Д.ЖАВХЛАН
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн багийн Дэлхийн цомын тэмцээн манай оронд ирэх долоо хоногт эхлэх гэж байна. Энэ тэмцээнд оролцох Монголын баг тамирчид “Говь” цогцолборт бэлтгэлд гараад нэг сар орчим болж байгаа билээ. Манай багийн гол найдварын нэг 59 кг-ын жинд хүч үзэх ОУХМ Т.Мөнхтуяатай цөөн хором ярилцлаа.
-Та Дэлхийн цомын бэлтгэлд гараад хэд хонож байна вэ?
-Манай чөлөөт бөхийн эмэгтэй багийн тамирчид хоёрдугаар сарын нэгнээс хотоос зайдуухан байрлах “Говь” цогцолборт бэлтгэлд гараад сар шахам боллоо. Энд ихэвчлэн барилдааны бэлтгэл хийж байна. Харин үлдэж буй долоо хоног сэргээлтийн бэлтгэл хийх болно. Бид хүчний гол бэлтгэлээ эхний 10 хоногт дуусгасан.
-Та өнгөрсөн оны дэлхийн аваргаас Монголын багийн нэр төрийн ганц медалийг авсан. Та тэр тэмцээнээс өмнө ямар амжилт гаргаж байв?
-Тиймээ. Дэлхийн аваргын тэмцээн миний анхны том тэмцээн байсан. Би гавьяат дасгалжуулагч Ч.Намшир, Ю.Ганболд Л.Бадарч нарын удирдлага дор чөлөөт бөхийн “А” үсгийг заалгасан. Одоогоор “Хангарьд” спорт хорооны тамирчин гэж барилддаг. Дэлхийн аваргын өмнө “Mongolia open” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнийг эс тооцвол би битүү морь юм даа.
-Дэлхийн аваргад оролцохдоо жин хэр хассан бэ?
-Би тэнд медаль авах зорилготой очсон. Түүндээ ч хүрсэн. Нэг үгээр хэлбэл эртнээс бэлдэж байсан юм.
-2012 оны улсын аварга болох боломжтой байсан. Хэтэрхий шунаж барилдчих шиг болсон?
-Энэ жилийн улсын аваргад олон залуу тамирчин зодоглосон нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болголоо. Аваргын төлөө Цэрэнчимэдтэй хоёр үе барилдаж эхний үед клинчээр хожигдсон. Харин барилдааны шийдвэрлэх хоёрдугаар үед тавхайдуулж ялагдсан.
-Удахгүй болох Дэлхийн цомд ямар жинд зодоглох вэ. Бэлдсэн мэх байна уу?
-59-дөө барилдана. Би ихэвчлэн гар талладаг. Миний дархан мэх. Дэлхийн цомын тэмцээнд шилдгүүд л барилддаг учраас тухайн барилдааныг урьдчилж харах боломжгүй. Тэд холыг зорьсон зорилгоо биелүүлэх гэж нэгийг бодно. Бид нутгийн дэвжээн дээр ялагдах эрхгүй гээд л ширүүхэн үзэж таарна. Өрсөлдөх бөхчүүдийн бичлэгийг хараад тактикаа боловсруулж сууна.
-Бөхийн спорттой хэзээнээс холбогдсон бэ?
-Их сонирхолтой юм болсон. Нэг өдөр арван жилийн сургуулийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болов. Тэр тэмцээнийг үзэж байсан намайг дотны найз Нандинбилэг маань барилдчих гэлээ. Бөх барилдах нь бүү хэл, өмсгөл ч өмсөж үзээгүй тэмцээнд ороход эвгүй байсан. Тэгээд дэвжээнд албадлагаар гараад эхний өрсөлдөгчөө тухай үед ямар ч мэх хийсэн юм бүү мэд намайг яллаа гэдэг байгаа. Дараагийн барилдаанд гарахгүй гэтэл манай найз намайг зоригжуулж чи аварга болно гэв. Хэдэн ч бөхтэй барилдаж аваргын төлөө шалгарснаа мэддэггүй юм. Тэгээд найз маань одоо чи нэг л ялбал алтан медаль авна гэлээ. Дэвжээнд гартал нөгөө талаас Нандинбилэг зогсож байлаа.
-Энэ барилдаанд хэн нь ялсан бэ?
-Би ялж алтан медаль хүртэж, найз маань мөнгө авсан. Барилдааны дараа медалийн тавцанд зогсож байхад Намшир багш надад медаль зүүж өгөх болов. Тэгээд багш медаль гардуулсны дараа “Чи энэ спортоор хичээллэх ёстой чамд ирээдүй байна” гэж хэлсэн.
-Тэгээд “Аварга” дээд сургууль руу орсон уу?
-”Аварга” дээд сургуульд анх жүдо бөхөөр хичээллэх сонирхолтой орсон. Жүдо бөхөөр хэсэг хичээллээд чөлөөт рүү урвасан юм.
-Таныг бөхийн том удамтай гэх юм билээ?
-Миний өвөө Булган аймгийн Тэшиг сумын харьяат, 1955 оны баяр наадмаар улсын арслан Цоодолоор долоо давж Монгол Улсын заан цолыг хүртсэн Б.Бадам гэдэг хүн бий.
-2020 оны олимпоос чөлөөт бөхийг хасна гэхэд хэрхэн хүлээж авав?
-Цаг хугацаа, хөлс хөдөлмөр зарцуулж ид амжилт гаргадаг дээрээ ийм мэдээ сонсоход хэцүү байсан.
-Дэлхийн аваргын хүрэл медалийг авах мөчид юу бодогдож байв?
-Медалиа авчихаад багш нартаа үзүүлэхсэн гэж их л догдолдог юм билээ.
-Медалийн төлөөх барилдааныг эргэн дурсвал?
-Би дөрвөн барилдаан хийсэн. Эхний тойрогт Канадын бөх Мишель Фаззаритай барилдсан юм. Тэр бөхтэй Токио хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд таарч клинч барьцаар ялагдаж байсан болохоор барилдааныг нь сайн мэддэг байсан. Энэ удаа ялна гэж бодоод зүүн гар таллах мэх хийж эхний үед оноо авч хожоод хоёрдугаар үед хөлдөө алдаж хожигдоод, гуравдугаар үед нэг оноо алдаад их хэцүү байдалд орсон ч сугадаж дайраад оноо авч хожсон. Хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Лей Жейнсийг гурван үе барилдаж ялсан, мөнгөн медалийн төлөө барилдаанд их хичээсэн боловч Беларуссын бөх Залина Сидаковад яалт ч үгүй дийлдсэн. Хүрэл медалийн төлөө барилдаанд гарахын өмнө Б.Батбаяр, Ч.Раднаабазар багш нар маань урьдах барилдаанууд шигээ гарыг нь таллаж өөрийнхөө барилдааныг хийгээрэй гэж захисан, Энэтхэгийн бөхийг хоёрдугаар үед цэвэр дарсан.
-Энэтхэгийн бөх өөрөөс чинь туршлага илүү бөх байсан?
-Тийм. Энэ барилдаан хамгийн хэцүү нь байсан. Эхний үед тэр “гарт эргэх” мэхээр хоёр оноо авч ялсан юм. Харин дараагийн үед би “Өмсөх” мэхээр цэвэр орхиж медалийн болзол хангасан.