Д.ЖАВХЛАН

Цагаан олимпийн чимээ тэртээ холоос цуурайтаж, тив тивийн тамирчид Сочид өрсөлдөхөөр сэтгэл догдлон бэлтгэж байна. Тэд өвлийн олимпийн, пара төрөлд өрсөлдөх эрхээ авахаар мөсөн талбайдаа удахгүй цуглана. Монголын тэшүүрчид ч мөн хойд хөршийнд болох энэхүү олимпод оролцохоор бэлдэж байна. Саяхан Америкт болсон өвлийн олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын багийн итгэл найдвар болох залуу тамирчин Б.Ганболдтой ярилцлаа.

-Та цанын төрлөөр хэчнээн жил хичээллэж байна вэ?

-2011 оноос л хи­чээл­лэж эхэлсэн. Хичээллэсэн хугацаа богино ч чам­ла­хааргүй амжилт гаргасан шүү. Өнгөрсөн спартакиа­дын хөнгөн атлетикийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэмцээний да­раа­­хан Цанын холбооны ерөнхийлөгч Д.Баттулга ах намайг Ж.Дашдондог баг­шид шавь оруулсан. Багштайгаа учирсан хувь тохиолдоо залбирч явдаг. Цана, тэшүүр хүний бүх булчинг ажиллуулдаг хамгийн эрүүл спорт гэж итгэлтэй хэлнэ.

-Хөнгөн атлетик цанын төрөлтэй хэр нийцдэг юм бол?

-Хөнгөн атлетик бол маш их тэвчээр шаарддаг. Цана ч мөн адил. Хөнгөн атлетикаас цана руу ороход хэцүү байгаагүй.  

-Та саяхан олон улсын анхны тэмцээнд оролцоод мөнгөн медаль хүртсэн байх аа. Тэр тухайгаа яриач?

-Өвлийн олимпийн оноо цуглуулах анхны тэмцээн гэдгээрээ онцлог байсан. Тиймээс тив, ти­вийн шилдгүүд өрсөлдсөн. Миний хувьд олон улсын анхны тэмцээн байсан ч биеэ барилгүй, хичээж уралдсан. Ойрын зайн буюу 1500 метрийн төрөлд уралдсан энэхүү тэмцээнд Америкийн тэшүүрчин Омар түрүүлж би мөнгөн медаль хүртсэн.

-Та уг нь эхний гараанд нэгдүгээр байрт орсон. Сүүлийн гараанд ямар алдаа гаргаад аман хүзүүдчихэв?

-Эхний буюу цуваа гараанд түрүүлсэн. Харин сүүлийн бөөн гараанд пара тамирчид, энгийн тамирчидтай нэг зам дээр уралдсан. Гараанаас олон тамирчин зэрэг гарсан учир уралдааны замаа булаацалдаж, шахцалдаж байсан. Тэгж яваад хэсэг тамирчдад шахуулаад бүдэрчихсэн юм. Түүнээс өөр хүндрэл гараагүй. Замын дундаас өөрийнхөө үндсэн арга тактикаар уралдаад, алдсан зайгаа нөхөж, хоёрдугаар байранд орсон.

-Уралдааны замд хүчээ хэрхэн хуваарилдаг вэ. Мэдээж барианаас гара­хаасаа өмнө багштайгаа зөвлөнө биз дээ?

-Тухайн замаасаа шалтгаалж хаана эрчээ авах, хэзээ аажуу явах зэргээ урдчилж багш­тайгаа  ярьж, зөвлөдөг. Сүүлийн тэмцээнд хэдий бүдэрч цаг алдсан ч өгсүүр газраа илүү ажиллаж, цаг хожсон шүү.  

-Явахынхаа өмнө бэлтгэлээ хаана базаав. Манайд бэлтгэл сургуу­лилт хийх боломж хэр байна?

-Америк явахын өмнө Соёл, спорт, аялал жуулч­лалын яамны, Сургалт бэлтгэлийн төвөөс бидэнд санхүүгийн тус­лалцаа үзүүлж Хандгайт дахь “Хасу” амралтын баазад бэлтгэл сургуулилт хийх боломж олгосон. Энэ бэлтгэл маань надад үр дүнгээ өгсөн.

-Зуны улиралд бэлтгэлээ яаж хийдэг вэ?

-Үндсэн бэлтгэлээ Монголдоо өвлийн гурван сард хийдэг. Бусад үед цементэн талбайд зориу­лалтын рольктой гулгадаг. Харин хүчний бэлтгэлээ өвөл, зунгүй хөл бөмбө­гийн гадаа талбайд хийдэг. Цэвэр агаарт кроссын бэлтгэлд гарахад үр дүнтэй юм билээ.

-Таныг хамгийн ихээр баярлуулдаг зүйл?  

-Шинэхэн орсон цасны дараа сэтгэл их хөдөлдөг. Цас орохгүй удахаар бухимддаг юм. /Инээв/ 

-Яагаад бу­химддаг юм бол?

-Хуучин цасан дээр бэлтгэл хийхээр цанын гүйлт нь удаа­ширдаг. Бид ямар хөдөө гадаа тэр бүр явах биш. Хөлбөмбөгийн талбайд бэлтгэл хийхээр зам нь цухуйгаад гулгахад урамгүй байдаг. Хүмүүс ханш нээлээ гээд баяр­ладаг байтал бид харин  эсрэгээрээ шүү.

-Та хамгийн сайхан зүүдээ хэлэхгүй юу?

-/Инээв/ Нэвсийсэн цасан дунд эцэж цуцахаа мэдэхгүй гулгаж байна хэмээн зүүдлэх сайхан.

-Цанаар хичээл­лэснээр танд ямар өөрч­лөлт гарсан бэ?

-Цанын спорт хүнд тэвчээр, хатуужил суулгадаг. Эр хүн сурах л ёстой спортын төрөл. Тий­мээс залуучуудыг цанаар хичээллэхийг уриалж байна.  

-Таны хувийн дээд амжилт ямар түвшинд байгаа вэ?

-Жирийн бэлт­гэ­лийн үед 1500 метрийн зайд таван минутаас дээшгүй хугацаанд орж ирдэг. Харин Америкт болсон тэм­цээнд дөрвөн минут 27 секундын ам­жилтаар өөрийнхөө болон улсынхаа рекор­дыг шинэ­чилсэн. Зориулал­тын талбайд гулгахад ахиц гардаг юм билээ.

-Сочид болох өвлийн пара олимпод оролцохын тулд танд одоо хэдэн оноо хэрэгтэй байна?

-Цана, тэшүүрийн дэл­хийн аварга ирэх сарын 27-оос гурав­дугаар сарын 7-ны хооронд Швед улсад болно. Энэ тэмцээнд Дүгэрээ ах, Ж.Даш­дондог багш­тайгаа явахаар бэлтгэлээ хийж байна. Үүний дараа энэ жил Сочид болох Дэл­хийн цомын тэмцээнд оролцоно. Эдгээр тэм­цээнд өмнөх амжилтаа батлаж чадвал 2014 оны өвлийн олимпод оролцох эрхтэй болох юм. 

-Тэмцээн уралдаанд оролцох зардлаа хэр­хэн шийдэж байна. Ивээн тэтгэгчтэй болсон уу?

-Үндэсний шиг­шээ багийн ахлах Ч.Эрдэнэтуяа, Пара хол­бооны нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Үн­дэсний шигшээ багийн ахлах мэргэжилтэн О.Гэрэл нар их дэмждэг. Мөн Сургалт бэлтгэлийн төвийнхөндөө баярлаж явдгаа илэрхийлье.