Э.ОРХОН
Фолк рок этник урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Алтан ураг” Монголын ардын урлагийг орчин үеийн хөгжмийн урсгалаар шинэчилж, дэлхий дахинаа уламжлалт соёлоо таниулж чадсан хамтлаг билээ. Тус хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Өнгөрсөн сард танайхан ОХУ-ын Красноярск хотод “Ази номхон далайн орнуудын бүсийн олон улсын дуу хөгжмийн наадам”-д оролцсон. Энэ талаар болон сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулаач?
-ОХУ-ын Красноярскт “Ази номхон далайн орнуудын хөгжмийн наадам”-д оролцоод ирсэн. Сүүлийн үед шинэ клипний ажилдаа орсон байна. Ерөнхийдөө хамтлагийнхан амарч байгаа. Есдүгээр сараас шинэ уран бүтээлдээ орохоор төлөвлөж байна.
-Сүүлийн үед танайхантай ижил хэв маягаар тоглодог хамтлагууд нэлээд бий болж байна. Танай хамтлагын хувьд бусад хамтлагуудаасаа ялгарах онцлог нь юу вэ?
-Бид Ардын урлагийг шинэ төвшинд гаргаж ирэхийн тулд байгуулагдсан. Тухайн үед хүмүүс ардын урлагийг сонсдоггүй. Тэр дундаа залуус ардын урлагаа сонирхдоггүй байлаа. Харин бид гарч ирснээр залуус ардын урлагийг сонсож, сонирхох нь нэмэгдсэн гэж боддог. Бид “Folk rock” хөгжмийн төрөлдөө анхдагч нь юм.
-Ардын урлагийг шинэ төвшинд гаргасан хамтлагийн хувьд өөр урлагийн төрлөөр тоглох уу?
-Бидний гол зорилго залуучууддаа ардын урлагаа таниулж, ойлгуулах юм. Ганц ардын дуугаар уран бүтээл хийхээсээ илүү шинийг санаачилж, шинэ хэв маягыг бий болгох гэж явна. Тиймээс уран бүтээлийнхээ зохиолыг өөрсдөө гаргадаг.
-“Алтан ураг” хамтлаг ардын урлагийг Монголдоо төдийгүй дэлхийд гаргаж ирсэн. Гадаад орны үзэгчид, манай орны үзэгчид хоёрын хооронд ялгаа байдаг уу?
-Сүүлийн үед залуус ардын урлагаа ойлгож сонсох нь ихэссэн санагддаг. Тэр утгаараа Монголын үзэгчид маань бахархаж омогшсон сэтгэлээр хүлээж авдаг. Харин гадаадын үзэгчид гайхан биширч, сонирхдог.
-Танай хамтлагыг сонсогч фэнүүд олон байгаа байх. Сонсогчдоос сонирхолтой санаа, санал ирж байсан уу?
-Биднийг сонсогчид дэлхийн өнцөг булан бүрт бий болжээ. Японд манай хамтлагийнхыг сонсдог залуус бидэнтэй адилхан хувцас хийлгэж өмсөөд “Фүжи” олон улсын хөгжмийн наадамд ирж зургаа авахуулж байсан. Мөн Голландын зураач залуу манай хамтлагын зургийг зураад үзэсгэлэнгээ гаргаж байсан. Бид үзэгч сонсогчидтойгоо Фэйсбүүк болон мэйл хаягаараа байнга харилцаа холбоотой байдаг.
-Залууст ардын урлагийг рок стилиэр шинэчилж байгаа нь их таалагддаг юм шиг санагддаг. Танай хамтлаг залгамж халаагаа бэлтгэж байна уу?
-Сүүлийн үед “Фолк рок” урсгалыг сонирхож сонсох, хамтлагууд шинээр бий болж байна. Гэхдээ бид ардын урлагийг шинэ төвшинд гаргаж чадсан. Энэ амжилтыг шинэ гарч ирж байгаа залуус бууруулахгүй байгаасай гэж боддог. Бид залгамж халаа бэлдэх гэхээс илүү залууст шинэлэг санаа, бүтээлч байдлыг харуулахыг зорьдог.
-Ойрын үед ямар уран бүтээл төлөвлөж байна. Тоглолт хийх үү?
-Одоогоор тоглолт хийх бодолгүй байна. Харин ирэх арваннэгдүгээр сард олон улсын хөгжмийн фестивальд явах талаар ярилцаж байгаа.