Д.ЦЭРЭННАДМИД

 

ЭХЛЭЛ БУЮУ Ш.ЦЭЦЭГ ГЭЖ ХЭН БЭ?

Киноноос амьдрал, үнэн сэтгэлийн тэнхээ олж авдаг юм гэдэг. Энэ үгийг кино най­руулагч, жүжигчин Ш.Цэцэг яриандаа да­хин дахин сануу­лаад байх шиг санагдсан. Үнэхээр ч тийм л дээ. Олон зуун жилийн өмнө кино гэдэг түгээмэл ший үүссэн цагаас эхлэн хүмүүс туулж ирсэн амьдрал, тэмц­лийн дүр зургаа дэл­гэцнээс олж харж бая­саж, гуниж ирсэн юм билээ  шүү дээ.

Киноноос хүн үзээгүй, дуулаагүйгээ олж мэддэг, үзсэн дуулсан зүйлээ ч улам баяжуулж, урансайхантай­гаар, сэтгэлд шингэцтэйгээр үлдээж авдаг байх юм.

“Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэж Ленин хэлсэн гэж уншиж байлаа. Хэдийгээр Ленинийг шүтэн биширдэгтээ биш кино гэдэг амьд урлагийн их хүчтэйг зөв тодорхойлсныг үе үеийн киноны зүтгэлтнүүд хэлдэг дээ. Ш.Цэцэг ч хэлж байна лээ.

Кино гэдэг үзэгчдийн сэтгэлд хоногших, хүнийг татах увидастай юм шүү. Сайн хийсэн кино бол түүх болж мөнхөрдөг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл уг киног бүтээж, тэнд содон сайхан дүр бүтээсэн хүн бас мөнхөрч байгаа юм.

Кино үйл явдалтайгаа, үг хэлтэйгээ үзэгчдийн сэтгэлд багтчихсан байх нь яах аргагүй мөнхрөл гэж хэлж болно. Бас хамгийн түгээмэл урлаг гэж. Кино гэдэг аугаа урлагийн тухай түүний үгийг лавлан сонсохыг зорив. Кино дэл­гэцэнд дүр бүтээсэн хүн хэ­зээний л танил байдаг юмсан хойно доо.  Ш.Цэцэг гэдэг эмэгтэйн тухай уулзахаасаа өмнө даруухан, энгийн ижий хүний дүр сэтгэлд бууж байлаа. Кино урлагийн дээд сургуулийн шуугиант танхимд түүнийг шавь нартайгаа халуун дулаан яриа өрнүүлээд сууж байхад нь таарлаа. Ми­ний төсөөлөл зөрсөнгүй. Нас­ны эрхээр жаахан ядрангуй юм шиг харагдавч яриа хөөрөө нь ухаалаг, үг болгоны нь чөлөөнд нүдээрээ ямар нэгэн юм эрэлхийлж тунгаан бодсон шинжтэй тийм нэгэн эмэгтэй байна. Тус сургуулийг байгуулагдсан цагаас хойш ирээдүйн киночдод эрдэм ном зааж байгаа кино урлагийн зүтгэлт­нүүдийн нэг тэр аж.

Урлагийн хүн болох замаа тэр бүр багаасаа засч. Дуулна, бүжиглэнэ авьяастай сурагч гэгдэж явж.  Бас биеийн тамир, спортод их дуртай. Нийс­лэлийн сургуулиудын спартикиадаар ойрын зайн гүйлтээр аварга болж байж. Бас хэрэглэлийн гимнас­ти­кийн хоёрдугаар зэрэгтэй та­мирчин. Юм юманд л авьяас­лаг хүүхэд байсан тухайгаа дурсах юм билээ. Тэр дотроос өөрийг нь эзэмдсэн нь бүжиг. Тэгээд ч ээжтэйгээ  зөвлөж байж хөгжим бүжгийн дунд сургуульд оржээ. Энэ нь сонголт байлаа.

Ш.Цэцэгийн аав нь Ша­тар, ижийг нь Долгоржав. Дундговь аймгийн Говь-Уг­таал сумын унаган хүмүүс байж. Хоёулаа цэргийн хүн. Долоон хүүхдээс Цэцэг эмэг­тэй нь болоод ч тэрүү ижийнхээ зан үйлийг их дагаж  сурч дотор үйлэнд ураныг өвчсөн гэж болохоор. Дээл хувцсаа сайхан хийчихнэ. Оёх шидэх, үйл хийх нь эмэгтэй хүний гол эрдэм хэмээн боддог тухайгаа ч хэлж байсаан.

-Миний ижий хэдийгээр нарийн дэг журамд баригдан цэргийн хүн байсан ч үйлэнд хачин уран байсан даа. Бидэнд дэлгүүрээс хувцас авч өгнө гэж бараг байхгүй. Өөрөө л урлаж өгдөгсөн. Ижий минь зүгээр нэг оёдол хийдэг хүн биш. Зээгт наамал, зүү ороох, хээр хуар шаглах гээд хамгийн нарийн үйлд гаргуун. Уран гартан уралдаанд хүртэл бүтээлээрээ оролцож явсан гэж Цэцэг дурсан ярьсан юм.

Нэртэй алдартай олон эрхэмтэй уулзаж явахад нь зарим нь “би” гэж ярих  хүн цөөн биш байдаг даа. Тэгвэл Ш.Цэцэг гэдэг бодьгал тийш биш. Зарим асуултынхаа ха­риуг харцнаас нь олоод харчихмаар ч юм шиг.

 

ДУРСАМЖ ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД БУЮУ НИСЭН ОДСОН ХУВЬ ЗАЯА

Өөрийн нь тухай асуултыг хамт ажиллаж байсан хүмүүс, найз нөхдийн тухай амттай дурсамжаар дүүргэчих гээд байх юм. Тэр дотор Цэцэгээ гэдэг сайхан ижий, сайн ха­нийн түших багана, жаргалтай гэр бүлийн өрхийн тэргүүн, кино гэдэг их үйлсийн замд хөтлөлцөж явсан Н.Нямда­ваагаа их ярих. Халамжтай хань нь цаг бусаар тэнгэрт хальж, амьдралынхаа хамгийн тогтсон үед өнчирч хоцорсон тухайгаа өгүүлэхдээ нүдэнд нь арилшгүй байсан гуниг нь тодорч байх шиг л...

Ингээд амьдралынхаа ханьтай хэрхэн учирсныг нь ярилцлагаар хүргэе юү.

-Нямдаваа агсан та хоёр ер нь хэдий үеэр танил болсон бэ?

-Танилцсан гэж яривал хүүхэд ахуйн юм ярина аа. Гэр ойролцоо учир хүүхэд насны соноор соргог сэтгэлгээгээр бараагаараа танилцсан гэх үү дээ. Нямдаваа хоёрдугаар 10 жилд сурдаг. Би Хөгжим бүж­гийн дунд сургуульд. Тэднийх тавин мянгатад, манайх дөчин мянгатад гэр ойролцоо байлаа. Хааяа тааралдахад зүс таних болохоор бас мэндэлнээ. Ийм л байлаа.

-Тэр ер нь ямаршуу хүүхэд байв?

-Хөвөнтэй хүрэмтэй, пио­нерийн улаан галстук нами­руулчихсан сэргэлэндүү банди л байх. Одоо ч нүдэнд хараг­даад л байх юм. Гэхдээ тэр чинь тэр үедээ кинонд тоглочихсон сүрхий “амьтаан”.

-Ямар кинонд” тоглосон билээ. Тэр...?

-”Гурван найз” киноны хөдөөний малчин хүү Балбар. Хадан дээрээс гараа шилэм­дэж байгаа морин дээрээ үсэрч морддог жаал. Нэг удаа манай сургууль дээр болсон үдэшлэгт Нямдаваа уригдаж ирдэг юм. Кинонд тоглосон сурагч гэдэг нэр сүрээрээ уригдсан. Тэр үдэшлэг дээр бид хоёр бүжиглэлээ. Үг сольж ч үзлээ. Түүнээс хойш бас биеэ сайн мэддэг болсон. Ер нь тэр бүхэн л хожмын эхнэр, нөхөр болох алхмууд байсан шиг байгаа юм.

-”Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд Нямдаваагийн нэг хөөрхөн дүр гардаг даа?

-Тийм ээ. Өмдөө чирсэн ноомой хүү Хөхөөд чичлүүлээд л... Сүүлд сангийн аж ахуйн гуулин хөгжмийн удирдаач болчихсон харагддаг.

-Хоёулаа урлагийн хүн байх. Тэгээд нэг газарт ажил­лах хэцүү гэдэг яриа байдаг?

-Тийм яриа бий. Харин үүнийг бидний амьдрал огт ажраагүй л дээ. Үр хүүхэд бага байхад аав, ээж минь байсан болоод ч тэр үү. Кинонд хөдөө хээр явахад заримдаа хүүхдээ авч явна. Даангүй манай бага хүү гуравхан настайгаасаа зурганд хамт явж байсан даа. Тэгээд ч тэр үү бас киноны хүн болж чадсан.

-Нөгөө “Гарын таван хуруу” кинонд хамгийн бага нь болж тоглодог хүү юү?

-Тийм ээ. Н.Бат-Амгалан маань киногоор “амласан” хүүхэд. “Гарын таван хуруу”-гаас өмнө бас “Дэгдээхэй нас” кинонд тоглосон. Аквариу­маас загас хулгайлж далайд тавих гэж явдаг жаал хүүг харсан биз дээ. Тэгээд би киногоор “амласан” гэж хэлж байгаа юм. Одоо киноны жинхэнэ мэргэжлийн хүн. Манай энэ сургуульд багшилж байна. Том хүү ч киноны хүн болсон.

-Тэгэхээр танайхыг киночдын гэр бүл гэж болох юм аа даа?

-Монгол киноны түүхэнд гэр бүлээрээ зүрх сэтгэлээ зориулсан хүмүүс бий л байх. Тэдний нэг нь Н.Нямда­ваа­гийнх гэдэг айл байлаа. Тэр бүхнийг бий болгосон хүн маань цаг бусаар тэнгэрт одсноос хойш бас олон жил болчихож дээ /санаа алдав/.

-Өөрийг чинь амьдралын жаргал, зовлонг дааж ирсэн эмэгтэй гэж киноны ахмадууд хэлж байхыг сонссон юм байна?

-Нямдаваа маань мөнх бусыг үзүүлсэн нь Монгол кинонд гол нь биш миний гэр бүлийн амьдралд их харамсал төрүүлсэн. Эхний үедээ ч бүх юм орвонгоороо эргэчихсэн юм шиг хэцүүхэн байсан бол амьдралын зовлонд нухлаг­дахгүй юм шүү. Яагаад би энэ киноны мэргэжлийг сонгож авсан юм.

Түүнийхээ ажил үйлийн дутууг хийж гүйцээх нь миний үүрэг гэж өөрий­гөө хатуужуулж байсан. Яа­гаад би тулах баганагүй ч өөрийнхөө хүчээр амьдарч болдоггүй юм гэж бодсон. Тэгэхээр киноноос хүн амьд­ралын үнэн, сэтгэлийн тэнхээгээ олж авдгийг олж харлаа. Үүний тулд би амьдарч ажиллаж явна даа.

-Уран бүтээлчийн гэр бүлд хийх бүтээхийг төлөө яриа ч их өрнөдөг байх. Одоо гэхэд хүүхдийнхээ уран бүтээлд өөрөө хэр оролцдог вэ?

-Гэр бүлийн дотор хэн хэнийхээ уран бүтээл рүү их өнийж хараад, шүүмжлээд цэгнээд байх албагүй юм шүү дээ. Ер нь уран бүтээлд өнгө өнгийн санаа, үзэл бодол, гаргалгаа хэтэрхий урал­дуу­лаад байвал бат бэх, сайн сайхан гэр бүл байх эсэхэд ч нөлөөлөх талтай. Талийгаач бид хоёр тийм л журмыг баримталдаг байлаа.

 

БАЛБАР ВАНГИЙН БАГА ХАТАН ОЮУНДАРЬ АНХДАГЧ ДҮР

-Та ямар уран бүтээл хий­сэн бэ гэсэн асуултыг Ш.Цэ­цэгээд тавихад тэр би ийм овойж оцойсон юм хийчихлээ, тийм юм бүтээсэн гэж гайхуулах дургүй хүн дээ гэж хэлсэн. Тэгэхээр Цэцэг гэдэг хүний тухай уран бүтээ­лийг нь бага саг мэдэхийн хувьд дахин шалгаах нь илүүц мэт санаг­дав. Жирийн үзэгч миний бодсоноор “Өглөө” киноны Балбар вангийн бага хатан Оюундарь дэлгэцийн анхны дүр юм билээ. Цэцэгийг нэг өдөр Жигжид гуай дуудаад кинонд тоглуулна гэж пробонд оруулж. Удалгүй дахиад дууда­хаар очсон чинь,

-За хө ван хүний бага хатан болж кинонд тоглоно доо гээд 20 гаруй залуугийн зураг дэлгэж үзүүлэв. Тэгээд,

-Чи алинд нь дурламаар байна гэлээ. Зургуудыг харж байсан чинь Хүрлээ байж байна гэнэ. Тэр хоёр Багшийн дээдийн кино драмын ангийн нэг ангийнх юм байна л даа.

-Би Хүрлээд дурламаар байна гэж Цэцэгээ тун түгд­рэлгүй хэлсэн гэдэг юм. Тэгээд Оюундарьд хувирч, оюутан Цэцэгээ дипломын ажлаа энэ дүрээр хамгаалжээ. Ямар дүр болсныг үзэгч түмэн андахгүй дээ. Анхны юм жаахан хэцүү­тэй байдаг бо­лохоор яльгүй сандарч байж. Сэтгэлтэй хар хүү нь буу­дуулчихаад эмнэлэг дээр ухаангүй байна гэхэд очоод уйлах гэж жаахан түвд­сэн гэж Цэцэгээ хэлдэг.  Эн­дээс эхлэн олон дүр бүтээжээ. Оргил нь гэвэл “Гарын таван хуруу” киноны Должингийн дүр. Хань­даа халамжтай, амьд­ралдаа хайртай таван хүүхдийн эх жирийн нэг монгол эмэгтэй л  дээ. Харин нөхрөөсөө салж өрх тэргүүлж үзсэн тэр ч бай­тугай амьдралаараа үхэж тоглоно гэдэг бас нэг талдаа кино юм болохоор амархан ч гэлээ нөгөө гэвэл аягүй ч юм шиг байсан л гэдэг. Тэр тухай нь Цэцэгээтэй ярихад киногоо л магтах юм. Найруулагч Бал­жинням хүний амьдралд то­хиол­дох нарийн утга учиртай бүхнийг сугалж авч бүтээсэн кино шүү дээ гэж бодоход үнэн юм шиг санагдуулам хийснийг хэлж байлаа. Уг кинонд Дол­жингийн дүрийг тодотгосон таван хүү­хэд, бас үг хэлээгүй мөртлөө үзэгчийн сэтгэл утас доргиосон үйл явдал олон харагдагдаа.

Шагдарын хатуу үг,  барьж байгаа модоо улам ч хилэнтэй юм хагалж байгаа нь Дол­жингийн сэтгэлийг цуу татаж байх шиг.

Бас сүүлд авьяаслаг жү­жиг­чин Н.Доржсамбуу хашаа буулгаж байхдаа Шагдарыг харж байхад чи нэг айлын амьдралыг ийм бол­госон шүү дээ гэж  хэлэх мэт банзуудыг ганц ганц цохиод үсэргэж байгаа дүр зураг. Энэ бол найруулагчийн том ололт, киноны амин сүнс байсан гэдгийг Цэцэгээ бидний яриа харуулсан.

Кино сайн Должингийн дүр муугүй болсон болохоор олон түмэн Цэцэгийг таньдаг болсон гэж болно. Түүнээс хойш Цэцэгээ хэд хэдэн ки­нонд тогложээ. Харин Цэ­цэгээд нэг л хүсэл байж. Тэр нь инээдмийн киноны дүр бүтээхсэн гэсэн бодол нь бие­лээгүй юм билээ. Гэхдээ “Хо­вор хүмүүс” кинонд “Шинэ халаадаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ солиорой” гэдэг чанга дуутай хүүхний дүрийг хошин дүр гэж болох. Уг нь биш нэг сайхан дүр бүтээх байсан юм гэж Цэцэгээ хэлж байна. Тэр нь “Энэ хүүхнүүд үү” киноны зоо техникч Дуламсүрэнгийн дүр. Эхний шалгалт түүнийг уг дүрд яг тоглуулна гэтэл Хөгжим бүж­гийн дунд сургуулийн захиргаа түүнийг хичээлээс чөлөөл­сөнгүй. Татгалзчихсан гэдэг. Арга ч үгүй сургууль дээрх уран бүтээлүүдийн гол дүрийг бүжгээрээ авчихсан байж. Төгсөх ч дөхсөн байсан гэнэ. Бид хоёрын кино ярьж байх дунд нэг сонин тохиолдол гарч юм. Энэ тухай Цэцэгээ ингэж ярив.

-”Гарын таван хуруу” ки­нонд арван жүжигчин Дол­горсүрэн гуай хоёрдугаар най­руулагчаар ажиллаж байсан юм. Тэгээд дүрийн судалгаа хийж байхдаа Лхасүрэнгээс,

-Чи Должинг яагаад хаячихсан юм бэ гэж асуусан чинь Лхасүрэн /Шагдар/ “Багш аа, энэ хүүхэн их за­ваан байхгүй юу. Их завааныг би тэсч чадалгүй хаячихсан. Бандаашаа угааж чадахгүй лоймол амьтан” гэдэг байгаа. Тэгэхээр нь би уур хүрээд дүрээ хамгаалж,

-Чи юу ярьж байгаа юм. Чи намайг заваан гэнэ ээ. Би тийм заваан юм бол чиний таван хүүхэд заваан байна уу гээд үнэнээсээ уйлж, “Би чамайг хүндэлж, чиний төлөө амьдралаа зориулж явсан. Харин чинь цаг зав, бололцоог чинь хэтэрхий хангаж өгсөн учраас чи тийм байдалд хүрсэн шүү дээ” хэрэлдэх юм болж байлаа гэсэн дурсамж хэлсэн юм.

-Хагацал зовлон өөрийг чинь кино урлагаас хөндий­рүүлж чадсангүйн нууц юу вэ?

-Урлаг хүнийг хүмүү­жүүл­дэг бас сайхан дэврүүн сэт­гэлтэй болгодог. Би хагацал зовлон үзлээ гээд урвайж улцайж явах нь олны танил хүнд хэцүү санагдсан. Хань ижлээ алдсан хүн яаж тийм баяр баясгалантай байхав. Заавал нэг юм дутна. Харамсалтай санагдах. Нөхөр маань 1995 онд ид насандаа бурхан болсон. Би өөрийгөө хатуужуулж чадсан гэж боддог. Би кино найруулагч хүн. Нөх­рийнхөө хийж байсан үйлийг үргэлжлүүлсэн. Ер нь бид Хүүхдийн таетр, киноны хүрээлэнгийн нэг нь захирал нэг нь найруулагч байхдаа олон кино хийсэн дээ. Нямдаваагаа өнгөрснөөс хойш  ч би хоёр ч гайгүй кино хийсэн. “Зуслангийн чөтгөр” гэдэг киног хүүхдүүд сайн мэддэг. Дараа нь “Еэ еэ шар Буд” гэдэг киног нөхрийнхөө дурсгалд зориулж бүтээсэн. Энэ кино маань “Гоо марал” шагнал авчирсан. Хүүхдийн киноны төрөлд “Гоо марал”-ын анхныхыг авсан даа баярлаж явдаг. Найруулагчийн хувьд Монголын уран сайхны олон кино бүтээлцсэн дээ би.

-Энэ тухайгаа жаахан тодруулна уу?

-Монгол киноны алтан үеийнхэн найруулагч Жигжи­дээс эхлээд Доржпалам, Бун­тар, Х.Дамдин, Балжинням нарын олон сайхан хүнтэй хамт 20 гаруй кинонд туслах най­руулагчаар ажилласан. Сүүл­чийнхээс нь нэрлэвэл “Ман­духай цэцэн хатан”, “Хааны сүүлчийн хатан” гээд л.

-Өөрөө эхлээд кино үйлд­вэрт дуу оруулагч жүжигчин байсан гэл үү?

-Тийм ээ. Д.Чимэд-Осор, Р.Дамдинбазар, С.Элбэг­сай­хан, Б.Дамчаа, “ягаан Гажид” хэмээх Ц.Цэнд-Аюуш, залуугаас Т.Карма, Т.Цэм­пил­маа, би гээд ердөө 12 хүн орчуулгын кинонд ажилладаг байв. Мөн ч чадварлаг сайхан хүмүүс байлаа даа. Байлаа даа гэхээс яахав. Одоо олонх нь байхгүй юм чинь.

Дуу оруулагч, жүжигчин гээд ховор мэргэжил. Дэлгэц дээр дүр юу хийж, яаж аяглаж байна. Бүгдийг нь үг хэлээр нь үнэмшилтэй гаргана гэдэг амаргүй ажил. Киноны дуу оруулагч жүжигчин гэдэг бол дэлгэцийн нуугдмал бурхан гэж хэлдэг. Ёстой л оносон үг дээ. Миний гэх амжилт, хийж бүтээсэн бүхэн тэр түшигтэй, тулхтай сайхан хүмүүсээс эхтэй юм шүү.

-Өнөөгийн гарч байгаа киног үзээд ямар бодол төрдөг вэ?

-Ухаантай нь цөөрч, мун­хаг нь олширсон цаг юмсан уу. Юм л хэрүүл, маргаан их байх юм. Би түүнд ер оролцоод байдаггүй. Гэхдээ санал бодлоо хэлэхэд сүүлийн үед залуучуудын хийсэн зарим кино яахав ээ гэмээр кино ч байх л юм. Алдсан, оносон юм бас харагддаг. Киног чинь жинхэнэ мэргэшсэн баг, хамт олон бүтээдэг юм л даа. Тийм баг бүрдүүлж чадахгүй бай­гаагаас төгс сайхныг бүтээж чадахгүй байгаа болов уу.

 

ЦЭЦЭГИЙН ХООБИЙ ЦЭЦЭГ УРГУУЛАХ

Монголчууд юм үзэж нүд тайлсан хүн гэж ярьдаг. Тийм хүний нэг нь киноны зүт­гэлтэн, жүжигчин Ш.Цэцэг. Юм бүхэнд өөрийн гэсэн бодолтой ханддаг нь түүний эрхэм чанар юм болно. Аав, ижийнхээ бурхан тахилыг шүтэж, гал голомтыг хиргүй авч яваа хүн юм билээ. Эцэг эхийнхээ шүтээн Цагаан дарь эх бурхнаас эхлээд Сундуй жүд, Алтангэрэл гэх зэрэг судар, Өэүлэн суваргыг залсан байдаг. Түүний бас нэг эрдэм бий. Тэр нь цэцэг ургуулах. Өнгө бүрийн цэцэг үзье гэвэл тэднийд зочилж болно гэж   киноныхон ярьдаг. Цэцэгийн тордсон цэцэг гоц ургадаг нь нууцтай л байх.

Гэхдээ зөв энергитэй хүний тарьсан цэцэг сайн ургадаг гэж өөрийн нь хэл­сэнтэй тэр нууц дүйж байнам. Тэр дуурь бүж­гийн театрт бүжигчин байхаа­саа эхлээд цэцэг тарьдаг байж. Тиймээс Цэцэгээ, цэцэг хоёр ихэр юм гэсэн үг гарсан юм билээ.