Ц.МЯГМАРБАЯР

 

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг тэсвэрлэх, сөрөн тэмцэх, угтуулан дасан зохицох нэг арга болох таван хошуу малыг нэг өрх их хэмжээгээр өсгөх боломжгүй болж буйг малчдын зарим нь захаасаа ойлгож, үйлдэл хийж эхэлсэн байна. Тухайлбал, Ховд аймгийн Мөнх-хайрхан сумын “Цаст ундарга” ТББ-ын тэргүүн, малчин Б.Алтантуяа ярихдаа” Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж манай нөхөр бид хоёр ярилцаад цаашдаа бог малын тоогоо нэг хэмжээнд тааруулж бод мал болох сарлаг, адуу хоёртоо түшиглэн орлого олох зорилт дэвшүүлсэн. Нэг айл 100-150  бог малтай байхаар шийдвэрлэж, 3-5 өрх нэгдэн малаа ээлжлэн хариулах, маллах хэлбэрт шилжиж байна. Ингэснээр, малчин эмэгтэйчүүд  бидэнд бусад ахуй амьдрал, эрүүл мэнд, нийгэмших,хүүхдүүддээ анхаарал хандуулах, халамжлах  цаг, зав их гарах боломжтой болно.

Малчин өрх бүр олон тооны мал малласнаар маш завгүй амьдарсаар ирсэн. Сүүлдээ малчдын эрүүл мэндийн байдал муудаж, нэмээд бэлчээрийн доройтол явагдаж малд уух ус, идэх ургамал хомс болж байна. Ер нь цаашид цаг агаарын нөхцөл байдал уур амьсгалын өөрчлөлт нэг айл таван хошуу малыг олноор нь маллах боломжгүй болж буйг анхааруулж байна. Тиймээс малыг төрөлжүүлж маллах цаг үе ирсэн гэж бид бодож шийдвэрээ гаргаж байлаа” гэсэн юм. Эднийх Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр БОУАӨЯ, ХХААХҮЯ хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2021-2028 онд хэрэгжүүлж байгаа "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөлд хамрагджээ. Ховд аймгийн малчин өрхүүдийн төлөөлөл. Өөрөөр хэлбэл, эднийх шиг олон өрх бусад малчдадаа ийнхүү  манлайлал үзүүлж байгалиа хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд угтуулан дасан зохицох үйлдлийг үзүүлж буй жишээ. Санаа сэтгэл, хүсэл зорилго нэг олон өрхүүд ийм маягаар  нийлж нийт 10 сая га газар нутгийг 6000 малчин өрхийн оролцоотойгоор байгалийн нөөцийг хамтын менежментийн зарчмаар тогтвортой хамгаалах зорилтод  нэгдсэн гэсэн үг. Мөн байгалийн нөөцийн хамтын менежментийн 300 нөхөрлөл засаглалын хувьд тогтворжин, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх чадвартай болсон байна.Түүнчлэн хамгийн багадаа 15 мянган малчин эдийн засгийн байдлаа нэмэгдүүлэх боломжоо ихэсгэсэн байна. Малчид малаа төрөлжүүлж, шийдвэр гаргалтад оролцож, орлогоо нэмэгдүүлснээр байгалийн нөөцийг зохистой ашиглах боломж нь нээгдэж уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг даван туулж байгаа аж.

 

Мал бэлчээрийн экосистемийг бүрдүүлэгч нь

 

Малчид нэгдэж нийлснээрээ бэлчээрээ зохистой ашиглаж уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах боломжтой гэж “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон”-ы тэргүүн, доктор Н.Ганхуяг ярив. 1940-2016 оны хооронд тасралтгүй хийгдсэн ажиглалт судалгаанаас үзэхэд манай улсын агаарын дундаж хэм 2.2°С-ээр нэмэгдсэн.1988 оноос эхлэн дулааралт эрчимжсэн. Малын гаралтай хүнсний хэт их хэрэглээнээс үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн асуудал, мал сүргийн байгаль орчин, эдийн засгийн тэгш бус байдал, тодорхойгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.Энэхүү тэгш бус байдал, тодорхойгүй байдал нь алслагдмал нутагт оршин суудаг ядуу малчдын ган зуд, байгалийн нөөц ашиглалттай холбоотой зөрчил маргааныг улам бүр нэмэгдүүлж байна” гэсэн юм. Мөн эдгээрээс шалтгаалж бэлчээрийн доройтлын шалтгаан болж байгаа гэлээ. Ялангуяа таван хошуу мал нь бэлчээрийн экосистемийн бүтэц, үйл ажиллагааны салшгүй хэсэг. Учир нь мал өвс идэж, ус ууснаар ногоон ургамлын органик нэгдлийг мах, сүү, болгон хувиргаж, хүнс, идэш тэжээлийн нэг эх сурвалж болдог тул байгаль дахь бодисын эргэлтэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Тиймээс малын тоог багасгаж бэлчээрээ зохистой ашиглах шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, малчид зохистой ашигласан бэлчээрийн экосистемээс малаараа дамжуулан авч буй бодит хэрэглээний шинжтэй үр өгөөж хүртэх нь чанаржина. Мөн амьдрах таатай орчин, оюун санааны тааламжтай байдлыг бий болгож  энэ нь нүүдлийн соёлын үйлчилгээний өгөөж улам үнэ цэнтэй болох юм.

 

Өндөр уулын бүсийн нэг хонь жилд 150 мянган төгрөгийн өвс иддэг

 

Тус холбооноос Ховд аймгийн өндөр уулын бүсийн сумдаас авсан судалгаагаар  өвсний үнэ цэн, малчин өрхийн хүнсний жилийн  хэрэглээ, түлшний тооцоо зэргийг тооцож гарын авлага гаргажээ. Жишээлбэл, нэг хонь жилд 150 мянган төгрөгийн өвс иддэг гэсэн тооцоо байна. Нэг кг өвсийг 300 төгрөгөөр тооцсон байна. Нэг өрхийн жилд хэрэглэх хүнсний хэрэглээг тооцоход 14 ямаа, 17 хонь ,нэг үхэр, тал адууны мах хэрэглээндээ зарцуулдаг байна. Мөн өдөрт хоёр шуудай аргал түлдэг гэж үзвэл энэ нь хоногт 10 мянган төгрөг, жилд 3.6 сая төгрөгийн түлш хэрэглэдэг тооцоо гарсан байна. Тэгэхээр хангайн бүсийн аймгийн малчид энэ тооцоололд үндэслэн малын тоо толгойгоо зохистой хэмжээнд маллах шаардлагатай аж.  Тооцоо судалгаагүй тоо томшгүй их мал хивэлтээрээ метан хий ихээр ялгаруулдаг, мөн бэлчээрийн доройтолд муугаар нөлөөлж уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлсөөр.

 

Их  хүйтрэлт 10 хоног үргэлжилдэг байсан бол  одоо 20 хоног болсон

 

Эрс тэс уур амьсгалтай Монголын өвөл эдийн засгийн алдагдлаас гадна алдагдсан боломжийн өртгөө тооцож үзвэл нэлээн нүсэр тоо гарч ирэх биз ээ. Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад 2023, 2024 онд тохиосон цаг агаарын эрс, тэс үзэгдэл зудын гамшиг  Монгол орны хувьд цаашид хэвийн,жил бүр тохиох үзэгдэл болохоор байгааг Дэлхийн банкны судалгаа харуулсан. Зудын гамшгаас хоёр он дамжсан нэг жилд 6.6 сая мал хорогдсон. Энэ нь манай улсын нийт мал сүргийн 10 орчим хувь нь юм. 2023 оны хаврын зудад нэрвэгдсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин Н.Янжинлхам ярихдаа “Өнгөрсөн өвөл 20 гаруй хоног нь -40 хэмтэй байсан нь малчдыг туйлдуулсан. Өвөл, хавар Завханы нутгаар 30 хоног -30 хэм, 20 гаруй хоногт нь -40 хэмд зарим үед хөрсөн дээр -48.9 хэм  хүрч цочир хүйтэрсэн нь цаг уурын мэдээнд тэмдэглэгдэн үлдсэн байнлээ. Намар эрт орсон хунгарласан их цас хайлмагтаж мөстсөн олон давхар хунгар гээд цагаан болон мөсөн зуд Их-Уул, Тосонцэнгэл сумд руу орох замыг хэдэн сар хааж, малын хөлийг таван сар шахуу тушсан. Урд өмнө үзэгдээгүй байгаль цаг уурын онцгой гамшиг болох цагаан болон мөсөн зудад манай Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумын малчид маш их хохирол амссан. Зарим нь отор нүүдлээр давсан даа. Зудтай хүнд цаг үед үлдсэн хэдэн малаа л аваад үлдчих юм сан гэж чармайсан. Энэ зун, намрыг зудын айдастай л давж  байна. Тухайн үед НҮБ-ын бэлэн мөнгөний тусламжаар гол төлөв малдаа өвс тэжээл авч байлаа. Энэ нь  цагаа олсон бодитой дэмжлэг байсан. Гэхдээ хувь малчны бэлтгэлээс их шалтгаална. Байгалийн давагдашгүй хүчний өмнө хэн ч мөхөстөх юм билээ. Энэ намар малчид малаа ерөнхийд нь их нядалж байна. Энэ ч зөв байх. Үхүүлж байхаар хэдэн төгрөг болгосон нь дээр байх. Цаашдаа малаа төрөлжүүлж өсгөх, амьжиргааны эх үүсвэр өөр зүйлээр орлуулж орлого олох аргад суралцах шийдвэрт хүрсэн” хэмээн ярьж байсан юм.

 

Улсаараа дадал зуршлын багц өөрчлөлт хийх шаардлага тулгарчээ

 

Уур амьсгалын нөлөөгөөр зуд турхан тохиох давтамж, эрчим нэмэгдэж Монгол орны илүү өргөн нутаг дэвсгэрийг хамрах төлөвтэй. Зуд энэ зууны дунд үе гэхэд Монгол оронд гурван жил тутамд нэг удаа тохиож, хүн амын тавны нэгийг бүрдүүлдэг малчдын аж ахуйд ихээхэн хүндрэл учруулж болзошгүй юм. Тэр дундаа, 10 малчин тутмын гурав нь ядуу амьдарч байгаа тул цаашид энэ төлөвөөр тэдний  амьжиргаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хот суурин газар руу шилжих шилжилт хөдөлгөөнийг хурдасгах сөрөг нөлөөг үүсгэхээр байна. Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд 0.1 хувиар нөлөөлөл үзүүлж 181 орноос 116 ордог хэдий ч 67 хувиар сөрөг нөлөөлөлд илүү өртдөг гэдэг. Хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн хийн  ялгаруулалт их байгаа нь уламжлагдан ирсэн мал аж ахуйн дадал зуршилтай холбоотой. Тиймээс улсаараа дадал зуршлын багц өөрчлөлт хийх шаардлага тулгарчээ гэж дэлхийн банкны Уур амьсгалын 2024 оны тайланд тэмдэглэжээ.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг угтуулан дасан зохицох, өөрөө дасан зохицох, төлөвлөгөөт дасан зохицох гэсэн гурван хэлбэрт хуваадаг. Аль хэдийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд бид өртөөд эхэлсэн. Харин одоо энэ өөрчлөлтөд угтуулан дасан зохицох арга хэмжээг авч байна. Энэ магадгүй гурав, арван жилийн дараа үр дүнгээ өгөх малчид өмнөхөөсөө бага хохирол амсана гэж тооцоолж байна хэмээн  “АДАПТ” төслийн харилцаа, холбооны зөвлөхөөр ажиллаж буй доктор, дэд профессор Ш.Оюунтуяа “Уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох мэдлэг мэдээлэл” сэдэвт илтгэлдээ онцолсон. Тэгвэл төсөл хэрэгжүүлж байгаа Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид угтуулан дасан зохицох арга хэлбэрийг ийнхүү сонгожээ. Магадгүй 3-10 жилийн дараа ирэх зудын гамшигт тэд одоо илүү хэрсүүжиж бэлтгэлээ хангах нь ойлгомжтой. Түүнчлэн төлөвлөгөөт дасан зохицох үйлдлийг бодлогоор хийж энэ ажлыг улс орон даяар нэвтрүүлэх хэрэгтэй гэв.

 

Гал түймрийн аюулд дасан зохицох чадвар тал хээрийн нутгийн малчдад л бий

Дорнод аймгийн хиймэл дагуулын мэдээгээр үзүүлсэн түймрийн зураглал /2023.05.02/

Дорнод аймагт 2023 оны хавар гуравдугаар сард үргэлжилсэн их түймрийн үеэр Чойбалсан сумын дугаар багийн дарга эмэгтэй сумын төвд эмчлүүлж байх үеэр түймэр гарсан мэдээг сонсоод гэртээ үлдсэн нөхөр хүүхдүүдээ санаа зовж сумын төвөөс 100 км-т  нутаглах гэр рүүгээ яаран довтолгожээ. Замдаа гэрээ шатсан бууриа харах вий гэхээс айж, хамт яваа хүмүүстээ ярьж явсан гэдэг. Түймрийн эрч яг тэдний хаваржааг дайрч гарахаар нөхцөлд байсан ч тэрээр заавал очно гэсээр очжээ. Гэвч түймэр тэдний гэрийн дэргэдүүр өнгөрч азаар  гэр нь шатаагүй үлдсэн байсан гэдэг. Яав, юу болов гэтэл тэдний гэрийн эргэн тойронд газар нь талхлагдаж халцарсан, зүлэг ногоогүй байсан нь ийнхүү галын эрч тэнд саарч түймрийн зүг өөрчлөгдөж өнгөрсөн байжээ. Хэдийгээр тэднийх гэрээ тойруулан түймрээс хамгаалах зорилгоор зурвас татаж хөрсөө сэндийлэх арга хэмжээ аваагүй ч хүүхдүүдийнх нь гэрээ тойрч тоглох зуурт ийнхүү талхлагдсан байсан нь азаар гэрийнхэн нь амьд мэнд гарах шалтгаан болжээ. Тэгэхээр байгалийн гамшгийн энэхүү үзэгдлээс урьдчилсан сэргийлэх монголчуудын уламжлалт аргууд болох гэрээ тойруулан хөрсийг нь талхлах, түймрийн өмнөөс  тогоогоо хөмөрч тавих, хүчтэй салхитай үед гэрийн тонноос ус дүүжлэх, хүнд чулуу уях зэрэг аргууд нь одоо цагт ч мөн л хэрэглэгдэх нь байгалийн гамшгийн эрсдэлийг даван туулахад тусална. Тус аймагт гарсан хээрийн түймэрт Гурванзагал, Чулуунхороот сумдыг хамран тархаж, түймрийн голомтод 200 орчим хүн, 27 автомашинтай ажиллажээ. Гурван суманд 20 орчим гэр, хашаа саравч түймэрт өртөж, түймэр унтраахаар ажиллаж байсан 10 алба хаагч галын улмаас гар сарвуу түлэгдэн, хайрагдаж сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Энэ жилийн тухайд ой, хээрийн түймрийн нэн эрсдэлтэй бүс нутаг болох ОХУ-тай хил дагуу Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байнгын эргүүл, жижүүрийг томилж ажиллаж байна гэж Дорнод аймгийн “АДАПТ” төслийн зохицуулагч Ч.Нэргүй ярьсан юм.

 

Дуут дохио өгөхөд томчууд толгой дээр бичгийн цаас бариад гүйдэг

 

ОБЕГ-ын ахмад ажилтан бэлтгэл дэд хурандаа Р.Ганбат гамшгийн эрсдэлээс хамгаалах чиглэлд 20 гаруй жил ажилласан. Тэрээр ярихдаа” Нийслэлийн нэг сургуулийн хүүхдүүдэд сургалт хийх гээд очих үеэр галийн хороо бүр дээр хүн хүрч болохооргүй газар байрлуулсан байсан. Яагаад ингэж байгаа юм бэ гэж захирлаас нь лавлахад доор тавихаар хүүхдүүд галын хорыг энд тэнд өнхрүүлж, өшиглөөд байхаар нь дээр байрлуулсан гэлээ. Энэ нь юу хэлж байна вэ гэвэл хүүхдүүдэд галын хор хөнөөлийн талаар мэдлэг, мэдээлэл олгоогүйтэй холбоотой. Сургалт хийсний дараагаар доор байрлуулсан нэг ч хүүхэд түүнд хүрээгүй” гэж ярьсан юм. Мөн газар хөдлөлтийн аюулын дохио дуугарахад 20 минутын дотор цугларах газартаа бүгд бэлэн ирсэн байх ёстой. Гэтэл нэг сургууль дээр үүнийг туршиж үзэхэд бага ангийн хүүхдүүд бүгд бэлэн ирсэн байхад ахлах ангийн хүүхдүүд амжаагүй. Ахлах ангийнхан дохио дуугарах үеэр  найз охиноо хүлээсэн, цүнхээ орхисон учраас буцаж гүйсэн гэх зэргээр шалтаг хэлж байсан. Тэгэхээр аливаа дадлыг багаас нь суулгавал илүү үр дүнтэй байгаа нь эндээс харагдаж байгаа юм гэв. ЕБС-ийн нэг давхар ихэвчлэн цонхны хаалт төмөртэй байдаг. Гэтэл гал гарах, газар хөдлөх үед хамгийн ойр нэг давхрын цонхоор гарах шаардлагатай байдаг. Түүнчлэн сурагчдын ширээ сандал гамшигт тэсвэртэй, шатдаггүй материалаар хийх  стандарттай. Манайд энэ стандарт хэрэгждэггүй. Газар хөдлөхөд хүүхдүүд ширээн доогуур орох ёстой гэдэг ч цөмрөх аюултай. Газар их хөдөлдөг, Япон, Турк улс стандартаа ягштал мөрддөг. Мөн толгой дээрээ хатуу хавтастай ном бусад зүйлээр хамгаалалт хийх ёстой. Гэвч манай томчууд бичгийн цаас толгой дээрээ бариад гүйдэг. Энэ бол хүүхдүүдэд муу үлгэрлэл. Тэгэхээр чанартай стандартын наад захын зөв дадал олгох сургалт зайлшгүй гэж ярьсан юм.

 

Энэхүү нийтлэлийг "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн уралдаанд зориулав.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25.  БААСАН ГАРАГ. № 77 (7574)