Д.ЖАВХЛАН
Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн гүйлтийн замд Монголын нэрийн хуудас болсоор хоёр ч олимпийг үдээд буй Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од Азийн аварга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонкгонг улсад марафон гүйлтийн Азийн 14 дэх удаагийн тэмцээнд хоёр цаг 17 минут 56 секундын амжилтаар тивийн аварга болсон шинэхэн аварга уржигдар шөнө эх орондоо хөлгийн дөрөө мултлажээ. Түүнтэй тэмцээнийх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө танд Азийн аварга болсонд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэ тэмцээнд Азийн 24 улсын 30 гаруй марафончин оролцосноос 20 тамирчин амжилттай бариаллаа. Азийн аваргад норматив хангасан шилдгүүд орсон нь энэ тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон. Энэ жилийн өрсөлдөгчид бүгд бэлтгэл сайн байна. Тэднээс Япон, Киргизстан, Катар улсын тамирчид онцгой сайн байсан. Би замын хагас хүртэл толгойн группт уралдсан. Харин замын төгсгөл хэсэгт зай авах тактикаар уралдлаа.
-Хонгконгийн цаг агаар халуун чийглэг. Тиймээс бэршээл зөндөө гарсан байх?
-Бүгчим халуун хэрнээ үе үе хүчтэй салхилах нь хэцүү байсан. Би энэ тэмцээний үндсэн бэлтгэлээ өнгөрсөн аравдугаар сараас энэ сарын 24-ыг хүртэл Бээжин хотод хийсэн юм.
-Таныг зарим хэвлэлээр хошой аварга болсон гэх юм?
-Үгүй. Энэ чинь марафоноор авсан Монголын анхны алтан медаль байхгүй юу. Үүнийг сонсоод гайхсан. Гэхдээ баярлалаа. Амны билгээс ашдын билэг гэдэг байх аа. Хэзээ нэгэн өдөр Азийн аваргаа ихэрлүүлчих ч юм билүү.
-Тэгвэл хос алтан медалийнхаа учрыг тайлбарлаж өгөхгүй юу?
-Японы уламжлалт “Осакагийн марафон” өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон. Би энэ марафонд хоёр цаг 11 минут 54 секундын амжилтаар дээд амжилт тогтоосон байна лээ.
-Энэ жилийн календарчилсан төлөвлөгөөнд Дэлхийн аваргын марафон ирэх наймдугаар сард болох тов гарчээ. Та орох уу?
-Энэ жилийн дэлхийн аварга наймдугаар сарын 10-18-ны хооронд Москва хотод болно. Би ирэх сарын дундуур сэргэлтийн бэлтгэлд орох гэж байна. Сэргэлтийн бэлтгэл дуусмагц дэлхийн аваргын үндсэн бэлтгэлээ Бээжинд хийнэ.
-Бэлтгэлээ яагаад эх орондоо хийгээгүй юм бэ?
-Манайд марафоны зориулалтын зам талбай байдаггүй юм. Өмнө нь “Их тэнгэрийн ам, Зайсан гэсэн маршрутаар хийдэг байсан. Энэ замаар машин зогсоо зайгүй явдаг болохоор бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг.
-Хонгконгийн гүйлтийн замын онцлог?
-Хонгконгийн зам Азид төдийгүй дэлхийн хэцүү замын жагсаалтад ордог юм билээ. Гараанаас эхний 8-10 километр нь өгсүүр, харин төгсгөлийн 32-36 километр нь далай доогуурх тунелэн зам байсан. Энэ замаар гүйхэд л хэцүү байлаа.
Тэмцээний зардлаа хэрхэн шийдсэн бэ?
-Чингэлтэй дүүргийн Эрхэмбаяр даргатай нэгдүгээр хэлтэс, “Алтан тариа” компанийн хамт олон тэмцээнд оролцоход бүх талаар тусалсан.