Н.МӨНХСАРУУЛ
Монгол бөхийн ертөнцөд ид шуугиулж үргэлж л заал танхим, нэрэмжит барилдаануудад тунаж үзүүрлэж, түрүүлж, шөвгөрч яваа мэхтэй, бяртай, хурдтай идэр сайхан бөхчүүдийн нэг бол Хөвсгөлийн Тосонцэнгэлийн унаган хүү Ц.Содномдорж юм. Түүний барилдааныг харахад урамтай. Удаж төдөхгүй, уналаа ч гунихгүй. Мэхэндээ их даацтай, тэсрэлттэй харагддаг.
Бяртайхан хүнд жаахан бярдуулаад байх шиг харагддаг байсан. Одоо өөр болж байналээ. Энэ нь түүний хүчний бэлтгэлтэй холбоотой биз. Төрөлх аймгийнхаа тэгш ойн баяраар бяртай арслан Х.Мөнхбаатартай үлдэн түрүүлсэн барилдааныг саная. Мөнхбаатар арслан их дээр өргөөд гаргаад ирэхэд харцага биеэ сайхан суллаад зүүн гар далбааны араас атгастай баруун гар зүүн суганаас давуулаад барьчихсан байсан. Арсланг нэлээд удаан өргөөд шигшсэнээ тавингуут яг тэр торгон хийн дээр нь харцага ганц мушгиад унагачихаж билээ. Энэ бол том мэдрэмж. Бас их тайван шинж. Содномдорж харцага шуудагдаж татахдаа сайн бөх. Ялангуяа түүний шуудагнаас татаж авчраад баруун гараа тавьж өрсөлдөгчийнхөө баруун гуянаас дээш сэжиж цацдаг мэх бол маш уран, даацтай мэх. Харцагын аав нь Хөвсгөлийн Тосонцэнгэлийнх, ээж нь Төв аймгийн Алтанбулагийн хүн юм билээ.
Одоо тэрээр “Монос” группийн бөх хэмээн цоллуулж барилддаг. Бөхийн хорхойтнууд биеэ их зөв авч явдаг. Их сайхан галбиртай бөх гэцгээдэг. Содномдоржийн барилдаан ер нь 1986-1990-ээд онд барилдаж заал танхимд шуугиулж явсан Хөвсгөлийн аймгийн арслан Энхжаргалын барилдаантай төстэй байдаг.
Залуу харцага хүнийхээ хувьд их даруу, барилдааны үед их эрэмгий ч энгийн үедээ зөөлөн. Мэнд ус сайтай их зангүй хүн гэж яригддаг нь сайшаалтай. Анх тэрээр Хөвсгөл аймгийн наадамд 2006 онд 20 настай түрүүлж 21 насандаа 2007 онд дахин түрүүлж аймгийн хурц арслан болжээ. 2008 онд начны тааварт орж байсан ч хоёрын даваанд аймгийн заан Бямбадоржид унасан нь их сургамж сануулга болсон байх.
Харин 2009 онд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй тунаж барилдан начин цол хүртээд зургаад улсын харцага Ө.Бат-Оршиход нь унав. 2010 онд Өсөх-Ирээдүйтэй тунаж унасан бол 2011 онд мөн зургаа давж харцага цолыг баталсан. 2012 онд мөн Бат-Оршихтой тунаж барилдаад дийлдсэн. Сүүлийн гурван жил ийнхүү өнөөгийн барилдааны өнгийг тодорхойлдог шилдгүүдтэй нэг энтэй бөх болохын нотолгоо юм. Чухам л энэ харцагууд удахгүй улсын заан болох биз. Эр бор харцага жигүүрэндээ хүчтэй. Ийм нэг сайхан бөх залуу харцага “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээндээ бэлтгэлээ базааж их аваргуудын нутаг Хөвсгөлөөрөө овоглон гялалзтал барилдаж явна.