд тэр хоёр  хамтдаа”Уран зураг”  туур­вин бүтээдэг. Чимээ сэт­гэлдээ нэгэн бяцхан авьяас­танг олон жил тээ­сээр, тэр түүний уран бү­тээлийн охин тэнгэр болж бидэнд үй түмэн зургийг дэлгэн үзүүлсээр, дэлхий ертөнцийг тойрон ниссээр явна. “Диваажингийн бяц­хан гүнж” тэргүүтэй олон уран бүтээлийг нь үзэгчид одоо ч  андахгүй   болжээ.

 

ТЭР ОДОО ДЭЛХИЙН ХҮН...

 

Хязгааргүй гүн тэнгэ­рийн доор өөрийн  эх орон болон  улс гүрэн, тив, далай, тэнгисийг  дамжин аялагч  Чимээ, даяаршиж буй  энэ цаг үед  урлагт хил хязгаар байхгүй  гэдгийг  нотолж   тойрон аялсаар,  бүтээн туурвисаар явна. 2005 онд Чимээ , Сэрээтэр бид  гурав Солонгосын зураачидтай хамтран Уран зургийн галерейд үзэсгэ­лэн гаргаад Хөвсгөл рүү хэд хоног хамтдаа  аялсан юм. Сэрээтэр маань Хөвс­гөл нуураас загас барин биднээ дайлж, Чимээ за­виар нуурнаа сэлж бас судалбар хийн, орой нь түүдэг гал тойрон хууч хөөрөн суусансан. Мөн барималч, зураач Рав­салын Ганхуягын найз, алдарт уяач Ганзоригийн урилгаар бид гурав Говь- Алтай аймгийн Хөх – Морьт сумаас Завхан гол хүртэл мориор аялан Ба­руун Монголын их элсэн дээгүүр  зуун хориод   км газар  судалбар хийн явж билээ.” Гүн нуур”-ын эрэг дээр очсон үдэш  Монго­лын бөх Төвшинбаяр олим­пын анхны алтан медаль авч , Чимээгийн хүү Батзориг алт, алт гээд бидний зүг баярлан гүйж ирсэн мөч одоо ч мартаг­дашгүй ээ! Чимээтэй ява­хад үргэлж инээд хөөр, хөгжил баясал  дагадаг  билээ.  Холын замд бид олон ч аялалд  хамтдаа гарч дээ.

2011 оны намар Чимээ зураач нөхдийн хамт Бер­лин хүрч тэндээсээ Ита­лийн Венец, Ром, Парис, Бельги, Голланд, Щвей­царь, Австри зэрэг газраар аялан явжээ. Аяллынхаа дараа “Европын тэмдэг­лэл” үзэсгэлэнгээ Цагаан­дариум галерейд гаргаж байв. Энэ үзэсгэлэнд “Ве­не­цийн өглөө”, “Клод Монегийн цэцэрлэг”, “Сар­тай шөнө Монегийн цэцэрлэгт”, “Усан буу­дал”, “Венецийн завь­чин”, “Нотрдамын хаал­га”, “Венецийн гудамж”, “Амстердамын үдэш” зэ­рэг олон сайхан уран зур­гууд нь тавигдсан билээ. 2012 онд Азийн орнуудаар  бас зураач нөхдийн хамт аялан олон, олон  судалбар хийж түүнээ бүтээл болгон үзэгч түмэндээ хүргэхээр урландаа туурвин сууна. Монгол улсын төрийн соёр­холт, урлагийн гавьяат зүтгэлтэн Шаг­даржавын Чимиддоржын тухай  улам  ихийг өгүүлж болох билээ.