Уран бүтээлчээс чамгүй тэсвэр хатуужил, харааны болон гоо зүйн нарийн мэдрэмж шаарддаг цаасан урлалыг хөгжүүлж буй уран бүтээлчдийг олонд таниулах, бүтээлүүдийг нь хүмүүст хүргэх зорилготой “Цаасан урлалыг брэнд болгоё” санаачлагыг “ЗМ”-ний сэдэв болгон эхлүүлээд байгаа билээ. Цаасан урлалын дотор уран хайчилбар томоохон байр эзэлнэ. Хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, доктор, профессор Л.Түдэв гуай “хайчаар зурдаг” нэгэн эрхмийн тухай “…Хайчилбар урлагийн эцэг хэмээн өргөмжлөхөд хэн ч хүлээн зөвшөөрөхөөр тийм үр бүтээлтэй ажилласан” хэмээн “Дал” сонины 2011 оны нэгэн дугаарт бичиж байжээ. Энэхүү нийтлэлийн баатар бол соёлын гавьяат зүтгэлтэн Дэндэвийн Сандагдорж юм.
Л.Түдэв гуай энэ нийтлэлээ “Зууны мэдээ” сонины “Цаасан урлалыг брэнд болгоё” санаачилгын хүрээнд дахин хэвлэж олон нийтэд хүргэхийг зөвшөөрсөн юм. Ингээд зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр “Хайчилбар зургийн эцэг” нийтлэлийг уншигчдадаа толилуулж байна.
Л.ТҮДЭВ
Уран зураг сонирхдог хэн нэгнийг “Чи хайчаар зураг зураад ир” гэж багш нь ч юм уу, дарга нь ч юм уу хэлэх юм бол хэн хүнгүй гайхан алмайрч зургийг бийрээр юм уу, харандаагаар эсвэл үзгээр зурдаг биз дээ? Хайчаар чинь юм хайчилж, хяргахыг л хийдэг биз дээ? гэж асуухад хүрэх нь лавтай. Нээрээ ч хайчаар зураг зурдаггүйг хэн бүхэн мэднэ. Гэтэл “Үгүй шүү, хайчаар зураг зурна” гэж түрүүчийн зууны үд дундын үед нэгэн монгол залуу зураач хэлсэн юм гэдэг. “Мөн залав аа! Тэгвэл чи өөрөө тэр хайчаараа зураад үзүүлэхгүй юу! гэж түүнд хэлцгээжээ. Тэгтэл ч өнөө залуу ам дөрвөлжин цаас авч хэд нугалаад хайчаар нааш цааш нь хэдэнтээ мушгиралдуулан хайчлаад “За энэ зураг биш юу вэ? гээд л нөгөөх хайчилсан цаасаа дэлгэн үзүүлсэн юм байх! Тэгтэл чинь дэл, сүүлээ намируулан давхиж яваа хурдан морины дүрс гараад иржээ.
Үл итгэгчид нүдээ бүлтийлгэн, толгой сэгсрэн гайхацгаажээ. “Хайчаар байтугай үзгээр ч ийм хурдан, ийм өөгүй, ийм уртай зураг бүтээж яаж болж байна” гэж хүмүүсийн гайхшийг төрүүлсэн тэр залуу зураач /хайчлаач/ гэмээр бол хожим уран зургийн нэрт авъяастан, соёлын гавъяат зүтгэлтэн болсон Дэндэвийн Сандагдорж байжээ. Түүнээс өмнө хайчаар тийм уран сайхан бүтээл хийсэн хүн гараагүй тул түүнийг хайчилбар урлагийн эцэг гэж өргөмжлөхөд хэн ч хүлээн зөвшөөрөхөөр тийм үр бүтээлтэй ажилласан Д.Сандагдорж зөвхөн өөрөө уран зургийн энэ өвөрмөц төрөл зүйлийг “сонгодог” хэмжээнд хүртэл хөгжүүлээд зогссонгүй өөрийн залгамжлагчдыг олноор сурган их урлагт оруулж өгсөн гавъяатан юм. Тэрээр амьдрал ахуйн бодит зүйлийг хөдөлгөөн, хэлбэршлээр нь маш уран харуулсан хайчилбар, цоолбор олноор хийснээр барахгүй түүхэн суут хүмүүсийн, тухайлбал их эзэн Чингис хааны дүрийг мөн л хайчилбарлан бүтээсэн нэгэн бөгөөд “Монголын нууц товчоо” судрыг хэвлэхэд мөн л зураг чимэглэлийг хайчилбарын аргаар бүтээсэн хосгүй нэгэн авъяастан юм. Хайчилбар зургаас гадна зураасан зургийн тухайд ч Д.Сандагдорж бас том авъяастан байлаа. Ер нь зураасан зургийн урлал нь цаасан дээр үзэг бэхээр зурахаас гадна литография /чулуун бичлэг/, ксилография/ модон бичлэг/, цинкография /тугалган бичлэг/ гэхчлэн олон хэлбэрээр хөгжиж ирсэн бөгөөд цаасан цоолбор, хайчилбар зураг бол Монголоос өөр оронд төдийлөн хөгжөөгүйн хувьд түүнийг онцгойлон манай урлагийн нэгэн том өвөрмөц арга болтол нь идээшүүлсэн хүн бол Д.Сандагдорж маргаангүй мөн. Тэрээр өөрөө уг төрөл зүйлийг эзэмшээд зогсоогүй залгамжлагч шавь нараа бэлдсэн онцлогтой юм. Тэрээр Монгол Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх газар, хэвлэлийн комбинатад алба хааж байхдаа тэр үед хэвлэгдсэн бүхий л номын зураг чимэглэлд анхаардаг, хянан шүүтгэдэг нэгэн байснаараа монгол ном хэвлэлийн зураасан зураг чимэглэлийн урлагийг хөгжүүлэхэд онцгой нөлөө үзүүлдэг, олон шавьтай хүн байв. Бусдад багш, зөвлөгч байхаас гадна өөрийн гэр бүлийг зураач, соёлын зүтгэлтний бичил хамтлаг болтол нь нөлөөлснөөр үр хүүхдүүд нь эцгийнхээ замаар орж зураасан болон хайчилбар, цоолбор зургийн нэртэй авъяастнууд болжээ. Д.Сандагдоржийн Төрбурамыг өнөөдөр нийтэд мэдэж бас бүтээлүүд нь соёлтой айлын гэр орон, номын сан, үзэсгэлэнгүүдэд түгэн таржээ. Монголын нууц товчоог Сандагдоржийн Төрбурам нар хүүхдэд зориулсан хувилбараар англи, монгол хэлээр, цаасан хайчилбар, цоолбор зурган чимэглэлтэйгээр хэвлүүлэн гаргасан, англи орчуулгыг Хилари Паррит хийж хянан тохиолдуулсныг үзэмжтэй хэвлэсэн ажээ.
Д.Сандагдоржийн гэргий Ц.Самбуу гуай ч гэсэн Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан бөгөөд энэхүү уран бүтээлч гэр бүлийн нэгэн идэвхтэй зохион байгуулагч нь төдийгүй шүлэг зохиолын авъяастай хүн ажээ. Д.Сандагдорж зураач амьдралынхаа сүүлчийн жилүүдэд бас шүлэгч авъяасаа нээгдүүлэн хэд хэдэн найраглал бичсэн нь “Дал” сонинд ч гарсан билээ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн асан Дэндэвийн Сандагдорж “Монгол сувдан эрхий” гэдэг томоохон магтуу шүлэглэл бичсэн нь “Дал” сонины 92 дугаарт нийтлэгдсэн бөгөөд:
Бүрэн эрхт Монгол
Босоо бичигтэн Монгол
Соёмбо үсэгтэй Монгол
Суут Чингисийн Монгол мину гэж бахархан өгүүлсэн энэхүү томоохон магтуундаа улс орныхоо баялаг, алдар цуутай хүмүүс, өвөг дээдсийн дайчин түүх, урлаг соёлын өвийг шүлэглэн магдсан дөрвөн мөрт, 101 бадагтай юм. Д.Сандагдоржийн хайчилбар зургаар японууд хүртэл шуудангийн хуудас хэвлэн гаргасан нь түний бүтээл гадаадад ч нэрд гарсныг харуулж байна. Тэрээр бас зураач Нацагдорж, Батсүх нартай хамтарч “САНАЛБАТ” гэдэг гурамсан хамтлаг анх байгуулан үр бүтээлтэй ажиллаж байлаа. Дэндэвийн Сандагдоржийн үүсэл санаачилга нь үр хүүхдээс нь эхлээд үе үеийн зураач урчуудын урын санг баяжуулан өвлөгдөж, олон мөчиртэй үзэсгэлэнт модын тэжээлтэй үндэс болон мөнхөрсөөр байгаа билээ.