Д.САМБУУ
Д.САМБУУ
Өнгөрсөн жилийн баяр наадмаар тав давж шөвгөрсөн бөхчүүдийн хоёроос нь буюу шинэ начин Б.Сугаржаргал, улсын арслан Х.Мөнхбаатар нараас сэргээш илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдсон билээ. Хагас жил гаруй хугацаанд хүлээлт үүсгэж бас багагүй маргааны бай болсон тэр асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрээ гаргажээ.
Уг шийдвэрт арслан Х.Мөнхбаатарын шөвгөрсөн амжилтыг хүчингүйд тооцож олгосон чимгийг хураах, Б.Сугаржаргалын барилдах эрхийг ердөө зургаан сар хасахаар болжээ. Тэр шийдвэрийн ард наадам зохион байгуулах хорооноос энэ саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж эцсийн шийдвэрийг мөн хүлээх тухай тайлбар дагалдаж байгаа юм. Дээрх шийдвэрийг бөхөө дээдэлдэг олон түмэн сэтгэл ханамжтай биш хүлээн авч байна. Яагаад гэхээр уржнан жил допингийн шинжилгээгээр унасан Алтангэрэл, Ч.Цогбаяр нарт хоёр жил барилдах эрхийг нь хасч байсан. Тэр хоёр одоо ч бөхийн талбарт гарах эрхгүй л яваа. Гэтэл арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нарт яагаад ийм ялгаваратай хандаж “өршөөл үзүүлэв” гэж гайхаж байна.
Олны яриаг сонсвол бөх хүртэл улс төржих болж. Бас том цолтой бөх допинг хэрэглэсэн бол зөөлөн шийтгэл хүлээдэг болсон шиг. Тээр жил А.Сүхбат аварга допингтой гарлаа гэж шуугиад чимээгүй өнгөрсөн хуучраагүй баримт бий. Тэгэхээр аварга, арслангууд төв мэдрэлийн системийг тухайн үедээ сэргээдэг бодис хэрэглэж болох мэт. Ер нь нэг нь хүнд, нөгөө нь хөнгөн эм хэрэглэсэн гэж ялгамжтай хандах үндэслэл байхгүй. Хэрэглэсэн нь л бол хэрэглэсэн байх учиртай. Бас тэгээд Б.Сугаржаргал азтай юм. Том цолтонтой хамсаатан болсны хүчинд зургаахан сар барилдахгүй нь. Ийм үгс сонсогдож байна. Үнэн шүү дээ. Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нар ч гомдол гаргаж болох талтай байж магадгүй. Олны яриа ортой гэж үнэн л юм даа. Энэ допингтой холбоотой асуудал тэгсхийгээд өнгөрнөө гэж. Тэглээ л дээ.
Манайд сэргээштэй холбоотой хууль эрх зүйн орчин боловсронгуй биш бараг байхгүйтэй адил өөр улс оронд ийм байдаг гэсэн жишгийг хуулбарласан маягтай байдаг. Бас сэргээшийн төрлийн бодисоо ангилж тодорхойлсон юмгүй шинжилгээ авах арга зүй нь хоцрогдсон, лабораторигүйгээс шинжилгээг гадаадад хийлгэж их зардал гаргадаг ийм л байгаа. Бөхчүүдийг энэ талаар мэдлэгтэй болгох ажил ч байхгүй гэж болно. Харин Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нарын хувьд жүдочид. Гадаад, дотоодын уралдаан тэмцээнд орж шинжлүүлж сурсан зохих мэдлэгтэй бөхчүүд. Тиймээс юу хэрэглэж болох, болохгүйг сайн мэдэх учиртай. Тиймээс энэ хоёрт уучлал, хөнгөрүүлэлт байх ч ёсгүй юм. Бөх хүртэл улс төржөөд хэцүү цаг болж. Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарын цолыг хураагаагүйтэй холбоотойгоор тэднийг Ховдын бөхчүүд болохоор Ц.Элбэгдорж ивээлээ гэсэн яриа бас гарсан. Гэтэл энэ жилийн шийд ямар болохыг цаг үе л харуулах байх. Хэрэв наадмын зохион байгуулах хорооны шийд хүчин төгөлдөр болсон нөхцөлд улсын харцага Т.Санчир, улсын начин Ж.Амартүвшин нарт цол ахих боломж харагдаад байгаа. Бөх сонирхогчид ярих нь бас л улс төрчид аль нэг тохироо хийгээд өнгөрөх биз гэх. Тийм ч байж болох, бас үгүй ч байж магад. Дахиад л олон түмний хүлээлт үүслээ дээ.