Д.ЖАВХЛАН

 

Увс аймгийн Тэс сумын харъяат “Алдартан” бөхийн дэвжээний тэргүүн улсын заан Д.Бумбаяртай цөөн хором ярилцлаа.

 

-Танай “Увс нуур” галаас баяр наадмын бө­хийн түрүүг гурван жил дараалан авлаа. Таны сэтгэгдлийг сонсъё?

-Энэ жилийн наадам нартай, хуртай сайхан боллоо. Увсын ард түмнийг минь дээд тэнгэрээс гур­вантаа ивээлээ. Манай галынхан тэр дундаа би их сэт­гэл хангалуун сууна даа.

-Шинэ арслангийнхаа талаар жаахан хуучлаач. Наадмын бэлтгэлийн үед та л хамгийн ойр байсан хүн дээ?

-Наадмын бэлтгэл нь сайн байсан. Манай гал долоодугаар сарын 8-нд буух байсан боловч П.Бү­рэнтөгс арай өмнө нь бэлт­гэлээ дуусгасан.

-Бөхийн галаас эрт буухад нь та тийм ч дуртай байгаагүй байх даа?

-Тиймээ. Гэхдээ нэг их шахаж шаардаагүй. Өөрөө хэлэхдээ миний бэлтгэл бүрэн хангагд­чихлаа. Одоо бага зэрэг амармаар байна гэж бай­сан юм.

-П.Бүрэнтөгс нутгийн­хаа гал дээр хэзээнээс бэлтгэл хийдэг болсон бэ?

-Өсвөрийн улсын авар­гын тэмцээнд түрүү­лээд тэр жилдээ А.Сүхбат аваргын сургуульд орсон. А.Сүхбат аваргын гар дээ­рээс аймгийн начин, айм­гийн арслан цол хүртсэн. Тэгээд өнгөрсөн жилээс нутгийнхаа галд нэгдсэн. Тэр шууд, арслан болох хувьтай байж дээ.

-Үзүүр, түрүүний да­ваанд гарахын өмнө та юу гэж зөвлөж байв?

-Зөвлөх гэхээс урам­шуулж байсан. Чи бол залуу бөх, өмнөх даваанд аварга, арслангуудыг тө­вөг­гүй хаясан. Тэднээс илүү юм байхгүй зоригтой барилд, олон хүний санаа бодлыг өөр дээрээ тусгаж болохгүй. Барилдаан бол урьдчилан төлөвлөсөнөөс яаж ч өөрчлөгдөж мэднэ. Тийм болохоор тэр үед юу хийе гэж  бодно тэрийгээ л хий гэж захьсан. Ер нь наадмын өдөр хүнд тэгж барилд гээд заах нь буруу.

-Гэхдээ танай нутгийн аварга, арслангууд биш­гүйдээ л заах шиг харагд­сан?

-Би дэргэд нь байсан. Тэд тэгж барилд, тийм мэх хий гэж яриагүй. Тэр зааж зөвлөсөн гээд байгаа авар­га, арслангууд чинь Д.Раг­чаатай заал танхимын бо­лон наадамд барилдаж бай­сан бөхчүүд. Харин ямар мэх ирэх вэ, яаж барилддаг вэ гэдэг л юм хэлсэн. Харин П.Бүрэн­төгсийн барилдахыг заа­гаагүй.

-Д.Рагчаа зааныг хэн илүү сайн мэддэг юм шиг байна?

-За даа С.Мөнхбат авар­га өнгөрсөн түүхт баяр наадамд долоогийн да­ваанд барилдаж хаясан. Мөн А.Бямбажав харцага 2005 оны тавын даваанд тунаж барилдаж байсан. Б.Ганбат арслан заалны барилдаанд олон таарч барилдаж байсан. Тэд бүгд тэгж барилддаг гээд яриад байвал хэцүү л дээ. Хам­гийн сүүлд барилдса­наа­раа С.Мөнхбат аварга арай илүү юм зөвлөсөн. Би тэгж бодсон.

-Арслан есийн даваанд гарахын өмнө таньд ямар нэг юм хэлж харагдсан?

-Надад Бумаа ахаа би дүүрэн барилдана аа... “Бяр хүчээ тэнцүүлээд, өөрийгөө дайчлаад сайн барилдана” гэж хэлээд гарсан. Ер нь их тайван байсан. Өөрөө даруу төлөв зантай хүн болохоороо ч тэр юм уу олон юм яриагүй.