Д.ЦЭРЭННАДМИД
Архангайн Хашаат хэмээн цоллуулж барилддаг үе үеийн сайн бөхчүүд бий. Улсын арслан У.Мижиддорж, заан Д.Содном (цагдаа) начин Ц.Гомбодорж гээд л... Тэдний нэг нь улсын начин Б.Хүрэлбаатар. Биеэр жижиг ч арга, мэхийн хүчээр аварга, арслангуудтай үзэлцэж явсан бөх. Түүнтэй хийсэн бэсрэг ярилцлагаа толилуулъя.
-Өөрийг чинь анх идэрчүүдийн улсын аваргад түрүүлж байсныг сонссон юм. Ер нь багаасаа барилджээ дээ?
-Зургадугаар ангиасаа л барилдаж эхэлсэн. Наймдугаар анги төгсдөг жилээ аймгийн идэрчүүдийн аваргад түрүүлээд улсад шалгарч очсон. Тэгээд 16-17 насанд түрүүлж шонхор, 17-18 насанд бас түрүүлж тулгат цол хүртэж байлаа. Энэ маань намайг барилдахаас өөрийг бодохгүй шахам болгосон.
-Томчуултай хэдийд үзэж эхлэв дээ?
-1979 оны спартикиадаар аймагтаа барилдаж аймгийн заан болсон. Түүнээс хойш хоёр жилийн дараа наадмаар түрүүлж аймгийн арслан цолд хүрсэн.
-Өөрийн чинь бөхийн багш хэн бэ?
-Хашаатын сургуульд байхад Арваан-Очир гэдэг хүн намайг бөх рүү хөтөлсөн анхны багш маань. Дараа нь Буян багшийн шавь болж чөлөөтөөр хичээллэж эхэлсэн.
-Чөлөөтөөр хэр амжилттай барилдав?
-1980 онд пионер, сурагчдын спартикиадад оролцож алтан медаль авч байлаа. Тэр жилээ улсын наадамд зодоглосон. Хоёр даваад гурвын даваанд Дамдингийн Баяраад унасан. Дараа жил нь мөн гурвын даваанд Ө.Тулгаа заанд шидүүлсэн. Гэвч унах тусам хор шар хөдөлж барилдах хүсэл улам төрдөг юм билээ. Аймагтаа бас бүсийн наадамд түрүүлж байлаа.
-Булган аймагт 1980-аад оны дундуур болсон бүсийн барилдаанд түрүүлж байхыг чинь харсан юм байна шүү?
-Аан тийм. Улсын хүчтэй начин Д.Цэрэндаш, Эрдэнэтээс аймгийн арслан Гончиг, Жадамбаа, Булганы аймгийн арслан Нансал, “дэгээ” Батчулуун гээд л том бөхчүүд оролцсон барилдаан байлаа. Хөвсгөлийн Д.Дамдинсүрэн бид хоёр жижиг нь байсан байх. Гэвч бид хоёр үзүүр, түрүүнд үлдэж би түрүүлж байсан юмдаг. Нээрээ аймгийн арслан Дамдинсүрэн чинь жижиг мөртөө том бөхчүүдийг эгэм тахим мэхээр дээш харуулаад байсан. Би түүнтэй халз золгож барилдаж болохгүй юм байна гэж харж байлаа. Ер нь басч болохгүй айхтар барилдаантай бөх. Улсын начин талийгаачД.Лхагва-Очирын дүү нь шүү дээ.
-Өөрөө өмсөх мэхийг тун гарамгай хийдэг байсан даа...?
-Би ер нь бяр бяд муутай хүн шүү дээ. Мэхний хүчээр ухаан жаахан зарж барилдагтаа овоо барилдсан байх.
-Мартсанаас мал мэнд үү гэгчээр улсын цол хэзээ авлаа даа. Өөрөө...?
-1986 онд азаар ч гэхээр юм уу улсын начин цол хүртсэн хүн дээ би.
-Азаар гэдэг чинь юу гэсэн үг вэ?
-Завханы М.Дармаабазартай гурвын даваанд тунасан. Тэр шуундаа их бяртай учир бариулчихвал хэцүүднэ гэсэн бодол надад байлаа. Түүнийг өрж байгаад өндийхөд нь тахимдаад хөөчихсөн чинь хаячихсан. Тэгээд дөрөвт Ц.Ванчигцэрэн начин, тавд Ч.Гочоосүрэн заан нарыг давж цолд хүрсэн. Тэр хоёр манай нутгийн том бөхчүүд л дээ. Тиймээс л би аз гэж бодож явдаг хүн.
-Начнаа батлах гэж боддог байв уу?
-Бараг л үгүй дээ. Миний хэмжээ хэр ер нь болчихсон санагддаг. Би аймгийн арслан болчихоод харьж явахдаа энэ цол надад хүндэдчихлээ. Уг нь аймгийн заан л надад таарах юм гэж хэлээд найзууддаа зэмлүүлж байв даа.
-Үнэндээ цолоо батлах, ахиулах боломж олдоогүй гэсэн үг үү?
-Начин болсныхоо дараа хоёр жил тун гайгүй барилдаж дөрөв давж аварга Х.Баянмөнх, заан Р.Давааням нарт унасан. Түүнээс хойш нутгийнхаа бөхчүүдэд боломж олгож буян үйлдсэн гэх үү дээ.
-1980-аад онд Улаанбаатарт болдог заалны барилдаанд бужигнуулж явсандаа. Тийм ээ. Өмсдөг Хүрлээ гээд л...
-Нэгэн үе өмсөх мэхийг нэг их боломж хүлээлгүй хийчихдэг байлаа. Бас давхар хамна. Тахимдана. Нэг барьцнаас угсраа мэх хийдэг нэг онцлогтой байсан гэж болох байх. Тийм болоод заалны барилдаанд хоёр түрүүлэхдээ Баянаа аваргыг нэг, М.Мөнгөн арсланг нэг хаясан юм.
-Танай Хашаатаас бөхийн залгамж халаа тасрахгүй юм аа?
-Тийм шүү. У.Мижиддорж арслангийн удмынх гэж болох бөх бол Ч.Санжаадамба. Тэр улсын заан цолыг нэг их удаан зүүхгүй болов уу. Дээшээ л явна. Монгол туургатны наадамд гурав түрүүлээд байгаа босоо бөх.
-Хүрлээ начин одоо зодоглох уу?
-Одоо ч зодоглохгүй биз дээ. Хоёр жилийн өмнө аймгийнхаа 90 жилийн ойгоор нэг нүцгэлж хоёр давсан. Гуравт нутгийнхаа залуу Р.Пүрэвдагвад даваа өгсөн дөө. Барилдахгүй ч хөлийн цэц, засуул хийж залууст юм хэлж өгөхсөн гэсэн бодол байдаг.