Х.МОНГОЛХАТАН

Үгийн сайн, үйлийн урнаар гайхагдаж ирсэн монголчууд өнөө цагт ч авьяас чадвараа гайхуулсаар байна. Бид цаасан урлалыг брэнд болгох уриалга гаргаж, энэ чиглэлээр уран бүтээл хийдэг олон хүнийг нээн илрүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлж, дэмжихэд төрийн бодлого, оролцоо хэрэгтэй байгааг онцолж байгаа билээ. Энэ дугаарт цаасан урлалын бүтээгдэхүүн хийж, худалдаалахын зэрэгцээ олон хүнд үнэгүй сургалт явуулдаг нэгэн бүсгүй “IT World” үзэсгэлэнд бүтээлүүдээ дэлгэжээ.

Д.Одгэрэл гэх энэ бүсгүй БНСУ-д ажиллаж байхдаа анх энэ урлагт суралцжээ. Мөнгө хураахаас илүүтэйгээр “Заавал нэг юм сурч нутаг буцна” гэж зорилго тавьсан түүнд цаасан урлал сонирхолтой санагдаж сурч эхэлсэн байна. Тэрээр өнгөрсөн жил “Улаанбаатар түншлэл 2012” үзэсгэлэнд оролцож МҮХАҮТ-ын “Шинэ”, “Шилдэг” гэсэн хоёр номинацийн эзэн болжээ. Энэ шагналыг авах хүртэл өөрийн бүтээлийг төдийлэн үнэлдэггүй, зүгээр л сонирхохоос хэтэрдэггүй байж. Үүнээс хойш олон хүн холбогдож, дэмжиж, хамтарч ажиллах санал ирүүлсэн байна. Тэрээр дан ганц цаасан урлал бус, тогооч, оёдолчин мэргэжилтэйгээс гадна лаан болон даавуун урлалыг эзэмшсэн нэгэн юм.

 

 

 

 

Эдгээр лаанууд нь дор бүрнээ өнгө төрх, хэлбэр дүрс, дизайнтай. Асаахад дотогшоо хайлдаг онцлогтой.  Эртний монголчууд зуух, тулгандаа гал асааж дэргэд нь удаан сууж нүүрээ ээх нь биеэ ариутгаж, энерги хуримтлуулах нэгэн хэлбэр гэж үздэг. Харин орчин үед орон сууцанд амьдарч, ажиллах болсон бидэнд лаагаар гэр орноо тойруулж, орчин тойрноо сөрөг энергиэс цэвэрлэн, гуниг гутралаа үлдэн хөөдөг байна. Гэхдээ өнгө бүр утга агуулгатай.

Улаан өнгийн лаа хайр дурлалд “гал” нэмдэг бол ногоон өнгийн лаа эд хөрөнгө арвижуулж, албан тушаал ахихад дөхөм болно. Шар өнгөтэй лаа уйтгар үргээх шидтэй бол хүрэн лааны гэрэлд гэр бүлийн аз жаргал, хангалуун сайхан амьдралын талаарх хүслээ шивнэ. Хөх өнгийн лаа хичээл сурлагад туслах бол ягаан лаа бие организмын хамгаалалтын хүчийг идэвхжүүлэх тул та бусдын элдэв явуулга, хорон санаанд автахгүй байж чадна. Харин орон гэрээ гадны таагүй эрчим хүчээс цэвэрлэхийн тулд цагаан өнгийн лааг асаадаг.