Д.ЖАВХЛАН

 

Манай оронд сар шинийн баяр болж буйтай давхцаад Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл Швейцарийн Лозанн хотноо хуралдаж байна. Энэ хурлаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрөөс хасагдах хамгийн өндөр магадлалтай нь чөлөөт бөх болоод байна. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэртэй ярилцлаа.

 

-Чөлөөт бөхийг олим­пийн хөтөлбөрөөс хасч магадгүй болжээ. Танай холбоо энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Олон улсын олим­пийн хорооны гүй­цэт­гэх зөвлөлийн 14 ги­шүүн 2020 оны олимп зохиох хот болон хөтөлбөрт оролцох спортын 26 төрлийг то­дорхойлохоор хуралдсан юм билээ. Одоогоор олимп зохион явуулах эрхийн төлөө Японы Токио, Испанийн Мадрид, Туркийн Стан­бул гэсэн хотууд өрсөлдөж байна. 2020 оны олимп зохион явуулах хотын нэр болон 26 дахь спортын төрлийг зар­лаагүй байхад урьдчилж мэдэх бо­ломжгүй. Энэ хурлаар чөлөөт бөхийг хасах талаар санал оруулсан юм билээ. Түүнээс биш олимпийн хөтөлбөрөөс хассан юм биш. Одоогоор олимпийн хөтөлбөрт спортын 25 төрлийг батлаад байна. Хотын нэрийг ирэх тавдугаар сард Станбулд болох хурлаар тодорхой болгоно. Хурлын гишүүд олимпийн 26 дахь спортын төрөлд чөлөөт бөх, ханын теннис, зүл­гэн дээрх хоккейг өрсөл­дүүлж санал хуваагдаад байгаа юм гэсэн. Эд­гээрээс са­нал илүү авсан нь олимпод орох биз.

-Тэд чөлөөт бөхийн хөгжлийг муу гэж дүгнэсэн юм биш үү?

-Тэр талаар ам нээгээгүй. Харин тасалбар болон реклам суртал­чил­гаагаар нь  дүгнээд байгаа. Олимпийн наадмын түүхийн хөгжилд хөнгөн атлетик, бөх шидэлтийн  төрлүүд чухал үүрэг гүй­цэтгэсэн юм. Тэр тусмаа чөлөөт бөх олимпийн наадмын хөтөлбөрт баг­таад 100 гаруй жил болж байна. Олон орны ги­шүүнч­лэлтэй энэ спортыг шинэ хөгжиж буй орчин үеийн спортоор соль­чихгүй байх гэж найдаж байна.

-Чөлөөт бөхөө олимпод хэвээр авч үлдэхийн тулд  ФИЛА-гаас /Олон улсын чөлөөт бөхийн холбоо/ ямар ажил өрнүүлсэн бэ?

-Олон улсын бөхийн нэгдсэн холбооны удирд­лагууд Олон улсын олимпийн хорооны ерөн­хийлөгч Жак Роггетой уулзахаар болсон. Энэ үеэр байр сууриа илэр­хийлэх биз. Чөлөөт бөх өндөр хөгжсөн Америк, Орос, Болгар зэрэг улсууд хүчтэй эсэргүүцэж байгаа. Эдгээр орнууд чөлөөт бөхийг олимпийн хө­төл­бөрт хэвээр авч үлдэхийн тулд олон арга зам хайж байна. Хэдхэн хоногийн өмнө дээрх орнууд ард иргэдийнхээ дунд санал асуулга явуулсан гэсэн. 

-Харин танай холбоо ямар байр суурьтай байгаа вэ?

-Олимпоос хамгийн олон медалийг манай чөлөөтийнхөн л цуглуулж чадсан. Тиймээс чөлөө­тийнхөн төдийгүй Мон­голын спортынхон үүнд адилхан байр суурьтай байгаа байх аа.

-Тайландад ФИЛА-ийн яаралтай чуулган болж байна. Энэ чуулганд танай холбоог хэн төлөөлсөн бэ?

-ФИЛА-ийн чуулганд зөвхөн чөлөөт бөхийн олон улсын удирдах зөвлөлийн гишүүд л оролцдог. Удир­дах зөвлөлд Монголын төлөөлөл байдаггүй учир бид гарах шийдвэрийг чагнаж сууна. Удирдах зөвлөлийн гишүүд хур­лаар хэлэлцсэн санал гомдлоо олон улсын олим­пийн хороонд уламжлах байх.

-Удахгүй манай оронд зохиогдох чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээний бэлтгэл ажил хэр хан­гагдаж байна вэ?

-Дэлхийн цомын тэм­цээнд чөлөөт бөхийн эмэгтэй шилдэг найман улсын баг тамирчин өр­сөлддөг. Өчигдөр бүх ба­гууд мэдүүлгээ өгч дуус­лаа. Тэмцээнд орол­цох багууд энэ сарын 27-ноос эхлэн ирнэ.

-Манай охид бэлтгэлээ хаана хийж байгаа вэ?

-Өнгөрсөн сарын дун­дуур манай холбоо улсын аваргаа шал­гаруулсан. Энэ тэмцээнд жин тус бүрт эхний гурван байрт орсон 30 гаруй тамирчин оролцоно. Мөн саяхан Красноярскийн тэмцээнд амжилттай оролц­сон тамирчдад Дэлхийн цом нээлттэй. Энэ тэмцээнийг зохион байгуулалтын тал дээр их анхаарч байгаа. Чөлөөт бөхийн олон улс дахь таагүй мэдээлэлд хариу өгөх анхны тэмцээн манай улсад болж бай­гаагаараа өндөр ач хол­богдолтой юм. Чөлөөт бөхийн үзэгч цөөр­сөн, тасалбар борлуулалт мууд­сан хэмээн олон улсын олимпийн хороо дүгнэж байна. Тиймээс манай ард иргэд энэ тэм­цээнийг дэм­жиж үзэхийг уриалж байна. Энэ тэм­цээнд орол­цох манай тамирчид хо­тоос зайдуу “Говь” клубт бэлтгэл сур­гуулилтаа хан­гаж байгаа.

-Танай холбоо Үн­дэс­ний шигшээ багт хэдэн та­мирчны нэрийг өгсөн бэ?

-Шигшээ багийн сон­гон шалгаруулалтын жур­мын дагуу тамирчдаа сонгоод Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд хүр­гүүлсэн. Одоо бидэнд яам­наас гарах шийд­вэрийг хүлээх л үлдсэн.

-Шигшээ багийн сон­голт удааш­ралтай байгаа нь тамир­чдад хүндрэлтэй байна?

-Чөлөөт бөх ч гэлтгүй жүдо, бокс гээд топ спортын төрлүүд маань улсын аварга, нэрэмжит тэмцээнээ явууллаа. Га­даад дотоод тэмцээнүүдэд тамирчдаа сорьсоор л байна. Тамирчид бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаар тасрахгүй байгаа.

-Энэ шигшээ багт баг­тах тамирчдын тоонд өөрч­лөлт гарсан уу?

-Шигшээ багийн та­мирчны нэг сарын цалин 150 мянган төгрөг байсан. Тамирчдын цалинг нэм­сэн учир орон тоог хассан байх. Энэ шигшээ багийн төс­вийг өмнөх жи­лүү­дийнхээр бодож тооцсон гэсэн. Ирэх жилийн төс­вийг нэмснээр шигшээ багт орох тамирч­дын тоо өсөх байх.