Базарбямбын НЯМСҮРЭН

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгсч, түүнийг оршуулах ёслолд бэлтгэх үйл явдлууд ид өрнөж байна.

Францис хамба 2013 оноос хойш 12 жил Ромын папын суудалд суусан, 266 дахь пап байв. Тэрээр Христийн дахин амилсан өдрийн баярт оролцсоныхоо дараа хорвоог орхисон юм. Тиймээс ч энэ насаа санваартны сахилд зориулж, эцсийн амьсгалаа дуусах хүртэл өөрийн хийх ёстойгоо хийж, бурхны өмнө үнэнч хэвээр байсаар хорвоог орхилоо хэмээн дэлхий нийтээр бахархан дурсацгааж байна.

Түүнийг оршуулах ёслол маргааш буюу бямба гарагт болно.

Ватиканы Гэгээн Петрийн сүмийн урд талбайд олон сая хүн цуглах бөгөөд олон нийтэд зориулсан арга хэмжээ өндөрлөсний дараа түүнийг Ватиканы гадна байрладаг Santa Mary Maggior-т нутаглуулах аж. Францис хамба амьд ахуйдаа өөрийг нь хаана оршоох газрыг сонгожээ. Ром хотын ойролцоо дөрвөн том сүм байдагийн нэг нь Santa Mary Maggior бөгөөд Францис пап энэ сүмд онцгой анхаарал хандуулдаг байжээ. Ромоос гадагш айлчлаад буцаж ирэх, эсвэл гадагш аялалд явах бүртээ заавал энэ сүмийг зорин ирдэг заншилтай байв. Тиймээс ч 2022 оны тавдугаар сард Гэгээн Мариягийн сүмийн ахлах санваартан Rolandas Makrickas “Гэгээн эцэг Та энэ сүмд ирэх дуртай. Магадгүй хэзээ нэгэн өдөр энд үүрд байхыг хүсч байсан уу?” хэмээн асуусан нь түүнд өмнө бодож байгаагүй бодлыг төрүүлсэн гэнэ. Энэ талаар Rolandas Makrickas “Би папаас хорвоог орхисныхоо дараа энд оршиж болох тухай та бодож байсан уу гэж асуухад тэр инээмсэглээд би огт бодож байгаагүй юм байна гэж надад хэлсэн. Гэвч хэдхэн хоногийн дараа тэр надад Би Гэгээн Марияг зүүдэлсэн. Тэр надад энэ амьдралынхаа дараа байх ёстой газар бол Гэгээн Мариягийн сүм гэдгийг хэлээд бэлтгэлээ эхлүүлэх дохио өгсөн. Чи зөнтэй юм аа” гэж надад хэлсэн хэмээн хэвлэлийнхэнд дурсжээ. Ариун Мэригийн сүмийг IV зууны үед барьсан бөгөөд Францис хамба энэхүү сүмийг өөрийн үүрд байх ариун газар болгон сонгожээ.

 

Папыг оршуулах ёслол 2000 жилийн түүхтэй

 

Католик шашинд папын суудлаасаа буух эсвэл насан эцэслэсэн тухай мэдээг хүргэх тусгай үүрэгтэй кардинал буюу Камерленгог урьдчилан томилдог уламжлал бий. Энэ дагуу Францис пап 2019 онд Америк гаралтай Кардинал Жозеф Кевин Фаррелийг сонгож, өөрийнх нь сүүлчийн амьсгалаа хураасан тухай мэдээг дэлхий нийтэд сонордуулах даалгаврыг үлдээжээ. Кардинал Кевин Фаррел даваа гарагт “Гэгээн эцэг бурхны зүгт одлоо” хэмээн дэлхий дахинд мэдэгдсэн. Тэрээр дараагийн Тэргүүн хамба тодрох хүртэл Ватиканы тэргүүний үүргийг түр гүйцэтгэнэ.

Ромын папын таалал төгссөн болон оршуулах ёслол хэрхэн явагддаг нь тийм ч нээлттэй байдаггүй. Тэгвэл 2000 гаруй жилийн түүхтэй ромын папын тодруулах болон оршуулах ёслолын зааварчилгаа гэж хэлж болохуйц 400 гаруй хуудастай эмхэтгэл байдаг аж. Францис хамбын оршуулах ёслолыг түүний өмнөх пап II Паулынхтай ойролцоо байхаар төлөвлөсөн бөгөөд хамгийн анхны Аргентин гаралтай пап учир олон зуун жил дагаж мөрдсөн оршуулах зан үйлд зарим нэгэн өөрчлөлт орохоор болжээ.

Тэрээр цайвар дотортой энгийн модон авсанд оршуулахыг хүссэн нь өмнөх папуудыг оршуулж байсан хар тугалга, царс модон авснаас энгийн сонголт болжээ. Гэсэн ч уламжлал ёсоор папыг гурван давхар авсанд хүндэтгэлтэйгээр байршуулах бөгөөд дотор нь зөвхөн пап хүний эдэлж хэрэглэж байсан малгай, хувцас эд зүйлсээс нь хийх аж. Уламжлалын дагуу Пап ламыг ариун усаар адисласны дараа нүүрийг нь цагаан торгоор бүтээх бөгөөд пап байсан жил бүрийнх нь тоогоор нэрийг нь сийлсэ зоосыг хамт оршуулдаг гэнэ.

Мөн өмнө нь Тэргүүн хамбатай салах ёс гүйцэтгэх ёслолд зориулан шарилыг авснаас гаргаж ил байрлуулдаг байсан бол Ромын пап амьд ахуйдаа энэ уламжлалыг хийлгэхгүй байхыг хүссэн ёсоор болгох аж.

Ромын паптай салах ёс хийх үйл ажиллагааг Кардиналуудын зөвлөлийн декан Кардинал Жованни Баттиста Рэ удирдах юм.

Тэрээр Пап ламыг Бурханд албан ёсоор даатгасан эцсийн залбирал, магтаал болон амьдралынх намтрыг уншсаны дараа шарилыг Гэгээн Мэри Майор руу шилжүүлэх юм байна. Үүний дараа Novemdiales гэгддэг есөн өдрийн гашуудлын хугацаа эхэлнэ.

Түүнийг оршуулах ёслолын үеэр папын эрх мэдлийг илэрхийлэх загасан дүрслэл бүхий бөгжийг ёслолын алхаар цохиж эвдэлдэг байна. Энэ нь католик сүм Пап ламгүй болж, конклав буюу кардиналууд шинэ Пап ламыг сонгодог нууц уулзалтад бэлтгэж байгаа чөлөөний үе эхэлснийг илэрхийлдэг аж. Нас барсны маргааш Кардиналын коллеж гэж нэрлэгддэг ерөнхий чуулган пап ламыг оршуулах ёслолын төлөвлөгөө болон залгамжлагчийг сонгох үйл явцын талаар ярилцдаг.

 

Ромын папыг оршуулах ёслолд хэн хэн оролцох вэ?

 

Пап Францис 1936 онд Аргентиний Буэнос Эйрос хотноо мэндэлсэн. Тиймээс ч Аргентин улс пап Францисын дурсгалыг хүндэтгэн хамгийн түрүүнд далбаагаа буулган, гашуудал зарласан улсын нэг. Өмнөд Америк гаралтай анхны пап учир Аргентин улс түүнд онцгой хүндэтгэл үзүүлдэг байв.

Бямба гарагт болох оршуулах ёслолд Уэльсийн гүн Уиллиам Их Британийн хаан Чарльзын нэрийн өмнөөс оролцохоо мэдэгдсэн. Чарльз хаан хэдхэн хоногийн өмнө хуримынхаа 20 жилийн ойгоор Ромын папад бараалхсан бөгөөд оршуулах ёслолд нь түүний хүү аавыгаа төлөөлөн оролцохоор болжээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп гэргий Милани Трампын хамт Италийг зорихоо мэдэгдсэн. Тэрээр Ромын папын дурсгалыг хүндэтгэн АНУ даяар төрийн далбааг бөхийлгөх зарлигт гарын үсэг зурсан бөгөөд пап болон шашны үйл ажиллагаанд гүн хүндэтгэлтэй ханддаг. Ватиканыг зорих дэлхийн удирдагчдын дотор Их Британийн Ерөнхий сайд К.Стармер, Францын ерөнхийлөгч Э.Макрон, Украины ерөнхийлөгч В.Зеленский, Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос, Бразилын ерөнхийлөгч Лула Силва нарын удирдагчид багтаж байна. “Ромын Пап Украинчуудын зовлон зүдгүүрийг хөнгөвчлөхийн төлөө залбирдаг, эв нэгдэлтэй энх тайван дэлхийн төлөө үргэлж дэмждэг байсан” гэж Зеленский Ромын Папын дурсгалд зориулан Х сүлжээнд бичсэн байсан. Харин Бразилын хувьд 100 сая гаруй католикчууд амьдардаг, католик шашны өлгий нутаг юм. Мөн Ромын папын таалал төгссөнд ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин эмгэнэл илэрхийлж, “Францис хамба Улаан өндөгний баяраар нь таалал төгссөн нь бурханд үнэнч байсаар ирсэний нотолгоо юм” хэмээсэн байна.

 

Шинэ Пап ламыг зарлахад цагаан утаа суунаглана

 

Онолын хувьд, баптисм хүртсэн католик шашинт ямар ч хүн Ромын папын төлөө нэр дэвшиж болно.  Гэвч бодит байдал дээр дараагийн папыг Кардиналуудын танхимаас сонгодог бөгөөд папын нас барснаас хойш 15-20 хоногийн дараа хуралдах ёстой. Одоогоор католик шашны 252 кардинал байдаг. 80-аас дээш насны Кардиналууд хэлэлцүүлэгт оролцох боломжтой ч санал өгдөггүй учир ердөө 135 нь л санал өгөх боломжтой аж. Уламжлал ёсоор шинэ папыг сонгох чуулган 15 хоногийн гашуудлын дараа эхэлдэг байна. Учир нь дэлхийн өнцөг булан бүрээс кардиналууд цуглаж дараагийн папыг сонгох асуудлыг хэлэлцдэг байна. Ватиканы хэд хэдэн шинжээчид Францисын залгамжлагчийг Европын гаднаас сонгогдох магадлалтай хэмээн үзэж байна. Учир нь  140 гаруй кардиналууд Европоос өөр газарт амьдарч байна.

Ромын шинэ папыг зарлах үйл явц өөрийн нарийн дэгтэй. Чуулга уулзалт хэрхэн өрнөж байгаа талаарх цорын ганц мэдээлэл бол санал хураалт бүрийн дараа саналын хуудас шатаах үед сүмийн яндангаас утаа суунагладаг аж. Хар утаа бүтэлгүйтсэнийг илтгэх бол цагаан утаа гарвал шинэ Пап лам сонгогдсон гэсэн утгатай.

Харин шинэ Пап лам сонгогдсоноосоо хойш нэг цагийн дотор Гэгээн Петрийн талбай руу харсан тагтан дээр гарч цугласан олонтой мэндчилдэг байна. Ахлах кардинал шийдвэрээ “Хабемус Папам” буюу латинаар “Бид шинэ Тэргүүн хамбатай боллоо” хэмээн зарлаж, шинэ папыг өөрийнх нь сонгосон санваартны нэрээр танилцуулдаг уламжлал бий. Түүхээс үзэхэд өнөөдрийг хүртэл 266 пап лам байснаас 217 нь Итали гаралтай байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25.  БААСАН ГАРАГ. № 77 (7574)