Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн.    Тэгвэл Засгийн газраас энэхүү хуулийн төслөө эгүүлэн татах албан бичгийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлжээ.   Хуулийн төслийг хэлэлцэх үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Үнэнээ хэлэхэд, бид нар аргагүйдчихээд байна. Замтай болъё, говийн бүсийнхэн устай болъё. Төмөр зам тавья,  хот байгуулъя, цэцэрлэг, сургуулийг иж бүрнээр нь шийдье гэхээр Засгийн газарт үүнээс өөр гаргалгаа байхгүй. Төсвөөр шийдэх боломжгүй, төсөв алдагдалгүй баталсан. Трампын тарифаас болоод гадаад орчинд хөрөнгө оруулалт хийх явдал хумигдсан, мөнгө үнэтэй болсон. Тиймээс гадагшаа валютаа гадагшаа гаргаад бэлэн бүтээгдэхүүн оруулж ирэх биш байгаа юмаараа солилцъё гэдэг логик явж байгаа. Бүтээн байгуулалт дээр гишүүд саналаа өгнө,  Засгийн газар дээр ямар хэмжээний бүтээн байгуулалтыг тэргүүнд хийх вэ гэдгээ эрэмбэлж байгаад хийх ажил, мөнгөн дүнгээ тохирно. Тэрэндээ өгөх бүтээгдэхүүнээ ганц нүүрс биш төрийн өмчийн оролцоотой компаниудын эзэмшиж байгаа бүтээгдэхүүн, өшөө нэмж бүтээгдэхүүн олборлох, хайгуулаар олох  гэсэн утга явж байгаа.  Тэндээс гарч байгаа бүтээгдэхүүнээ дахиад хил гааль дээрээ үнэлнэ" гэж байв. 

Эх сурвалж:www.polit.mn