Ч.ГАНТУЛГА
Гадаа намуухан цас хаялсан, өвлийн жихүүн орой Улсын драмын эрдмийн театрын зүг яаравчлан алхлаа. Театрын хаалгаар ороход хамбан улаан хивс дэлгэсэн байв. Үйлчлэгчид зочдоо инээмсэглэн угтаж, суудалд нь урьж байлаа. Театр нам гүм, хүмүүс судалдаа тухалжээ. Монгол Улсын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга “Салхины дууль” шинэ уран бүтээлээрээ үзэгчдийн мэлмийг баясгасан нь энэ. Монголчууд бид түүхийн арвин баялагтай ард түмэн билээ. Дуу хөгжим, магтаал, туульс зэрэг дэлхийн хаана ч байхгүй үндэсний урлаг, өв соёл манайд бий. Ази тивийн цээжинд анхны төрт улс “Хүннү” гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойд зориулан чуулгын уран бүтээлчид “Салхины дууль” тоглолтоо “Хүннү” гүрний түүх соёл, дуу бүжиг магтаалаар бүтээсэн байна.
...Хөшиг нээгдлээ. Гайхалтай. Тайзны дөрвөн талд сүрлэг багана босгож, буга, арсланг залжээ. Монголчууд бид эртнээс галаа дээдлэн ирсэн уламжлалтай. Тэгвэл тоглолт галын сүр хүчийг бэлгэдсэн бүжгээр эхэлсэн. Тайзны голд гал дүрэлзэнэ. Гал тайзыг тэр чигт нь нөмрөх үед, тэнгэрт аянга цахилгаан цахиж, бороо шаагин орлоо. Эрх дураараа дүрэлзэж байсан гал борооны дусалд хумигдан, аажмаар унтарсан юм. Дуучин Х.Эрдэнэцэцэг МЭӨ III зуунд зохиогдсон “Ахын хойноос шимширмүй” дууг дуулсан. Ахынхаа хойноос санаа зовсон дүүгийн сэтгэлийг өгүүлжээ. Уран нарийн нугалаа, хөг аялгуу нь аргадсан, учирласан, халагласан өнгө аястай юм. “Салхины дууль” тоглолтын хөгжим гайхалтай. Хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, М.Бирваа нар ажилласан байна. Тоглолтын холбоосыг салхины исгэрээ, чонын улих дуугаар холбосон нь тэртээ “Хүннү” гүрний үед очсон юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Туульчид туйл хайлж, дуучин Б.Батболд “Умрын чоно” дууг эгшиглүүлсэн. Хээрийн чонын омголон төрх, бардам байдлыг дүрсэлжээ. Дуучин өөрөө чоно болон ульсан нь үзэгчдэд таалагдаж, халуун алга ташилт бэлэглэв. “Салхины дууль” тоглолтын оргил хэсэг нь “Чонон сүлд” бүжиг байлаа. Монгол Улсын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын эрэгтэй бүжигчид энэ хэсгийг гайхалтай амилуулсан. Бүжгээ дэглэхдээ “Хүннү” гүрний дайн байлдаанд оролцож явсан эрэлхэг баатруудыг дүрсэлжээ. Тэдний эр зориг, бяр ухаан, ноён нурууг нь чонотой зүйрлэн дэглэсэн аж. Ая нь тансаг хэрнээ эр зоригийн илэрхийлэл болсон шийдэмгий. Сонсоход л хамаг эд эс сэргэм, сүрлэг мөртлөө уянгалаг юм. Мартагдахаа дөхсөн үндэсний дуу, бүжгийг тайзнаа амилуулсан, тэртээ “Хүннү” гүрэн, МЭӨ III зуунаар аялуулсан чуулгын хамт олонд халуун баярыг хүргэе. Театрын торгон хөшиг хаагдсан ч үзэгчдийн уухай, нижгэнэсэн алга ташилт үргэлжилсээр байсан юм.