Ч.ГАНТУЛГА

Улсын Филармонийн гоцлол дуучин “Ардын дууч” Д.Бурмааг ярилцлагынхаа буланд урилаа.

-Ярилцлагаа таны сүүлийн үеийн уран бүтээ­лээс эхэлье?

-Баярлалаа. Танай сони­ноор дамжуулан элэг нэгт ахан дүүстээ усан могой жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе. Миний хувьд бие даасан тоглолтоо хийх гээд бэлтгэл ажилдаа орчихоод байна. Шинэ цомогт орсон дуунуудаа дүрсжүүлж эхэлсэн. Энэ жил манай филармонийн 40 жилийн ой тохиосон. Хамт олон маань олон үйл ажиллагаа, тоглолт зохион байгуулсны үргэлжлэл, “Гайхамшигт ардын дуу” тоглолт өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Тоглолтод миний бие болон “Морин хуур” чуулгын гоцлол дуучин ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, “Түмэн эх” чуулгын гоцлол дуу­чин, соёлын тэргүүний ажилтан Бямбажаргал эгч урилгаар оролцоно. Манай тоглолт сар шинийн өмнө болж байгаагаараа онцлог. Дан ардын дуунууд дуу­лаг­даж, “Морин хуур” чуулгын шилдэг бүтээлүүд эгшиглэнэ.

-Улсын филармонитой хэрхэн хувь заяагаа холбов?

-Анх 2000 онд улсын филармонид туслах менежерээр жил гаран ажилласан юм. Энэ үеэс хамт олноо мэддэг болсон. Их сайхан хамт олон шүү.  2009 онд гоцлол дуучнаар орсон. Өмнө нь ажиллаж байсан болохоор харьцан­гуй амар байсан. Манайд бүх урсгалаар дуулдаг дуу­чид, бүх жанраар тоглодог хөгжимчид байна. Урла­гийн их уурхай юм даа. Манайх залуу уран бүтээлч олонтой. Хамгийн сүүлд поп дуучин Т.Амина ороод байна.

-Цаг хугацаа өнгөрөх тусам ардын дуу маань үнэ цэнэтэй болох юм?

-Монголчуудын хам­гийн том бахархал. Цаг хугацаа улиран өнгөрсөн ч ардын дуу үнэ цэнээ алдах ёсгүй. Хэрвээ ардын дуу­гаа мартах юм бол түүх, соёлоо мартаж байна гэ­сэн үг. Энэ бол гутамшиг шүү дээ. Ардын дуу өөрөө ард түмний өмч, ард түмний сэтгэлээс гарсан үгс. Үг нь зэмлэж, ая нь аргаддаг. Нийгэмд болох­гүй байгаа зүйлийг далд үгээрээ сургамжилдаг. Амьдралд хамгийн ойрхон байж чаддаг. Ямар ч монгол хүн ардын дуугаа сонсоод уярахгүй байж чаддаггүй, учир нь энэ л байх даа.

-Урлаг, ялангуяа ардын дуу уран бүтээлчээс зөв хүмүүжил шаард­даг уу?

-Урлаг өөрөө тэр чи­гээрээ хүмүүжил. Бусдын нүдэн дээр үргэлж ил байдаг. Нийгмээсээ нэг алхмаар илүү алхдаг. Урлагийн хүн өөрөө урлаг дотроо зөв амьдрах нь чухал шүү дээ. Тэгж байж л зөв хүмүүжлийг авна.

-Амьдрал дандаа сай­хан байдаггүй. Хааяа нэг гуниж, шаналсан үедээ өөрийгөө яаж тайтгаруулдаг вэ?

-Амьдрал дардан байдаггүй. Жаргал зовлон ээлжилдэг нь жам. Би шаналж, гунигласан үедээ урлагаас эрч хүчийг, хань, гэр бүлээсээ тайтгарлыг авдаг. Хамгийн хүнд хэцүү үед түшиж тулах багана минь гэр бүл минь юм даа.

-Ардын дуугаа дуула­хад өөрийн эрхгүй омог­шино биз?

-Хамгийн эхэнд эх орон, нутаг усаараа бахар­хах сэтгэл төрдөг. Цааш­лаад ээж аав, элэг нэгт ард түмэн минь бодогддог. Энэ монгол түмэн, нутаг ус дуулсан дууны минь хөг аялгуу болж, сэтгэлд минь дандаа уяатай явдаг юм шүү.

-Хүн бүр дуучин гэх нэр зүүх нь холгүй болжээ. Дуучин гэж яг хэнийг хэлэх вэ?

-Солгой л биш бол өөрийгөө дуучин бол­чих­лоо гэж боддог болчихсон үе. Ганц дуу хийгээд уран бүтээлч болчихлоо гэж эндүүрч болохгүй байх. Үүнийг дагаад урлагийн үнэ цэнэ алдагдаад байна. Соёлын тэргүүний ажил­тан цолыг маш эрчимтэй уран бүтээл хийж байж, урлагт олон жил зүтгэж байж авдаг байх гэж би боддог. Төр засгаас уран бүтээлчдэд багахан ч бол­тугай цензүр тавиасай гэж хүсдэг. Нэг дуу дуулаад л дуучин болоод байвал насаараа урлагт зүтгэж яваа буурлуудын маань хөдөлмөр юу ч үгүй болно шүү дээ. Залуу уран бүтээлчдээ муулж байгаа юм биш шүү. Гэхдээ өнөө­дөр мөнгө олох нь чухал биш, ирээдүйд урлагийн талбарт ямар бүтээл хийсэн нь чухал шүү дээ. Уран бүтээлч хүнд ард түмний халуун алга та­шил­таас илүү үнэтэй зүйл юу байхав. Би урлагт 10 жил хөдөлмөрлөж байна. Тэглээ гээд өөрийгөө дуучин болчихлоо гэж том зан гаргаж яваагүй. Надад суралцах зүйл маш их байгаа. Уран бүтээлч хүн цаг минут бүрт суралцах ёстой гэж боддог.

-Хоолой жигдэрсэн ардын дуучин  болоход хэр цаг хугацаа шаардах бол?

-Зууны манлай уртын дуучин Б.Норовбанзад гуай 50 нэлээд гарчихаад “Одоо л миний хоолой жигдэрч байна” гэсэн гэдэг. Тэгэ­хээр асар их цаг хугацаа, хүч хөдөл­мөр шаардана. Өдөр бүрийн бэлтгэл, уйгагүй хөдөлмөрлөсний эцэст л ард түмэндээ хү­лээн зөвшөөрөгдсөн хайр­тай дуучин нь болох байх даа.

-Ярилцлагынхаа сэд­вийг багахан өөрчилье. Дуучин Д.Бурмаа хэр сайн ээж, галын өрөөндөө хэр сайн эзэгтэй вэ?

-Эмэгтэй хүн, эх хү­нийхээ хувьд үүргээ бие­лүүлэлгүй яахав. Аль бо­лох гэр бүлдээ цаг гаргаж хамт байхыг хүсдэг. Ам­ралтын өдрүүдээр гэрийнх­­нийхээ дуртай хоолыг нь хийгээд ширээ тойроод цайлах дуртай. Гэр бүлийн аз жаргал үр хүүхэд байдаг шүү дээ. Үр хүүхдийнхээ эрүүл энх өсөхийг харах л эх,эцэг хүний жаргал байдаг. Би өөрийгөө их азтай гэж боддог.  Миний хань спор­тын хүн. Гэхдээ миний ажлыг ойлгодог, үргэлж дэмждэг.

-Өнгөрсөн жилийн цагаан сараар үндэсний телевизийн цагаан сарын зохиомжид тоглосон шүү дээ. Энэ жил телевизүү­дээс цагаан сарын нэвт­рүүлэгт оролцох санал их ирж байна уу?

-Ардын дуу цагаан сартай салшгүй холбоотой. Манай дуучид сар шинээр урилгад дарагддаг. Аль болох цагаа зохицуулаад нэвтрүүлэгт оролцохыг хүсдэг. Энэ жилийн хувьд ч ялгаагүй олон сайхан нэвтрүүлгээр үзэгч түмэнтэйгээ мэндчилнэ.

-Таныг улсын начин Б.Насандэлгэрийн гэргий гэдгийг манайхан мэднэ. Монгол уламжлалын хоёр тал болсон танай гэр бүл цагаан сарыг хэр өргөн тэмдэглэдэг вэ?

-Манай гэр бүл цагаан сарыг өргөн тэмдэглэдэг. Битүүний өдөр тоос шо­роогоо үргээж, шинийн нэгний идээ ундаагаа бэлд­дэг. Харин сар шинийн өглөө эрт босч, цайгаа чанаж, дээжээ өргөнө. Ханийнхаа дээл хувцасыг бэлддэг. Бид харьцангуй залуу гэр бүл учир шинийн нэгэнд буурлуудынхаараа явж золгуут хийдэг уламжлал­тай. Харин шинийн хоёр­ноос дүү нар минь ирж золгодог юм. Цагаан сар манай гэр бүлийн хувьд их чухал баяр.