Д.НАДМИД
Мэргэжлийн сүмогийн нэгдүгэээр сарын Хацү башё дал дахь аварга, монгол сүмоч Харүмафүжи Д.Бямбадоржийн ялалтаар өндөрлөв.
Харүмафүжи сүмогийн дээд зиндаанд тав дахиа түрүүлж байгаа нь энэ бөгөөд ёкозүна цолтойгоор анхны түрүү юм. Өнгөрсөн оны сүүлчийн буюу арваннэгдүгээр сарын тэмцээнд тэр есхөн ялж, зургаа унасанд нь шүүмжлэх хүн олон байв. Сүмогийн холбоо ч ямар хүнд аварга өгчихөв гэж эргэлзэж байсан гэдэг. Тэр ч байтугай нэгдүгээр сарын тэмцээнд 10-аас цөөн ялбал зодог тайлуулахаар ярьж байж. Тэгвэл саяын тэмцээнд Харүмафүжи эхний өдрөөс л нягт нямбай барилдаж ялалт авсаар уналгүйгээр 15 давж эзэн хааны цомыг тав дахиа хүртэж би аварга гэдгээ нотоллоо.
Тэр шагналаа авах үеийн сэтгэгдлээ хэлэхдээ:
-Ёкозүна цолтойгоор анхны түрүүгээ авсандаа баяртай байна. Өөрийгөө сайн байлаа гэж магтмаар байна. Дээд зиндаанд хамгийн хөнгөн жинтэй бөх түрүүлнэ гэдэг хүүхэд, залуучуудад эр зориг, хичээл зүтгэл байвал чадна гэдэг итгэлийг өгч байгаа хэрэг. Хүнд хэцүү үед зөвлөгөө өгч, сэтгэл санааны гүн дэмжлэг үзүүлсэн Асашёорюү их аваргад талархлаа илэрхийлье. Энэ түрүүгээ их аварга Тайхогийн дурсгалд зориулж байна гэжээ.
Түүнийг үнэхээр хурц дайчин, хурдтай барилдаж аварга хүний үүргээ биелүүллээ гэж сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноуми, ояката Коконоэ нар магтсан байна. Харин ёкозүна Хакүхо энэ тэмцээнийг гурван ялагдалтай дуусгалаа. Гэвч түүнд түрүүлэхийн төлөө өрсөлдөөнд хойшид байх нөөц, эр чадал байгаа гэж мэргэжилтнүүд хэлж байна. Барүто энэ тэмцээнд секиваке цолтой барилдсан. Арав ялбал озеки цолоо эргүүлэн авах байсан ч чадсангүй. Бусад бөхчүүдээс озеки Какирюү Ананд найман даваа, долоон унаатай тэмцээн дууссан бол мэргэжлийн сүмод сэкитори цолтойгоор 100 дахь башёдоо зодоглосон “Ошима” дэвжээний тэргүүн бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням дөрөв, Токитэнкү А.Хүчитбаатар 10, Шёотэнро Д.Нямсүрэн найм, Тамаваши Б.Мөнх-Оргил найман даваатайгаар амжилт муугүй. Цэвэгнямаас бусад нь тавин хувиа хийжээ.
Озеки нараас Котоошюү, Кисеносато нар 10 даваатай бусад нь дөнгөж тавин хувьтайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. Тэмцээний дайчин барилдааны шагналыг 12 даваа авсан зүүн жигүүрийн зургаагаас босч барилдсан Такаясү, гарамгай барилдааны шагналыг барууны хоёроос зодоглосон Миёогирюү нар хүртсэн байна. Энэ удаагийн башёгийн онцлог амжилт нь мэргэжлийн сүмогийн дээд гурван зиндаанд монгол бөх түрүүлсэн явдал байлаа.
Жүрьёод “Таканохана” дэвжээний бөх Таканоива А.Баасандорж, макүшитад “Асахияма” дэвжээний Ониараша Ө.Өнөржаргал нар түрүүллээ. Уг амжилт нь ойрын жилүүдэд Японы мэргэжлийн сүмод монголчуудын ноёрхол буурахгүйнээ гэсэн дүр зургийг харагдуулж байна.