Д.ЖАВХЛАН
Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай эх оронд чөлөөт бөхийн багийн Дэлхийн цомын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн болж аваргуудаа тодруулсан билээ. Тэгвэл тэмцээний аварга БНХАУ-ын багийн 48 кг-ын жингийн бөх Сун Янантай ярилцлаа.
-Та БНХАУ-ын багийг “Цом”-ын аварга болоход гол үүрэг гүйцэтгэлээ. Аварга болсонд баяр хүрье?
-Юуны өмнө монголд ирсэндээ баяртай байна. Энэ тэмцээнд түрүүлж миний хувьд “Дэлхийн цом”-ын алтан медалийг хоёронтоо хүртэж байгаа нь энэ юм. Би 2011 оны Дэлхийн цомд мөн энэ жиндээ барилдсан.
-Та хэдэн жилийн өмнөөс энэ спортоор хичээллэх болов?
-16 настай байхаас энэ спортоор хичээллэж эхэлсэн.
-Дэлхийн цомын дэвжээнд 48 кг-ын жинд таныг дийлэх хүчтэн гарсангүй. Дэвжээнд гарах үед таны харц бусдаас өөр байсан шүү?
-Би эх орондоо их хайртай. Тиймээс өрсөлдөгч бөхөө БНХАУ-ын дайсан хэмээн өөрийн барилдааныг ирлэдэг. Энэ тэмцээнд ирэхээс өмнө Японы бөхийг гол өрсөлдөгчөө гэж бодож байсан юм. Харин энэ удаагийн хүчтэй өрсөлдөгч Монгол Улсын бөх Ц.Энхжаргал байлаа. Цомын төлөөх анхны барилдааныг бид хоёр эхлүүлсэн. Энэ үед хэн хэнд маань хэцүү байсан нь тодорхой. Ц.Энхжаргалд нутгийн дэвжээнд ялагдах эрхгүй гэсэн дарамт байсан байх. Харин надад дэвжээний бөхтэй барилдахад хүндхэн байсан шүү. Танай хөгжөөн дэмжигчид тэнгэрээс аянга буух мэт сүртэй юм билээ.
-Ц.Энхжаргалтай барилдах үед таны анхаарал төвлөрөхгүй байх шиг харагдсан?
-Та аваргын төлөөх барилдааныг хэлж байна. Энэ барилдааны өмнөхөн бэлтгэлийн өрөөнд бие халаалт хийж байхад миний сэтгэл санаа тогтворгүйтээд хэцүү байлаа. Танай хөгжөөн дэмжигчид “Уухай уухай уухай” хэмээн нэгэн дуугаар түрэх нь миний анхаарлыг үгүй хийсэн гэхэд болно. Дарамттай байсан. Миний бие салгалаад хурдхан барилдаанаа дуусгахыг хүсч байлаа. Дэвжээн дээр гарах үед доргилт мэдрэгдэх шиг. Энэ барилдаан миний сэтгэлээс хэзээ ч гарахгүй ээ. Надад сэтгэлийн их тэвчээр суулгасан юм шүү. Би энэ удаа хоёр өрсөлдөгчтэй зэрэг барилдлаа.
-Юу гэсэн үг вэ?
-Ц.Энхжаргал дэлхийн аваргын медальтай, хоёр ч олимпод зодоглосон туршлагатай тамирчин байхгүй юу. Түүнтэй шийдвэрлэх барилдаанд гарах үед хөгжөөн дэмжигчид өрсөлдөгч нараас хамгийн хүчтэй нь байлаа. Энэ тэмцээнд муу бөх зодоглодоггүй юм. Барилдаан бүр хариуцлагатай байсан.
-Хятадын шигшээ баг таныг 2016 оны олимпод сойх болов уу?
-Тэгвэл сайхан л байна. Би цаашид энэ жиндээ барилдана. Ирэх олимпийн талаар одоо ярихад эрт юм биш үү. Манай улсад энэ жинд олон бөх бэлтгэгдэж байна.
-Тэгвэл гадны бөхчүүдийг нэрлэвэл?
-48 кг-ын жинд Япон улсын бөхчүүд сайн барилддаг. Тэд энэ тэмцээнд залуу тамирчдаа сонгожээ. Миний жинд Японоос хоёр тамирчин ирсэн байна лээ. Тэдний хэн нь миний гол өрсөлдөгч болохыг мэдэж чадсангүй. Тэдэнтэй нэг хэсэгт таарсан бол мэдэх боломжтой байсан юм.
-Тэдэнтэй нэг хэсэгт таарсан бол яаж барилдах байв?
-Энэ хэцүү асуулт байна. Би барилдааныхаа тактикийг урьдчилж хэлэх дургүй. Та заавал мэдэхийг хүсч байна уу. Тэгвэл тун удахгүй олимпийн эрхийн тэмцээн болно. Тэр үеэр Хятадын бөх Японы бөхтэй хэрхэн барилдахыг хараарай.
-Хувийн амьдралынхаа талаар ярихгүй юу?
-Би энэ талаар багшаасаа асуух ёстой. Миний амьдралын талын мэдээлэл өрсөлдөгчдөд маань том боломж олгох ч юм билүү.
-Та хэр муу санаатай вэ?
-Хэрэв миний амжилтанд муугаар нөлөөлөх зүйл байвал муу санаагаар хариу барина. Хариу мэх гэж ойлгож болно. /Инээв/
-Хамгийн зальтай тамирчныг нэрлэвэл?
-Азийн бөхчүүд харьцангуй зальгүй. Тэдний сэтгэлийн тэнхээ нүүрэн дээр нь ил байдаг. Харин Европийн бөхчүүд зальтай барилддаг. Тэдний хийн дээр ажиллах нь аюул дагуулж мэднэ.