М.ТИЛЕК
Эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө 13 дахь удаагийн “World Cup-2013” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт ухаа спортын цогцолбор”-т боллоо. Дэлхийн шилдэг найман багийн бөхчүүдийн дунд олимпийн наадамд оролцсон зургаан бөх, олимпийн мөнгө, хүрэл медальт хоёр бөх, дэлхийн аварга гурван бөх, ДАШТ-ний медальт 10 бөх, залуучуудын дэлхийн аварга дөрөв, өсвөрийн дэлхийн аварга нэг, оюутны дэлхийн аварга ес, тивийн наадмын аварга гурав, тивийн аварга найман бөх байгаа нь энэ удаагийн тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгов.
Дэлхийн шилдэг найман баг А, В гэсэн хоёр хэсэгт хуваагдаж халз барилдав. А хэсэгт АНУ, Беларусь, БНХАУ, Казахстан, В хэсэгт Монгол, Япон, Канад, Энэтхэгийн багууд орж тэмцээний эхний өдөр хоорондоо хүч үзэв. А хэсэгт манай өмнөд хөршийнхөн Беларусийг 7:0, АНУ-ыг 5:2, Казахстаныг 6:1-ээр тус тус илүүрхэж нэгдүгээр байраар шалгарч аваргын төлөө барилдахаар болжээ. Харин Беларусь, Казахстаныг тус бүр 7:0-ээр бут ниргэсэн АНУ-ын баг хэсэгтээ хоёрдугаар байраар шалгарч Дэлхийн цомын гуравдугаар байрын төлөө өрсөлдөх эрхээ авчээ. Беларусийн охид Казахын багийг 5:2-оор дийлснээр хэсгээсээ гурваар гарч тавдугаар байрын төлөө өрсөлдөхөөр болсон байна.
Харин В хэсэгт дэвжээний эзэн Монголын баг гайхалтай барилдаж үзэгч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулан хэсгийн бүх өрсөлдөгчөө буулгаж авч, Дэлхийн цомын аваргын төлөө барилдах эрхтэй болов. Манай охид эхлээд Канадын багийг 4:3-аар ялж тэмцээнээ амжилттай эхлүүлэв. Манай бөхчүүдээс дэвжээн дээр хамгийн түрүүнд гавьяат тамирчин Ц.Энхжаргал гарч Канадын бөх Миан Жасминетэй гурван үе барилдаж 2:2, 1:2, 0:1 онооны харьцаагаар ялагдлаа. Дараа нь 51 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг дэлхийн аварга Макдональд Жессикатэй барилдсан ч туршлага дутаж дийлсэнгүй, 2:0, 3:5 онооны харьцаагаар ялагдав. Ийнхүү манай хоёр бөх ялагдсаны дараа байдал хэцүү болсон үед олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн канадын бөх Лавердюре Британнеетэй барилдаж эхний үеийг нэг онооны илүүгээр дуусгаж хоёрдугаар үед цэвэр дарж манай багийн анхны ялалтыг авлаа. 59 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа канадын бөх Мишель Фаззаритэй барилдаж эхний үед клинч барьцаагаар хожигдож хоёрдугаар үед 3:0 онооны харьцаагаар ялж итгэл төрүүлсэн ч гуравдугаар үед 1:3 онооны харьцаагаар дийлдсэн. Байдал ийнхүү хэцүү болж барилдааны харьцаа 1:3 болсон үед гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг гарч канадын бөх Бручард Жюстина Анжелаг нэгдүгээр үед гар ачиж 3 оноо авч төвөггүй ялж хоёрдугаар үед цэвэр дарж үнэхээр шилдэг бөх гэдгээ харуулав. 67 кг-ийн жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа Канадын бөх Биуденс Мегантэй барилдаж ур чадвар, туршлагаар илүүрхэж 3:0, 5:0 онооны харьцаагаар ялсан. Хоёр багийн онооны харьцаа 3:3 харьцаатай болсон хамгийн эгзэгтэй үед гавьяат тамирчин О.Бурмаа Каллахан Лифтэй барилдаж нэгдүгээр үе дуусах үед мордох мэхээр нэг оноо авч ялалт байгуулж хоёрдугаар үед өрсөлдөгч нь хөмрөх мэх хийхэд нь үлдэж ард нь гарч нэг оноо авч давуу байдла хадгалсаар 3:2 онооны харьцаагаар дийлж багтаа хамгийн чухал ялалтыг авчирсан.
Дараа нь манай баг Энэтхэгийг 5:2-оор буулгаж авав. Манайхаас Ц.Энхжаргал, С.Бямбацэрэн, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Б.Одончимэг нар ялалт байгуулж, Э.Даваачимэг, С.Цэрэнчимэд нар өрсөлдөгчиддөө ялагдав.
Гуравдугаар тойргийн барилдаанд В хэсэгт тус бүр хоёр ялалт аваад байсан Монгол, Японы багууд халз тулав. Хоёр багийн аль ялсан нь нэгээр шалгарч Дэлхийн цомын аваргын төлөө өрсөлдөх эрхээ авах учир маш хариуцлагтай барилдаан болов. Манай бөхчүүдээс дэвжээнд хамгийн эхэнд гавьяат тамирчин Ц.Энхжаргал гарч залуучуудын дэлхийн аварга Юки Ириетэй барилдсан ч 0:7, 2:4 онооны харьцаагаар дийлдэв. 51 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг Ю.Мияхарад, 55 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн залуучуудын дэлхийн аварга Чихо Хамадад тус ялагдаж онооны харьцаа 0:3 болж манай баг нэлээд хүнд байдалд оров. Ийнхүү үлдсэн тамирчид ялагдах эрхгүй болж 59 кг-ын Т.Мөнхтуяа Ю Саканог цэвэр ялж хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Түүний дараа 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 67 кг-д О.Насанбурмаа, 72 кг-ид Б.Одончимэг нар өрсөлдөгчөө ялж манай охид түүхэнд анх удаа Дэлхийн цомын аваргын төлөө барилдах эрхээ авчээ.
В хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Японы баг Энэтхэг, Канадын тус бүр 5:2-оор буулгаж авав. Харин Канадыг 4:3-аар ялсан Энэтхэгийн баг хэсгээсээ гурваар гарч тавдугаар байрын төлөө барилдахаар болжээ. Тэмцээний сүүлчийн өдөр долдугаар байрын төлөө Казахстан-Канадын багуудын халз барилдаанаар эхлэв. Канадын охид Казахын багийг 6:1-ээр ялав. Дараа нь Энэтхэгийн баг Беларусийг 5:2-оор ялснаар Дэлхийн цомын тавдугаар байрт оржээ.
Гуравдугаар байрт АНУ-ын багийг 4:3-аар ялсан Японы бүсгүйчүүд оров. Аваргын төлөө Монгол, БНХАУ-ын багууд өрсөлдөж өмнөд хөршийнхөн 4:3-аар ялалт байгуулав. Ийнхүү манай Монголын баг түүхэндээ анх удаа дэлхийн цомд хоёрдугаар байрт оров.