Д.ЖАВХЛАН
Чөлөөт бөхийн багийн дэлхийн цомын 13 дахь удаагийн тэмцээн манай оронд хоёр өдөр болж амжилттай өндөрлөлөө. Энэ тэмцээний хүрэл медалийг хүртсэн Япон улсын багийн ахлах дасгалжуулагч Сасаяа Хидэёотой ярилцлаа.
-Танай баг дэлхийн цомын медалийн тавцанд зогсож чадлаа. Баяр хүргэе?
-Бид уг нь арай өөр зорилготой ирсэн. Гэхдээ медальд шалгарсандаа баяртай байна. Манай баг Монгол, Канад, Энэтхэг зэрэг улстай “Б” хэсэгт таарч барилдсан. Барилдаан бүр хэцүү байлаа. Тэдний бэлтгэл сайн байгааг хоёрдугаар тойргийн барилдаанаас олж харсан. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид сүүлийн жилүүдэд дэлхийн аваргын тэмцээнээс ганзага хоосон буцахгүй байгаа. Бидний гол өрсөлдөгч Хятад, Америк, Оросын багт хүчтэй шинэ өрсөлдөгч гарч ирснийг энэ тэмцээн нотоллоо.
-Японы олимп, дэлхийн аваргууд энэ тэмцээнд зодоглосонгүй. Тэд ирсэн бол дэлхийн цомыг төвөггүй хүртэх байлаа?
-Би Монголын бөхийн хорхойтнуудаас уучлал гуйж байна. Манай аваргууд өнгөрсөн жил олон тэмцээнд орсон. Энэ удаад тэднийг амраахаар шийдсэн юм. Бид энэ жилийн цомын тэмцээнд Рио де Жанейрогийн олимпод оролцох залуу бүрэлдэхүүнээ илгээсэн. Тэд 17-21 насны охид. Хэсгийн аваргын барилдаан манай багийнханд том сургамж болсон. Монголын хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг манай охидын сэтгэлзүйг ямар төвшинд байгааг ойлгууллаа. Хэсгийн аваргын барилдаанд манай охид Монголын бөхчүүдтэй муу барилдаагүй. Харин Монголын охид сайн байсан юм.
-Танай охид Монголын багийг ялсан бол цомын төлөө Хятадтай таарах байлаа. Хэрэв танай баг цомын төлөө дэвжээнд гарсан бол үр дүн нь ямар байх бол?
-Хятадын охид энэ тэмцээний хамгийн хүчтэй нь юм. Монголын охид Хятадын багтай сайн барилдлаа. Цомын төлөө Япон, Хятадын багууд үлдсэн бол сонирхолтой барилдаан гарахгүй байсан.
-Яагаад?
-Манай хоёр багийн барилдааны арга барил ерөнхийдөө ойролцоо. Бид хэн хэнийхээ арга барилыг сайн мэдэх юм. Манай шигшээ баг чөлөөтөөр анх хичээллэж буй хүүхдүүддээ Хятадын бөхчүүдийн өрөлт болон барилдааны арга барилд тааруулан суурь бэлтгэлийг заадаг. Энэ тэмцээн туршлагаар дутуу шавь нарт маань чухал хичээл боллоо.
-Та энэ тэмцээний медальт байранд орсон багийг таасан уу?
-Үүнийг таахад хэцүү. Цомыг хятадууд авах нь тодорхой. Харин мөнгө, хүрэл медалийг Америк, Япон гэж бодож байсан.
-Та дэлхийн цомын шилдэг бөхийг нэрлэхгүй юу?
-Энэ тэмцээний од нь Дэлхийн аварга, Лондоны олимпийн 63 кг-ын хүрэл медальт С.Батцэцэг. Тэр дэвжээн дээр гайхамшгийг бүтээж чадлаа. Нутгийн дэвжээнд барилдах нэг талаар дарамттай ч С.Батцэцэг үзэгчдийн дуу чимээнд авталгүй анхаарлаа төвлөрүүлж чадлаа. Тэр дэвжээнд барилдахдаа ганцаараа мэт тайван байсан. С.Батцэцэг бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан нь түүнтэй эн зэрэгцэх бөх байхгүйг харууллаа. Дэлхийн цомын дэвжээ энэ удаа түүнд хүндэдсэнгүй.
-С.Батцэцэгтэй барилдсан шавьдаа юу гэж захиж гаргав?
-Ито Юрикаг дэвжээнд гарах үед “С.Батцэцэг чамд бөхийн хичээл заах болно. Чи түүнтэй аль болох удаан барилдахыг хичээ” гэж захисан. Харамсалтай нь, тэр барилдаан удаан үргэлжлээгүй.
-Монголын тамирчдын сул талыг нэрлэвэл?
-Монголын бөхчүүд ихэвчлэн хав золгох буюу таллаж барилддаг. Тэд арга барилаа улам боловсронгуй болгох хэрэгтэй. Хятад, Япон бөхчүүд шиг мэхнээс мэх рүү түргэн шилждэг хувилбарыг сонгох хэрэгтэй.
-Монголын чөлөөт бөхийн шигшээ баг саяхан бүтэц бүрэлдэхүүнээ байгууллаа. Харин танай улсын шигшээ баг хэзээ байгуулагдав?
-Манай шигшээ баг амардаггүй. Олимпод шигшээ багийн тамирчид барилдаж байхад хоёрдугаар шигшээгийн тамирчид бэлтгэлээ хийж байдаг юм.
-Та шавь нарыгаа ялагдсаны дараа огтхон ч зэмлэсэнгүй?
-Өнгөрсөн барилдааны дараа зэмлэх нь зөв зүйл биш. Тэд нялхаараа амьтад байхгүй юу. Дасгалжуулагч хүн шавь нарынхаа хэзээ, ямар алдаа гаргасныг хэлж өгөх үүрэгтэй. Би энэ тэмцээнд шавь нараа ялагдсанд баярлаж байна. Тэдний ялах цаг яг одоо биш.