Жиу жицу бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн мягмар гаригт Спортын төв ордонд болж 2013 оны аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 20 гаруй байгууллагын 100 гаруй тамирчин зодоглов. Улсын аваргын татамид эрэгтэй тав, эмэгтэй гурван жинд ширүүн өрсөлдөөнтэй болжээ. Энэ тэмцээнд дээгүүр байр эзэлсэн баг тамирчид АНУ-д зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Япон Улсад болох Азийн аваргад оролцох эрхтэй болно.
Жиу жицу барилдаан нь жүдо бөхтэй төстэй ч хэвтээ байрлалаас мэх авах боломжтой бөгөөд боох, хөл, гарт өчих зэрэг мэх хэрэглэдэг юм. Энэ удаагийн Улсын аваргын дэвжээнээ олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар нар зодоглосон нь тэмцээнийг улам сонирхолтой болгов.
Тэмцээний хамгийн хөнгөн 62 кг-ын жинд “Хүч”-ийн С.Батгал, 68 кг-ын жинд “Женко”-ын Ч.Болдбаатар, 76 кг-ын жинд МУБИС-ын Б.Батбаяр, -88 кг-ын жинд “Эрч”-ийн Д.Бат-Эрдэнэ,+88 кг-ын жинд “Женко”-ын Н.Түвшинбаяр нар оны улсын аварга болсон юм. Харин Эмэгтэйчүүдийн -56 кг-ын жинд “Хүч”-ийн Хандсүрэн, -64 кг-ын жинд “Хүч”-ийн Т.Баттөгс, +64 кг-ын жинд “Алдар”-ын гавьяат тамирчин Ц.Цэрэнханд нар улсын аваргын болзол хангажээ. Багийн дүнгээр “Хүч” спорт хороо нэг, “Женко” клуб хоёр, “Алдар” спорт хороо гуравдугаар байр эзэлсэн байна.