Д.НАДМИД

 

Арваадхан хоногийн дараа буюу ирэх сарын 2, 3-нд Улаанбаатар хотноо чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “ Дэлхийн цом”-ын тэмцээн болно. Энэ тэмцээнд манай улсаас гадна Канад, Япон, БНХАУ, Беларусь, Энэтхэг, АНУ, Казахстан гэсэн найман орны баг тамирчид оролцох юм. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч О.Баянмөнхтэй ярилцлаа.

 

 

-“Дэлхийн цом”-ын тэмцээн хаяанд ирчихлээ. Бэлтгэл ажил бүрэн хан­гагдсан уу?

-Тэмцээний бэлтгэл ажил үндсэндээ хангагд­сан. Зохион байгуулах хороо хэд хэд хуралдаж зарим ажлыг нэлээд шав­дуулснаар бэлтгэлийн хувьд тун дажгүй гэж бол­но. Одоогийн байдлаар тэмцээний эрх авах төл­бөр, шагналын сан, га­даадын тамирчдын байр, хоол унд, бэлэг сэлтэд яриад байх юмгүй болсон. Нэг гол асуудал Буянт-Ухаагийн спорт цогцол­борт болох тэмцээн хоёр дэвжээн дээр болох юм. Гэтэл олон улсын бөхийн холбооноос 80 см өндөртэй дэвжээ засах үүрэг өгсөн байгаа. Уг дэвжээг Хята­дад захиалж хийлгэлээ. Үүнийг тээвэрлэж авах гаалийн татварт 90 сая төгрөг зарцуулсан.

-Манай улсад энэ тэм­цээнийг хийх болсон ту­хайд Та юу хэлэх вэ?

-Сүүлийн дөрвөн жил манай эмэгтэй чөлөөт бө­хийн тамирчид дэлхийн дэвжээнд хүчтэй өрсөл­дөгч гэдгээ харуулж чад­сан шүү дээ. 2009 онд ДАШТ-ээс хос медаль авч байсан бол дараа жил нь дэлхийн аваргатай болсон. 2011 онд дэлхийн дэв­жээнд багаараа эхний гуравт багтаж чадсан. Эд­гээр амжилтыг үнэлж уг том тэмцээнийг манай оронд хийх эрх олгосон гэж болно.

-Уг тэмцээнд хэр хүч­тэй баг, тамирчид ирэх гэж байгаа бол гэдэг бөх сонирхогчдод тун хэрэгтэй байна. Энэ талаар...?

-Ноднин Канадад болсон ДАШТ-ий эхний найман байрт орсон багууд ирэх юм. Мэдүүлгээс харж байхад улс бүр турш­ла­гатай шилдгүүдээсээ гадна 2016 оны олимпод цахиур хагалах бөхчүүдээ илгээхээр болсон байна лээ. Бүр тодруулбал Лон­доны олимпийн медальтай хоёр, дэлхийн аварга дө­рөв, ДАШТ-ий медальтан 11, залуучуудын дэлхийн аварга бас дөрөв, оюутны дэлхийн аварга 10, үлдсэн нь тив, олон улсын тэм­цээний медальтай бөхчүүд байгаа. Чансаа өндөртэй тэмцээн болно байхаа. Харин Японоос шинэ залуу тамирчид нь ирэх юм байна лээ.

-Манай бөхчүүдийн бэлтгэл хэр байгаа вэ. Ямар нэг зорилго тавьж байгаа байх л даа. Манай­ханд гол өрсөлдөгч нь хаанахын тамирчид байх бол...?

-Бид багаараа медаль авах зорилго тавьж байгаа. Манай тамирчид Дэлхийн цомын тэмцээнд 2009 оноос хойш тасралтгүй оролцож ирсэн турш­лага­тай баг байгаа. Шилдгүүд маань дэвжээнд гарна. Бөхчүүдийн хувьд сонгол­тоо хийчихсэн. Дашрамд сонирхуулахад, Дэлхийн цомын тэмцээн 12 удаа болоход Япон зургаа, Хятад таван удаа авар­галсан бий. Завсарт нь АНУ нэг удаа түрүүлсэн. Түүнчлэн ОХУ, Украин, Канадын баг медальд хүрч байсан юм.

-Тэмцээний сугалаа хамгийн чухал алхам бай­даг даа. Том тэмцээнд...?

-Тэмцээн эхлэхээс хоёр хоногийн өмнө “Blue sky” зочид буудалд суга­лааг хийнэ. Найман улсыг “А”, “Б” гэсэн хоёр хэсэгт хуваана. Тэгээд багууд хэсэгтээ тойргоор барил­даж, хэсгээ тэргүүлсэн баг алтан медалийн төлөө, хоёроор гарсан нь хүрэл медалийн төлөө, гурав, дөрөвдүгээрт орсон нь тав, долдугаар байрын төлөө өрсөлдөх юм. FILA-гийн дүрмийн дагуу эхний гур­ван байр эзэлсэн тамирч­даас допингийн шинжил­гээ авахаар болсон.

-Тэмцээн Буянт-Ухаа цогцолборт болох юм бай­на. Тасалбар нь ямар үнэтэй байх бол. Үзэгчдэд унаа үйлчлэх болов уу?

-Үзэгчдийг хэд хэдэн цэгээс автобусаар зөөхөөр болж байгаа. Тасалбар үдээс өмнө 2500, үдээс хойш 5000 төгрөгийн үнэ­тэй. Багцаараа 15 мянган төгрөг байх юм.

-Телевизээр шууд дам­жуулах уу?

-Тэмцээнийг шууд амжуулах эрхийг Олон улсын бөхийн холбоотой байгуулсан гэрээний дагуу “Монгол” телевиз шууд дамжуулахаар болсон.