Д.ЖАВХЛАН 

Монголчууд орон зайн гайхамшигт сэтгэлгээтэй ард түмэн билээ. Энэхүү сэтгэлгээний нэг илрэл бол хайчилбарын урлаг юм. Хайчилбараар “хорвоог амилуулдаг” уран бүтээлч “Орчлон дунд сургуулийн дүрслэх урлагийн багш Ч.Уранчимэгийн урланд зочилж, түүнтэй ярилцлаа.

 

-Та хайлчилбарын ур­лагтай хэзээнээс холбогд­сон бэ. “Уран хайчилбар” гэсэн ном хүртэл гаргасан байсан?

-Цаасан хайчилбар бол миний хобби.  Хайчил­барын арга технологийг олон жилийн хөдөлмө­рийнхөө үр дүнгээр бо­ловсронгуй болгож өнгөр­сөн жил ном гаргасан. Цаасан урлал хүний баруун тархийг хөгжүүлдэг. Манай дугуйланд  сурал­цаж буй хүүхдүүд зурах­гүйгээр хайчилдаг. Ингэс­нээр тухайн хүүхдийн сэт­гэн бодох авьяасыг хөг­жүүлэх сайн талтай.

-Та боловсролын сал­барт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Би  Хэнтий аймгийн Биндэр сумаас 30 жилийн өмнө ажлын гараагаа эх­лүүлсэн. Тэгээд Монго­лын хүүхдийн ордонд бол­дог багш шавь нарын  үзэс­гэлэнд хоёр ч удаа орсон. Тэр үед  Урлан бүтээх төвийн захирал намайг дуудаад багшаар авсан юм.

-Тэгээд дараа нь “Орч­лон” сургуульд орсон уу?

-”Орчлон” сургуульд ирээд зургаан жил болж байна. Хүний сонирхол уйгагүй хөдөлмөр хэзээ нэгэн цагт өөрт хэрэг бол­дог л юм байна. Энд ирээд би олон хүүхдэд өөрийнхөө сурсан, мэдсэн зүйлийг зааж сургаж байгаадаа баяртай байгаа.  Дугуй­лангийн маань хүүхдүүд бүгд авъяаслаг, гарын уртай хүүхдүүд.

-Ер нь энэ цаасан хайчилбар хаана, хэзээ анх үүссэн юм бэ. Мон­голчууд хэдийнээс эхэлж хөгжүүлсэн юм бол?

-XVII зуунд Францын 16 дугаар Людовик ван­гийн дэргэд алба хашиж байсан Этьен де Силуэт гэх хүн үл мэдэх шог зураг зурсан гэдэг. Энэ үеэс сүүдэр зураг үүссэн бөгөөд хайчилбар үүссэн гэлцдэг юм. Харин монголчууд эртнээс охидууддаа хув­цас болон гутлын харааны хээг эсгэх аргыг заадаг байсан. Энэ нь цаасан хайчилбар хөгжих бас нэ­гэн суурь болж байсан байх. 

-Зурахгүйгээр хайчлах нь хэцүү биш үү. Анх эхлэн суралцаж байгаа хүн арай хялбар аргаар эхэлдэг биз?

-Анхан шатны сурагч­дад зурагтай хайчилбарыг эсгүүлдэг. Дараа нь өөрөөр нь зуруулаад хайчлуулдаг юм. Ингэснээр тухайн суралцагч дараа дараа­гийн элментийг зураггүй­гээр хайчилдаг болно. Мон­голчууд зурах, хайлч­лах авьяастай ард түмэн. Манай дугуйланд сурч байгаа гурван настай хүү­хэд зурахгүйгээр хайчил­даг. Анх зурагтай хайчил­бар нэхдэг байсан бол хоёр долоо хоногийн дараа сур­чихсан зураггүй цаасан дээр янз бүрийн амьтан эсгээд толгой өндийх зав­гүй сууж байдаг юм.    

-Анхлан суралцагчид ямар хайчилбарыг сонир­хож байна?

-Хүүхдүүд уншсан ном­ныхоо баатруудын зур­гийг хайчлах дуртай байдаг. Бага насны хүүх­дүүд өнгөт цаасаар амьтан хийх дуртай байдаг бол ахлах ангийнхан хар ца­гаан цасаар орон зайг тус­ган илүү нарийн ур чадвар шаардсан зүйл хийж бай­на. Охидууд ихэвчлэн хээ угалз, цэцэг, эрвээхэй хийх сонирхолтой байдаг бол харин хөвгүүд чонын дүрсийг үнэхээр гайхал­тай хийдэг шүү.

-Уран бүтээлчид ихэнх­дээ эхэлсэн бүтээлээ дуусгаж байж санаа нь амардаг. Хайчилбар бас адилхан байх. Ер нь энэ урлагаар хичээллэсэний давуу тал юу вэ?

-Манай сургуульд ма­те­матик болон хэлний сур­галт түлхүү ордог. Хай­чилбараар хичээллэсэн хүүхдийн анхаарал төвлө­рөлт дээд зэргээр ажилла­даг. Манай дугуйлангийн хүүхдүүд барьсан ажлын­хаа ард нь гарч байж санаа нь амардаг.

-Танай шавь нар олон шагнал, урамшуулалтай юм. Ямар ямар тэмцээн уралдаанд оролцсон бэ?

-2010, 2012 оны “Шил­мэл загвар”-ын уралдаа­ны Гранпри шагналыг манай сургуулийн долду­гаар ангийн сурагч хүү авсан. Мөн Япон улсад болсон зургийн уралдаанд Идэр шавь маань амжилттай оролцож тү­рүүлсэн.  

-Цаасан урлалаар хий­сэн зүйлээ дотны хэн нэгэндээ бэлэглэвэл зү­гээр юм шиг санагдлаа?

-Тийм шүү. Би “Эрд­мийн өргөө” цогцолборын хүүхдүүдэд оны өмнөхөн хичээл заасан юм. Тэд шинэ жилээр сургуу­лийн­хаа заалыг “Цасан шир­хэг” хайчилбараар чимсэн байна лээ. Үүнээс өмнө жил жилийн шинэ жилээ сурагчдаас хураасан мөн­гөөр чимдэг байсан гэсэн. Тэд нэг боодол бичгийн цаасаар заал дүүрэн чимэглэл хийснээр эдийн засгийн их хэмнэлт гаргасан байгаа юм.